Парламентыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, дүгнэлт гарган зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулах эрхтэй УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анх удаа дүрэмтэй болов. Улмаар УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтжээ.
…Бараг л юм бүхэнд хутгалдаж, хянаж, шалгах эрхээ өргөтгөж, шүүхтэй хүртэл эрх мэдэл булаацалдах хэмжээнд хүрэх вий гэсэн болгоомжлол төрүүлж буй өнөөгийн парламентын эрх дэд хороондоо хүртэл тэлэх нь. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэмд заасанчлан гишүүд нь албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар, тодруулга авах, хуралдаандаа гэрч, шаардлагатай этгээдийг дуудан оролцуулах, тодорхой асуудлаар хяналт, шалгалт явуулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулах гэх мэт хэтийдсэн эрх энд бүрэлдэх нь бололтой…
Түрүүчийн парламентын үед сөрөг хүчин АН-ын бүлгээс УИХ өөрөө тарах санаачилга гарган, гишүүдээс гарын үсэг цуглуулсныг эс тооцвол манай хууль тогтоох байгууллагын түүхэнд хугацаанаас нь өмнө тараах, эсэх асуудал тэр бүр хөндөгдөж байсангүй. Харин УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах, эсэхтэй холбоотой асуудал цөөнгүй гарч байлаа. Тухайлбал, Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, хэд хэдэн гишүүнд холбогдох саналыг Улсын ерөнхий прокуророос парламентад илгээсэн ч татгалзан, авч үлдсэн юм. УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг зөвхөн ерөнхий прокурор парламентад оруулах эрхтэй.
Харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахдаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд үндэслэх ёстой. Тодруулбал, Үндсэн хуулийн 66.2.4-т “Үндсэн хуулийн цэц нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа, эсэх талаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна” гэж заасны дагуу гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд боломжтой гэсэн үг. Мөн Цэц гишүүнийг тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол тухайн гишүүнийг эгүүлэн татах юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол түүнийг эгүүлэн татахаар хуульчилсан.
Тэгвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлаар ямар нэг албан тушаалтан, тодруулбал, ерөнхий прокурор санал ирүүлээгүй байсан ч хэлэлцэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэмд тусгажээ. Улмаар тус дэд хороо эл чиг үүргийг хэрэгжүүлэхдээ холбогдох байгууллага, албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар, тодруулга авах, холбогдох судалгаа хийлгэх, хуралдаандаа гэрч, шаардлагатай этгээдийг дуудан оролцуулах, тодорхой асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалт явуулах үүрэгтэй ажлын хэсгийг дангаараа болон хамтарсан хэлбэрээр байгуулах эрхтэй болж буй юм.
Энэ нь юуны түрүүнд, хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн сонгуулийн үеэр баривчилсантай холбоотой болохыг тус дэд хорооны дарга Н.Энхболд тайлбарласан. Ж.Эрдэнэбат нь энэ удаагийн парламентад улиран сонгогдсон бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг яллагдагчаар татсаны зэрэгцээ шүүхийн дуудсан цагт ирээгүй, шүүн таслах ажиллагааг хүндэтгээгүй, саад учруулсан гэж үзэж, 2020 оны ээлжит сонгуулийн кампанит ажлынх нь үеэр цагдан хорьсон юм. Тухайн үед ч үнэмлэхүй олонхыг бүрдүүлэн, эрх барьж байсан МАН-ынхан нэг нэр дэвшигчээ шоронгоос сойхыг хүсээгүй ч ерөнхий прокурор санал ирүүлээгүй гэдэг шалтгаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг парламентаар хэлэлцэж чадаагүй билээ.
