“Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцогдон, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1-3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хасуулж, мөн хугацаагаар хорих ял шийтгүүлээд буй яллагдагч Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөв. Ингэснээр 2020-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх парламент “элэг бүтэн” болсон ч хууль тогтоох байгууллагад нэгэн таагүй жишиг тогтож, шүүх засаглалын хувьд түүхэнд тэмдэглэгдэх хар өдөр тохиолоо.
…Газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа тунхагласан манай улсын Ерөнхий сайд ийм шийдвэр гаргаад, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг зохион байгуулж, өөртөө болон хамаатан садандаа давуу байдал бий болгон, стратегийн орд газруудаас хулгайлаад байх зүгээр үү. Хойшид түүнтэй адил үйлдэл гаргасан хүмүүсийг ч ингэж хамгаалах уу…
Ерөөс Ж.Эрдэнэбат Монголын төрд урьд үзэгдээгүй, хожид ч битгий үзэгдээсэй гэмээр нэг бус жишиг тогтоож яваа юм. Тэр бол шоронгийн өрөөнөөс УИХ-д сонгогдсон Монголын анхны хүн. Бас хоёр шатны шүүхээс хорих ял сонссон, хэрэг нь эцэслэгдээгүй, яллагдагч гэсэн статустай хэрнээ тангараг өргөсөн эхний гишүүн боллоо. Цаашид ялтай, эсэх нь тодорхойгүй, хачирхалтай статустайгаар хууль тогтоох ажилд оролцоод явах нь.
Түүнийг тангараг өргөх гэж байхад Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд оролцон “Ж.Эрдэнэбат хар залуугаараа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдын алба хашсан. Хариуцлагаа ухамсарлах хэмжээний төрийн өндөр албан тушаалууд хашиж явсан хүний хувьд, ёс зүйн үүднээс тангараг өргөхөө жаахан хүлээж болохгүй юу. Шүүхээр шийтгэгдэж, эрүүгийн хэрэгт холбогдсон, асуудал нь эцэслэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу. Тэртэй тэргүй УИХ-ын гишүүдийн талаас илүү нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж хамгаалагддаг явдал хавтгайрлаа” гэсэн. Мөн Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг хойшлуулах саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Мэдээж парламентын үнэмлэхүй олонхыг бүрдүүлж, хүчиндээ хэт эрдсэн эрх баригч намынханд түүний үгийг үг гэж тоох хүн байхгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар баахан хуулийн заалт уншиж, “Шүүх бусармаг үйлдлээ таслан зогсоосон тул…” хэмээн тунхагласнаар Ж.Эрдэнэбат тангараг өргөв. УИХ-ын гишүүний тангаргийг сийрүүлбэл “Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээсэн байх аж. “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээр буруутгагдсан этгээд ялаасаа зугтаж ирээд ийм тангараг өргөхийг харах нь ёстой л “тавилан юм даа”.
Тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоол батлагдсанд тооцдог хуультай. Хэдхэн хоногийн өмнө хорих ангид ялаа эдэлж суусан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хэмээх бат хамгаалалтад орчихож байгаа нь энэ. Эл бат бэх цайзын ард амиа хоохойлж, хэргээ замхруулсан жишээ олон болохоос биш үнэн зөвөөр шийдүүлж, тохирох шийтгэлээ хүлээсэн хүн байхгүйтэй адил. УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр хамгаалуулсан Ж.Эрдэнэбатын албан тушаалын хэрэг ч тэр замаар орон замхарч, яваандаа огт гэмгүй байж хоригдсон хохирогч болж хувирах биз.
Ж.Эрдэнэбатыг батлан даалтад гаргасныг гэмгүй байсан нь нотлогдож, цагаадан суллагдаж буй мэтээр ярьж, бичих, олон нийтэд ийм ойлголт төрүүлэх пиар олон нийтийн сүлжээнд идэвхтэй явж буй. УИХ-ын дарга хүртэл сөрөг хүчнийхний дуу хоолойг боож, микрофоныг нь хааж байгаад, ямар ч өрсөлдөгчгүйгээр улс орон даяар ярихыг нь хуулиар зөвшөөрсөн төрийн өндөр сэнтий дээрээс “Шүүх бусармаг үйлдлээ таслан зогсоосон тул…” хэмээн зарлаж байна. “Ж.Эрдэнэбат буруугүй хэрнээ хилсээр хоригдсон. Шүүх буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч, түүнийг гэмгүй гэж үзээд сулласан” гэсэн мессежийг түмэн олонд ил, далд аргаар өгч, үнэнийг төөрөлдүүлэхээр дээр, дооргүй оролдож буйн илрэл гэж үүнийг харж болох юм.
