АН-ын даргын сонгуулийн зардал 1.1 тэрбум төгрөг гэнэ. Үүнийг нэр дэвшигчид нь гаргах ёстой. Намынхаа даргын төлөө өрсөлдөх шаардлагыг эхний ээлжид хангасан 16 хүн тус бүр 74.7 сая төгрөгийг 24 цагийн дотор буюу өчигдрийн 17.00 цаг гэхэд тушаах байсан ч зарим нь нэрээ татсанаар мөнгөн дүн нэмэгдэж, 93.4 саяд хүрэв. Энэ мөнгө өсөж, нэр дэвшигчдээс нэмж хэдийг нэхэх нь бас таашгүй. Учир нь товлосон хугацаанд энэ мөнгийг тушааж чадаагүй хүмүүс нэрээ татах, эсвэл Дотоод сонгуулийн хороо сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзах тул эзэнгүй зардал үлдвэл түүнийг үлдсэн хүмүүс нь хувааж бүрдүүлэх юм. Жил хүрэхгүйн өмнө УИХ-ын ээлжит сонгуульд намаасаа нэр дэвшихээр горилогчдоос 100 сая төгрөгийг дэнчин нэрээр хураасан АН даргаа сонгохдоо ч арга барилаа өөрчилсөнгүй.
…Намынхаа даргын төлөө өрсөлдөх шаардлагыг эхний ээлжид хангасан 16 хүн тус бүр 74.7 сая төгрөгийг 24 цагийн дотор буюу өчигдрийн 17.00 цаг гэхэд тушаах байсан ч зарим нь нэрээ татсанаар эл мөнгөн дүн нэмэгдэж, 93.4 саяд хүрэв. Энэ мөнгө өсөж, нэр дэвшигчдээс нэмж хэдийг нэхэх нь бас таашгүй…
Уг нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа АН-ын Дотоод сонгуулийн хорооны шийдвэрээр тус намын даргад нэр дэвшигчдээс дэнчин, хураамж авахгүй байхаар болсон. Парламентын сонгуульд дараалан навс ялагдсан АН-ын дарга С.Эрдэнэ тухайн үед тамгаа дэд дарга Ц.Туваанд шилжүүлж, намын даргын сонгуулийг товлон зарлаад байсан бөгөөд Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулсан зардлыг хувь тэнцүүлэн гаргуулна” хэмээн мэдэгдэж байлаа. Энэ нь 100 сая төгрөгийн дэнчингээс болж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “АН мөнгөний босго тогтоосноороо ардчиллаас ухарч, үнэт зүйлсээ уландаа гишгэлээ” хэмээн баалуулсантай нь холбоотой байсан юм. Гэвч тус нам одоо нэр дэвшигчээсээ 100 сая төгрөгийн дэнчин нэхээгүй ч 93.4 саяыг сонгуулийн зардал болгон төлөхийг хугацаа зааж шаардлаа. Үүнд ямар ялгаа байна гэж.
АН-ын даргад нэр дэвшиж буй С.Эрдэнэболд энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах хөтөлбөр, зардлыг ил тод болгох төдийгүй 93.4 сая төгрөгийг нээлттэй босгох боломж бүрдүүлэхийг Дотоод сонгуулийн хорооноос хүсэв. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг 24 цагийн дотор биш, тодорхой үе шаттайгаар бүрдүүлэх нөхцөлөөр хангахыг шаардсан юм. Мөн нэр дэвшигч Ц.Оюунгэрэл “Улс төр гэдэг заавал хатуу тоглоом байх албагүй. Тоглоомын дүрмийг ийм хатуу болгосон нь бидний олон жил дуугүй дагаж явсны үр дагавар. АН-ын дотор байгаа “хатуу тоглоом”-ыг зөөллөхийн төлөө хөрөнгө босгож өрсөлдөөнд оролцож байна. Та бүхнээс ийнхүү хандив авч байгаадаа түмэнтээ уучлал хүсье. Мөнгөгүй хүн улс төрд амжилт олж болох шинэ зам тавихын тулд энэ хатуу босгыг нэг удаа шүд зуун давахаас өөр гарц байсангүй. Зөвхөн хандив өгсөн бүх хүний мөнгө гэхгүй, Дотоод сонгуулийн хорооны хурааж авсан төгрөг бүхэн юунд зарцуулагдсаныг нийтэд мэдэгдэхийн тулд өнөөдрөөс шууд ажиллаж эхэлнэ. Хүний дансанд үлдсэн сүүлчийн 10 мянган төгрөгийг авч байгаадаа гэмшин уйлж сууна. Гэхдээ энэ бол өнөөгийн улс төрийн өндөр өртгийн төлөө унагаж буй нулимс. Улс төрийн өртгийг заавал хямдруулна даа гэж дотроо амлан, хандив цуглуулж сууна. Энэ удаагийн сонгуулийг маш ухаалаг, хямд зардалтай зохион байгуулна гэж найдсан ч талаар болов” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа. Тэрбээр уг мөнгийг гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар амжилттай босгосноо нийгмийн сүлжээнд тайлагнасан билээ.
