Аймаг, дүүргийн сонгуулийн хороо, салбар комиссуудаа байгуулж, сонгогчдын нэрийн жагсаалтаа гаргаад, Төрийн тэргүүнээ тодруулах бэлтгэл ид дундаа өрнөж байна. УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслүүд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойхоо шийдэж, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлэхэд арваадхан хоногийн хугацаа үлдлээ.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртохын хэрээр улстөржилт, улайрал хэр хэмжээнээсээ хэтэрч байна. Хоёр бөх зодолдсон ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбон гөрдөж дөнгөх бохир пиарын урсгалд нийгэм хөл алдаж, худал, үнэн, хөл, толгой нь үл ялгагдах элдэв дуулиан шуугианаас олон нийт залхаж эхэлсэн энэ үед ҮХЦ анхаарал татахгүй байхын аргагүй, бүр жихүүдэс төрүүлэм шийдвэр гаргав.
…Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй болгож буйдаа биш, түүнийг нэр дэвшүүлэхийг хүсээгүй хүмүүст эргэлзээгүйгээр үйлчилсэндээ, хуульд захирагдаж бус, хэн нэгний таалалд нийцүүлж, төлөвлөгөөг нь хэрэгжүүлэх гэж хүч түрж байгаагаараа Цэцийн энэ шийдвэр жихүүдэс, айдас төрүүлэв…
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах үеэс өнөөг хүртэл хоёр жил орчим үргэлжилсэн, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж болно, болохгүй гэх маргааныг ҮХЦ өнгөрсөн баасан гарагт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх, доктор О.Мөнхсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 дахь заалт, 5.4, 5.6, 26.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг ҮХЦ-д гаргасан юм. Тэдний мэдээллийн агуулгыг тодруулбал, одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой заагаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн байв.
ҮХЦ-д хүргүүлсэн тэдний эл мэдээлэл ойрын өдрүүдийн төдийгүй энэ жилийн улс төрийн зурхайг өөрийнхөөрөө зурж, Монгол Улсын цаашдын замыг ч тодорхой хэмжээгээр заахуйц нөхцөл байдалд хүргэлээ. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан хамгийн том зохион байгуулалттай ажил, сонгуулийн үр дүнд хамгийн ихээр нөлөөлөх улс төрийн шийдвэр энэ байж мэдэх юм.
Эмх цэгцтэй, ойлгомжтойгоор зураглахын тулд болсон явдлыг цаг хугацаа, үйл явдлын дарааллаар дурдъя. Дээр дурдсан Т.Доржханд нарын гаргасан мэдээллээр маргаан үүсгэх, эсэхээс эхлээд ҮХЦ илт улстөржиж, гишүүд нь талцаж, хуваагдсан. Ирсэн мэдээлэл бүрт Цэц маргаан үүсгэдэггүй. Маргаан үүсгэхгүй, буцаах нь тэдний бүрэн эрх. Тиймээс Цэцийн гишүүдийн зарим нь “УИХ-аар баталсан хууль, тогтоомж Үндсэн хуульд нийцсэн, эсэхийг л ҮХЦ хянах үүрэгтэй. Түүнээс биш өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй гэсэн үг, өгүүлбэр хуульд оруулаагүй орхигдуулсан гэх мэт асуудлыг хянан хэлэлцэх ёсгүй. Т.Доржханд нар “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан” гэсэн утгатай мэдээлэл гаргасан нь ҮХЦ-ийн хянан хэлэлцэх маргааны төрөлд багтахгүй” хэмээж байв.
Гэтэл ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго Т.Доржхандын ирүүлсэн мэдээлэлд маргаан үүсгэсэн бөгөөд түүний эл шийдвэрийг ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэн. Цэцийн нэг гишүүн нөгөөгийнхөө гаргасан шийдвэрт эсэргүүцэл бичсэн тохиолдол үүнээс өмнө нэг ч гарч байгаагүй юм билээ. 1992 онд баталсан, ҮХЦ-ийн үйл ажиллагааг журамласан хуульд Цэцийн нэг гишүүний саналыг нөгөө нь эсэргүүцэх тухай заалт тусгасан ч энэ нь тийм ч зохимжтой зүйл биш гэж үздэг учраас 30 шахам жилд ганц ч ашиглаагүй зохицуулалтыг хэрэглэх хүртлээ тэд улстөржиж, талцсан хэрэг.