Угтаа Дээд шүүх Ж.Эрдэнэбатыг гэмгүй гэж үзээд, хорих ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон, эсвэл цагаатгасан юм биш. Өмгөөлөгч, МАН-ын нэр бүхий гишүүдийн удаа дараа тавьсан, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалд халдсан гэсэн гомдолд үндэслэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан юм. Тодруулбал, өмнөх парламентад сонгогдон ажилласан бүрэн эрх нь дуусаагүй, дараагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ СЕХ-ноос авч, үнэмлэхээ өвөртөлсөн үед нь баривчилж, цагдан хорьсон нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр түүнийг суллуулахаар өмгөөлөгч болон УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд оролдсоор санасандаа хүрээд буй. Түүнээс биш Ж.Эрдэнэбатыг буруутган ял оноосон нь үндэслэлгүй, буруу, хилс байсан гэсэн дүгнэлт, шийдвэрийг хаанаас ч гаргаагүй. Эсрэгээрээ шат шатны шүүх түүний үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шийтгэсэн.
Ж.Эрдэнэбат газрын хэвлийн баялгийг хулгайлж авах маш ноцтой, бүр эрээ цээргүй шийдвэр гаргасныг хүмүүс хараахан мартаагүй байх. Тодруулбал, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах үеэр цуцалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн оронд өөр газар дүйцүүлэн олгох дүйвээнд Ерөнхий сайд хүнээс гарамгүй үйлдэл хийсэн билээ. Тэр Ерөнхий сайдын албанаас огцорч, үүрэг гүйцэтгэгч болонгуутаа Нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол тогтоох тухай Засгийн газрын 256 дугаар тогтоолыг яаран сандран баталсан. Ингэхдээ “Элбэг орд” хэмээх компанийн Тост, Тосон бумбын нуруунд эзэмшиж байсан “Улаан сайр” нэршилтэй талбайн тусгай зөвшөөрлийн оронд Өмнөговь аймгийн Хүрмэн сумд XV020923 дугаартай “Улаан сайр 1”, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд XV020922 дугаартай “Улаан сайр 2” гэсэн хоёр тусгай зөвшөөрөл өгсөн. Ямар ч хайгуул хийгээгүй, нөөцтэй, үгүй нь тодорхойгүй “үхмэл” тусгай зөвшөөрлийн оронд стратегийн ордод хоёр тусгай зөвшөөрөл олгоод, нэгийг нь төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг компани руугаа шилжүүлэн авсан байдаг. Тэгээд түүнийгээ “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд дамлан зарсан нь нэгэнт тодорхой болоод буй.
Мөн Нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол тогтоох тухай Засгийн газрын 256 дугаар тогтоолын үйлчлэлд яагаад ч хамрах боломжгүй “Азаргын гол чонот” хэмээх компанийг хамруулж, найман тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр ч Ж.Эрдэнэбатынх. Хар залуугаараа төрийн өндөр алба хашиж, сайн, мууг нь тэнцүүхэн сурсан туршлагатай хүн байгалийн баялаг хуваарилахтай холбоотой, үг, үсэг бүрийн ард тэрбум, тэрбумын асуудал яригдах энэ шийдвэрүүдэд санамсар, болгоомжгүй, учрыг нь мэдэхгүйгээр гарын үсэг зурна гэж үү. Энгийн хүний зүгээс харахад эргэлзэхээс, хардахаас аргагүй олон асуудал бий. Шат шатны шүүх ямар ч гэмгүй хүнийг яллах гэж улайрсан гэдэгт ч итгэх аргагүй.
Харин эрх баригч намынхан экс Ерөнхий сайдаа суллаж, шүүхийн шийдвэрийг бусармаг гэж зарлан, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалаад авлаа. Газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа тунхагласан манай улсын Ерөнхий сайд ийм шийдвэр гаргаад, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг зохион байгуулж, өөртөө болон хамаатан садандаа давуу байдал бий болгон, стратегийн орд газруудыг хулгайлаад байх зүгээр үү. Хойшид түүнтэй адил үйлдэл гаргасан хүмүүсийг ч ингэж хамгаалах уу гэсэн асуултад эрх баригчид хариулах хэрэгтэй байна.
Уг нь Ж.Эрдэнэбат ёс зүйтэй, зарчимтай төрийн хар хүн байсан бол, өөрийгөө буруугүй гэдэгт бүрэн итгэж буй бол хууль тогтоох байгууллагыг ч, шүүх засаглалыг ч ийм их хардлага, сэрдлэгт өртүүлж, олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгэхгүй, ингэтлээ үхэн хатан чичирч, хамгаалалтад орохоор улайм цайм зүтгэхгүй байсан сан. Ёс журмын дагуу асуудлаа нэг мөр шийдүүлэн буруугүйгээ батлаад, цагаатгалын шийдвэр бариад ирсэн бол өөрт нь ч нүүр бардам, хүлээн зөвшөөрөгдөх, итгэл хүлээх байдлаа алдаж, хөөрхийлөлтэй байдалд орсон УИХ, шүүхийн байгууллагын нэр хүндэд ч халгүй байх байв. Гэвч тэгсэнгүй. Шүүх буруу шийдвэр гаргадаг, захиалгаар ажилладаг, УИХ хулгайчдыг хамгаалах газар болсон гэх ойлголт улам дэвэрч, төрийн нэр хүнд унахыг тэр тоосонгүй. Өөрөө л хамгаалагдаж байвал бусад нь яах нь түүнд хамаа байсангүй, харамсалтай.