Мэдээж аль ч шатны сонгуульд тодорхой зардал шаардлагатай. Жишээ нь, 330 сум, нийслэл, дүүрэгт салбар, хороотой АН 200 мянган гишүүнээсээ саналыг нь авч, даргаа сонгох гэж буй энэ тохиолдолд байр сав, хүн хүч, сурталчилгаа гээд мөнгө зарах зүйл бишгүй. Үүнийгээ нэр дэвшигчдээрээ босгуулж байгаа нь ч бас буруу биш. Гэвч намын даргын төлөө үзээд алдъя гэсэн хүмүүст эхлээд маш өндөр мөнгөн босго тогтоож, түүнийг даваагүй гишүүдийнхээ сонгогдох эрхэд халдаж зүрхэлж байгаа нь АН-ын хувьд гутамшиг.
Юуны түрүүнд нэр дэвшигчдээсээ бараг зуу, зуун сая төгрөг татан байж намын даргын сонгуулийг хийхгүй байх бүрэн боломжтой. Тэгээд ч энэ сарын 12-нд эхэлж, 14 хоног үргэлжлэх сурталчилгааг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид аймаг, орон нутагт ажиллаж, сурталчилгаа явуулахгүй. 2016 оны сонгуулийн ялагдлын дараах намын даргын сунгаанд таван хүн оролцсон. Нэр дэвшигчдийн нэг болох Ж.Батзандан тухайн үед 250 сая төгрөгийн дэнчин тушаахыг намаас нь шаардаж байгааг мэдээлж, ийм хэмжээний хөрөнгө байхгүй хэмээн эсэргүүцэж байлаа. Мөн нэр дэвшсэн Л.Гантөмөр “АН-ыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ” гэж байр сууриа илэрхийлсэн удаатай. Ийм хэмжээний дэнчин авах гэж байгааг тухайн үеийн Дотоод сонгуулийн хорооны удирдлага үгүйсгэж байсан бөгөөд Ж.Батзандан, Л.Гантөмөр нар сунгаанд оролцож, өрсөлдсөн юм даг. Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас хөл хориотой, сурталчилгааг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулах нөхцөл үүссэн, эдийн засгийн байдал амаргүй, хаана хаанаа бүсээ чангалж байгаа энэ үед зардлаа хэд дахин бууруулах сэтгэлтэй байх учиртай.
2017 онд дотоод сонгууль зарлаж, АН-ын Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх бол гурав, аймгийн намын хорооны даргад 15, нийслэлийнхэд 90, дүүргийн намын даргад 20 сая төгрөгийн хураамж төлөхийг шаардаж байсныг нь зориуд сануулъя. Ингэхдээ хураамжаас гадна эдгээр сонгуульт албанд нэр дэвшигчдээс дэнчин авч байлаа. ҮБХ-нд өрсөлдөж буй бол гурав, нийслэлийн намын хорооны гишүүнд 1.5 сая төгрөгийн дэнчин авахаар тогтоосон түүхтэй. Энэ бол АН-ын өмнөх сонгуулиудаас дэнчин, хураамжийн хэмжээг даруй 6-90 дахин өсгөж, албан тушаал бүрт албан ёсоор мөнгөний босго тогтоосон үе. Өмнө нь одоогийн ҮБХ буюу Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнд өрсөлдөхийн тулд нэг сая төгрөгийн дэнчин тавьж, гишүүн болж чадахгүй тохиолдолд дэнчингийн мөнгөө буцааж авдаг байсан юм билээ. Дэнчингийн мөнгөнөөс нь сонгуулийн хураамж болох 15 мянган төгрөг суутгадаг байсан гэсэн. Мөн нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхийн тулд 90 сая төгрөг битгий хэл, огт мөнгө төлдөггүй байсан аж.
УИХ, цаашлаад аймаг, нийслэлийн сонгууль, одоо бүр намынхаа даргын сонгуульд мөнгөтэй хүн л нэр дэвшин өрсөлддөг гажиг тогтолцоо яван явсаар АН-ын имиж болно гэж хэн санах билээ. Дэнчин, хураамжаас татгалзах нь байтугай мөнгөн дүнг нь нэмж нэхдэг бөх зүрх АН-д л байна гэлтэй. Нэр дэвшигчдээ ийм шалгуур тавьсан ямар ч нам, бизнесийн бүлгүүд мөнгөтэй хүмүүсээс хараат бус байхад туйлын хэцүү. Өдгөө нам дотроо үл ойлголцож, өөрөө өөрсдийгөө тасчин хаяж буй АН-д мөнгөний нөлөө, хүчин зүйл нэмэгдэх нь тэднийг лав аврахгүй. Ингэхэд АН-ын даргын сунгаа ирэх сард болохыг С.Эрдэнийн талаас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ нам С.Эрдэнэ, Ц.Туваан гэсэн хоёр хүнийг дагаж хуваагдсан байдал хэвээрээ буй. С.Эрдэнийн удирдан явуулсан ҮБХ-ны хуралдаанаас шинэчлэн байгуулсан Дотоод сонгуулийн хорооноос шийдвэрлэснээр нэр дэвшигчдээ ирэх сарын 15-наас бүртгэж, санал хураалтыг ирэх сарын 25-нд явуулах аж. Энэ сарын сүүлчээр болох сонгуулийн ялагч тэр үед хэдийн тодорчихсон байна. Улмаар хоёр сонгуулиас тодорсон хоёр дарга, хоёр тамга. АН-д ер нь юу л болоод байна даа, бурхан өршөөг.