Ийнхүү улстөржиж, эсрэг, тэсрэг талуудад үйлчилсэн байж мэдэх хоёр гишүүнийхээ хоорондын маргааныг шийдэж, “Өмнө нь ажилласан болон одоо ажиллаж буй Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтыг хуульд оруулах ёстой гэсэн мэдээллийг ҮХЦ хүлээн авч, маргаан үүсгэх нь зөв үү, буруу юу” гэдэгт хариу өгөхөөр ҮХЦ бага суудлаа хуралдуулсан. Бага суудлын хуралдаан Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нарын бүрэлдэхүүнтэйгээр асуудлыг хэлэлцсэн нь мөн л холион бантан болов. Уг хурал эхний удаад тодорхой шийдэлд хүрээгүй бол хоёр дахь удаад нь “ҮХЦ-ийн Тамгын газрын хуульч, мэргэжилтнүүдийг багтаасан таван хүнтэй баг ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу хуралдаж, Б.Буяндэлгэр гишүүний ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад гаргасан саналыг хэлэлцээд, түүний санал үндэслэлтэй байна гэж үзсэн. Ингэснээр Т.Доржхандын мэдээллээр маргаан үүсгэсэн Д.Солонгийн тогтоол хүчингүй болсон” гэх мэдээллийг ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо өгснийг санаж буй байх. Өөрөөр хэлбэл, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нарыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтыг хуульд тусгах ёстой байсан гэх асуудлаар ҮХЦ-д маргаан үүсгэхгүй, Т.Доржхандын гаргасан мэдээллийг Цэц хэлэлцэхгүй гэх шийдвэрийг бага суудлаас гаргасан гэсэн үг.
Яг үүнтэй зэрэгцээд Ш.Цогтоог ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэж эхлэв. Улсын дээд шүүхийн саналаар, яг нэг өдөр, нэг цагт ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад жил хагас болсон бөгөөд олонхын захиалгатай байж тун болзошгүй маргаанд эсрэг, тэсрэг байр суурь баримталсан тэднээс Ш.Цогтоог сугалж чөлөөлсөн нь эргэлзээ, хардлага төрүүлэхгүй байхын аргагүй юм. Тэгэх тусмаа байнгын хороогоор Ш.Цогтоог чөлөөлөх талаар огт хөндөөгүй атал УИХ-ын нэгдсэн чуулганаар шууд түүнийг нэрлэн, чөлөөлсөн нь олонх, цөөнхийн дунд багагүй маргаан өрнүүлсэн. Эцэст нь, үнэмлэхүй олонх хүч түрэн шийдвэрээ гаргаж, Ш.Цогтоог чөлөөлсөн. Ингэж замаа цэвэрлэсэн Цэц дунд суудлын хуралдаанаа өнгөрсөн баасан гарагт зарлаж, Т.Доржхандын мэдээллээр Д.Солонгийн үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргав.
Маргаан үүсгэх тухай Д.Солонгийн тогтоол хүчингүй болсон, Т.Доржхандын гаргасан мэдээллийг ҮХЦ хэлэлцэхгүй гэсэн бага суудлын хуралдааны шийдвэр яасан бэ гэж үү. Бага суудлын хуралдаанд оролцсон гурван гишүүн буюу Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нар гурвуул гарын үсэг зурж, тамга дарж байж шийдвэр нь албажих ёстой атал Д.Одбаяр гарын үсгээ зураагүй гэнэ. Ингээд бага суудлын хуралдааны шийдвэр “будаа” болсон юм санж. Гурван гишүүний хоёр нь гарын үсгээ зурчихаад байхад гарын үсэг зураагүй нэгийн тааллаар шийддэг хачирхалтай зарчим ҮХЦ-д үйлчилдэг аж.
Ингээд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.1.2 дахь заалт болон 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн, түдгэлзүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэж тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Бүр тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас дүгнэжээ.
Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй болгож буйдаа биш, түүнийг нэр дэвшүүлэхийг хүсээгүй хүмүүст эргэлзээгүйгээр үйлчилсэндээ, хуульд захирагдаж бус, хэн нэгний таалалд нийцүүлж, төлөвлөгөөг нь хэрэгжүүлэх гэж хүч түрж байгаагаараа Цэцийн энэ шийдвэр жихүүдэс, айдас төрүүлэв. Эргэлзээтэй, тэр тусмаа Үндсэн хууль зөрчсөн байж мэдэх асуудлыг хянаж, нэг тийш болгох нь ҮХЦ-ийн хийх ёстой ажил, үүрэг. Харин илт улстөржсөн, нэг талд үйлчилсэн алхмуудыг бусадтай хамсан хийж яагаад ч болохгүй. ҮХЦ нь хүртэл бохир, хүч түрсэн улстөрчдийн гар хөл болж, тэдний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцоод явчихвал бид хэндээ итгэж найдах билээ.
Бэлтгэсэн: А.Амина