Энэ жилийн хувьд Монголын улс төрийн уур амьсгалыг “халаах” гол үйл явдал нь Ерөнхийлөгчийн сонгууль. Зун болох сонгуулийг угтсан улстөржилт, хар, цагаан пиар аль хэдийн эхэлж, УИХ-д суудалтай намуудаас нэр дэвших боломжтой хэмээн нэрлэж буй, битүүхэн горьдлого тээсэн хүмүүс өөрийгөө магтах, өрсөлдөгчөө намнахаар уйгагүй оролдож байгаагаас энэ нь тодорхой харагдана. Хөөсөрсөн их мэдээллийн үерт түрлэг нэмэх, хэнд ч хэрэггүй, шуугиануудаас олон нийт залхах болсон энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй, эсэхтэй холбоотой асуудал ҮХЦ-д өндрөө авсан нь харин сонирхол татахуйц сэдэв болж мэдэх нь.
Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байх чин хүсэл эрх баригч намд бий нь нууц биш. Түүнийг нэр дэвшүүлэхгүй байх ажлыг ч их эртнээс төлөвлөж хийсэн байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг оруулахдаа ажлын хэсгийнхэн өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх талаас багагүй анхаарч байв. Тиймээс эл зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн жилээс эхлүүлэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаагаар хоёр удаа сонгогдох боломжтой байхаар хуульчилсан өмнөх Үндсэн хуулийн заалт өнөөгийн Ерөнхийлөгчид бүрэн үйлчлэхээр тооцож байв. Гэвч хэлэлцүүлгийн үеэр үүнийг сэм өөрчилж, Ерөнхийлөгчид нэр дэвшихтэй холбоотой Үндсэн хуулийн шинэ зохицуулалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөхөөр болгож наашлуулсан нь товчхондоо “хуулийн хулгай” байсан билээ.
Ихээхэн хоржоонтой хуулийн энэ зохицуулалтыг тухайн үедээ олон нийт бүү хэл Ерөнхийлөгч өөрөө ч анзаараагүй өнгөрөөсөн байдаг. Дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох өмнөх Үндсэн хуулийн боломжийг өнөөгийн Ерөнхийлөгчид эдлүүлэхээр тооцсон нь үгүй болохтой зэрэгцээд зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогдох эрх Х.Баттулгад бий, эсэх, эсвэл дуусаж буй бүрэн эрхийн дөрвөн жилээ хоёроор сунгаж зургаан жилээ гүйцээх ёстой гэх мэтийн эргэлзээтэй олон асуудал босож ирээд байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш үргэлжилж буй эл асуудал өнөөдөр ч хариултгүй, бүрхэг хэвээр, хуульчид, хууль тогтоох байгууллагын гишүүд ч нэгдсэн байр суурьгүй, хоёр талд гацчихаад буй.
Эл ойлгомжгүй байдлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар эцэслэх болов уу гэсэн хүлээлт талаар болж, асуудал ҮХЦ-ийг бужигнуулах хэмжээнд өндрөө аваад байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх, доктор О.Мөнхсайхан нар одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан иргэд дахин нэр дэвших эрхгүй гэж үзэн, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой заах ёстой гэсэн мэдээллийг ҮХЦ-д гаргасан. Тэдний мэдээлэл энэ жилийн улс төрийн гол үйл явдал хэрхэн өрнөхийг өөрийнхөөрөө зурах үүргийг ҮХЦ-д ногдуулахын зэрэгцээ Үндсэн хуулийн шүүхийг өнөө хаврын улстөржилтийн төв цэг болгож, гал өрдөв.
Ямагт төвийг сахиж, Үндсэн хуулиа хамгаалан ихэмсгээр орших ёстой Цэц хавиар хөл хөдөлгөөн, маргаан мэтгэлцээн, талцал тэмцэл эрс ихэссэн сурагтай. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт бага суудал хуралдсан ч амжилтгүй болж, гишүүд нь санал нэгдэж чадалгүй тарсан байна. Хурлын уур амьсгал нь асуудлаа шийдвэрлэх гэхээсээ илүүтэй улстөржсөн шинжтэй байсан гэх.
Юу болсныг тодруулбал, Т.Доржханд нарын гаргасан мэдээллээр маргаан үүсгэх, эсэхээр ҮХЦ-ийн гишүүд талцаж хуваагдан, илт улстөржжээ. Цэцийн гишүүдийн зарим нь “УИХ-аар баталсан хууль, тогтоомж Үндсэн хуульд нийцсэн, эсэхийг л ҮХЦ хянах үүрэгтэй. Түүнээс биш өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй гэсэн үг, өгүүлбэр хуульд оруулаагүй орхигдуулсан гэх мэт асуудлыг хянан хэлэлцэх ёсгүй. Т.Доржханд нар “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан” гэсэн утгатай мэдээлэл гаргасан нь ҮХЦ-ийн хянан хэлэлцэх маргааны төрөлд багтахгүй” гэж.