Ерөнхий прокурор саналаа ирүүлээд ч гишүүдээ барагтай л тавьж явуулдаггүй парламентын тавхан (УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо парламентад хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрддэг) гишүүнтэй дэд хороо хууль тогтоогчдын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг ийнхүү санаачилгаараа хэлэлцдэг болох нь. Бараг л юм бүхэнд хутгалдаж, хянаж, шалгах эрхээ өргөтгөж, шүүхтэй хүртэл эрх мэдэл булаацалдах хэмжээнд хүрэх вий гэсэн болгоомжлол төрүүлж буй өнөөгийн парламентын эрх дэд хороондоо хүртэл тэлэх нь. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэмд заасанчлан гишүүд нь албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар, тодруулга авах, хуралдаандаа гэрч, шаардлагатай этгээдийг дуудан оролцуулах, тодорхой асуудлаар хяналт, шалгалт явуулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулах гэх мэт хэтийдсэн эрх энд бүрэлдэх нь бололтой. Магадгүй Үндсэн хууль, УИХ-ын тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжоос давсан дүрэм тус дэд хороонд үйлчлэх гэж байх шиг. Хэдийгээр зарим зүйлийг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт болгон оруулна гэж байгаа ч Үндсэн хуульдаа захирагдах учиртай. Энэ нь эргээд Үндсэн хуулийн зөрчил дагуулахгүй гэх баталгаа алга.
Хууль тогтоогчид гэлтгүй, төрийн бусад өндөр албан тушаалтан, шүүгч зэрэгт ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбоотойгоор тодорхой хэмжээнд “халдашгүй” байдаг нь олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж тогтсон. Тэр ч битгий хэл үүнийг “хууль тогтоогчдын үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулах зорилгод чиглэсэн ардчилсан тогтолцооны цөм” хэмээн тодорхойлдог. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд хууль тогтоох байгууллагад эрүүгийн болон иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх эрсдэлгүйгээр чөлөөтэй үг хэлэх, нэр төрийг нь аливаа гүжир гүтгэлгээс хамгаалах, тохиолдлын байдлаар албадан саатуулах, цагдан хорих, улс төрийн сэдэлтэйгээр мөрдөж мөшгөхөөс сэргийлэх л зорилготой. Өөрөөр хэлбэл, хуулийн ийм хамгаалалт нь тэдэнд давуу байдал олгосон хэрэг огтхон ч бус, гагцхүү хууль тогтоох үүргээ саадгүй гүйцэтгэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм. Харамсалтай нь, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх цөөнгүй саналыг парламент хүлээж авдаггүй, татгалзсаар ирсэн нь энэ ойлголтыг гажуудуулахад хүргэсэн гэхэд болно. Тиймдээ ч халдашгүй эрхтэй, хуулийн хамгаалалтад орохын тулд ямар ч хамаагүй үнээр УИХ-ын гишүүн болж, парламентыг “хоргодох байр” болгож байна гэх шүүмжлэл гардаг. Үнэхээр ч гишүүд гэмт хэрэгт сэжиглэгдсэн ч халдашгүй эрхээрээ мөрдөн шалгах ажиллагаанаас хамгаалагдсан хэвээр байгаа нь нууц биш.
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо албан тушаалтны бичиг, санал хүлээлгүй хэлэлцэх гэж байгаа бол муугүй хэрэг. Гэвч тэд олны хүлээлтэд хүрч ажиллаж чадах уу. Жишээ нь, түрүүчийн парламентын зарим гишүүнийг ЖДҮХС-гаас хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авсан хэрэгт холбогдуулан шалгах гэхэд УИХ тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд, авч үлдсэн. Энэ мэт олны дургүйцлийг илт төрүүлсэн хэрэг, явдалд холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг хөндөж, анхааруулах хэмжээнд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санаачилгатай, шударга ажиллаж чадах уу. Мөн үнэмлэхүй олонх бүхий парламентад энэ эрх нь сөрөг хүчин, цөөнхийн гишүүдийг ямар нэг байдлаар айлгах, дарамтлах арга хэрэгсэл болчих вий гэсэн болгоомжлол зүй ёсоор төрж байна. Цөөнхийн гэлтгүй дотроо хөлөө жийлцэж, хагаралддаг арвин түүхтэй МАН-ынхан бие биенээ, бүлэглэл фракцаа намнах дамжлага нь энэ дэд хороо болохгүй гэх баталгаа байна уу.