“Petro Matad” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд (пенсээр)
Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын тосны V, XX талбайд үйл ажиллагаа явуулдаг “Petro Matad” компанийн ТУЗ-өөс цар тахал тархсантай холбоотойгоор зардлаа танах арга хэмжээ авах болсон тухай цахим хуудсандаа бичжээ. Тухайлбал, гүйцэтгэх болон гүйцэтгэх бус захирлууд, ахлах менежерүүдийнхээ цалинг дунджаар 50 хувиар хасахаар болсон байна. Мөн хөлсийг нь 45 хүртэлх хувиар багасгахыг мэргэжлийн зөвлөхүүд нь зөвшөөрчээ. Зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай бол цаашид авах өөр арга хэмжээнүүдийг ч төлөвлөсөн гэнэ. “Ковид-19”-тэй холбоотойгоор тус компанийнхан дээрх хоёр талбайд ирэх оны нэгдүгээр сар хүртэл хээрийн ажил хийхгүй аж. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа уртасна гэсэн үг.
“Petro Matad”-ынхан “Матад-ХХ” талбайд (Монгол орны зүүн хэсэгт Тамсагийн сав газрын урд хэсгийг бүрхсэн 10 340 ам км талбайг хамардаг) өрөмдлөг хийхэд “Цэн тогоруу” цооногоос газрын тос байгалийн ундаргаараа газрын гадаргад гарч ирсэн талаар бид өнгөрсөн аравдугаар сарын эцсээр мэдээлсэн. Уг талбайн нөөцийг тооцон, тайлан гаргасан бөгөөд АМГТГ-ын Газрын тосны техникийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөлөөс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа уламжилж болно гэсэн зөвлөмж өгсөн аж. Дээрх зөвлөл тайланг нягтлан, дүгнэлт гаргах учиртай. Дараа нь салбарын яам хүлээн авч, эрдэс баялгийн мэдээллийн санд нөөцийг бүртгэх, эсэхийг шийдэх ёстой гэнэ. Мөн орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг нь баталбал ашиглалтын лиценз олгох нөхцөл бүрдэх юм байна. Одоогоор тус компанийнхан уг төлөвлөгөөг боловсруулж буй гэнэ.
Өчигдөр “Petro Matad”-ын хувьцааны ханш таван хувиар буурч, нэгж нь 2.27 пенстэй тэнцлээ.