Гэтэл ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго дээрх мэдээлэлд маргаан үүсгэсэн бөгөөд түүний эл шийдвэрийг ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэн. 1992 онд шинэ Үндсэн хууль баталж, ҮХЦ-ийг байгуулан, үйл ажиллагааг нь хуулиар журамласан. Журамласан хуульд Цэцийн нэг гишүүний саналыг нь нөгөө нь эсэргүүцэх тухай заалт тусгасан ч төдийгөөс өдий хүртэл энэ зохицуулалтыг хэрэглэсэн удаа үгүй. Учир нь хуульчид үүнийг тийм ч зохимжтой заалт биш гэж үздэг аж. 30 шахам жилд ганц ч ашиглаагүй, бараг мартаж орхисон заалт Ерөнхийлөгчийн сонгууль угтсан дүйвээнээр ийнхүү “амь орсон” байна.
Уг заалтыг ашиглан Т.Доржхандын мэдээллээр маргаан үүсгэсэн Д.Солонгын эсрэг зогссон Б.Буяндэлгэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн, өөрийг нь Х.Баттулга санал болгон ҮХЦ-ийн гишүүнээр томилуулсан болохоор түүний төлөө ажиллаж байна гэх. Түүний эсрэг дүрээр тодроод буй Д.Солонгын тухайд ч ҮХЦ ийн гишүүнээр ажиллах хугацаа нь дуусаж, Хөх хотод суух консулаар томилогдох тохироогоо хийсэн, үүнийхээ төлбөрт эрх баригч намд үйлчилсэн гэсэн хардлага дагуулж байна.
Ийнхүү улстөржиж, эсрэг, тэсрэг талуудад үйлчилсэн байж мэдэх хоёр гишүүнийхээ хоорондын маргааныг шийдэхээр ҮХЦ бага суудлаа баасан гарагт хуралдуулсан ч тоймтой шийдвэр гаргаж чадаагүй талаар дээр дурдсан. “Өмнө нь ажилласан болон одоо ажиллаж буй Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтыг хуульд оруулах ёстой гэсэн мэдээллийг ҮХЦ хүлээн авч, маргаан үүсгэх ёстой байсан уу” гэдгийг шийдэх зорилготой дээрх хуралд Д.Солонго, Б.Буяндэлгэр нарыг оролцуулаагүй бөгөөд Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нарын бүрэлдэхүүнтэйгээр асуудлыг хэлэлцжээ. Гэтэл мэдээлэл гаргагч Д.Үүрцайх “Ш.Цогтоо Ерөнхийлөгчийн хүн тул түүнээс татгалзаж байна” хэмээн мэдэгдсэн. Харин нөгөө талаас “ҮХЦ-ийн бага суудлын хуралдаанаар Д.Үүрцайхын гаргасан мэдээллийг хэлэлцэх гээгүй. Маргаан үүсгэсэн нь үндэслэлтэй юү, үгүй юү гэсэн дотоод маргаанаа хэлэлцэх гэж байгаа. Д.Үүрцайх бага суудлын хуралдааны оролцогч биш учраас Ш.Цогтоогоос татгалзах боломжгүй. Үүнийг мэдсээр байж улстөржүүллээ” гэсэн тайлбар хийв.
Ийм л холион бантан шиг үйл явдлаар ҮХЦ тойрсон хаврын улс төр өрнөж эхэллээ. Хөндлөнгөөс харахад энэ холион бантанд оролцож буй бүх талд улстөржсөн нөхөд бий. Т.Доржханд тэргүүтнүүд эрх баригч намын даалгавраар яваа гэдэг нь эртнээс ил болсон талаар хэвлэлүүд бичиж байгаа. Цэцийн гишүүдийн тухайд Т.Доржхандын мэдээллээр маргаан үүсгэсэн, түүнийг эсэргүүцсэн аль аль нь улс төрийн зорилготой гэсэн хардлага үндэслэлгүй биш.
Өчигдөр ҮХЦ-ийн бага суудал дээрх асуудлаар дахин хуралдаж, Д.Солонгын гаргасан маргаан үүсгэх тогтоолыг хүчингүй болгосон. Ингэснээр Т.Доржханд нарын гаргасан мэдээллээр Цэц маргаан үүсгэж хэлэлцэхгүй болж буй ч Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших, эсэх асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн. Тэгэхээр асуудал ингээд дуусахгүй нь тодорхой юм. Хачин хачин үйл явдал үүгээр тогтохгүй үргэлжилж, ҮХЦ энэ хаврын улстөржилтөөр урьд өмнө үзээгүй юмаа үзэж мэдэх дэг. МУИС-ийн багш, Үндсэн хуулийн эрх зүй судлаач, доктор А.Бямбажаргал “Нүд орой дээр гаргах” олон үйл явдал энэ хавар өрнөх бололтой. Цэцэд өрнөж буй үйл явдал эрээ цээрээ алдаж байна” хэмээн дуу алдсан байна билээ.
Бэлтгэсэн: А.Амина