Саудын Араб дахь цэргийн оролцоогоо АНУ багасгаж буй тухай тус улсын хэд хэдэн хэвлэлд бичжээ. Тодруулбал, зенитийн пуужингийн “Patriot” системийн батарейгаа шилжүүлэн байрлуулах гэнэ. Тегеранаас учрах аюулыг багасгахаар ийм шийдвэр гаргасан хэмээн Вашингтон дахь эх сурвалжууд тайлбарлаж байгаа ч Ираны эсрэг Америкийн улстөрчдийн албан ёсны мэдэгдэл огт өөрчлөгдөөгүй аж. Нефтийн үнээс улбаатай Вашингтон болон Эр-Рияд хоорондын маргааны үеэр “Patriot”-ын тухай мэдээлэл гарсныг зарим хэвлэл онцолжээ. Нефтийн объектуудыг хамгаалахын тулд өнгөрсөн оны аравдугаар сард Саудын Арабт байрлуулсан “Patriot”-ын дөрвөн батарейн хоёрыг, Ойрхи Дорнодын бүс нутгаас мөн хоёрыг АНУ гаргах гэнэ. Сүүлийн хоёрыг шинэчилж, техникийн үйлчилгээ хийхээр АНУ руу илгээх гэж буй тухай нэрээ нууцлахыг хүссэн, албаны эх сурвалжаас эш татан “Associated press” агентлаг мэдээлжээ.
Урьд нь Саудын Арабаас дөрвөн батарей гаргах гэж буй тухай өөр хэвлэлд бичиж байсан бол “Associated press”-ийн эх сурвалжийн тэмдэглэснээр Саудын Арабын Эр-Риядаас урагш 130 км зайтай орших “Хунтайж Султан” нисэх бааз дахь хоёр батарей үлдэх аж. Өөр ямар улсаас зенитийн пуужингийн цогцолбор гаргах нь тодорхойгүй байна. Үүний сацуу тус бүс нутаг дахь АНУ-ын сөнөөгч нисэх онгоцны 12 эскадрилийн хоёрыг, Саудын Араб дахь зенитийн пуужингийн системд үйлчилдэг 300 орчим цэрэг гарахыг эх сурвалж мэдээлсэн нь энэ. Ойрхи Дорнодын бүс нутагт “Patriot”-ын 12 батарей, хэт өндөрт нисдэг баллистик пуужинг амдан сөнөөх чадалтай пуужингийн THAAD систем үлдэхийг эх сурвалж тэмдэглэжээ. Түүний хэлснээр Тегеранаас учрах аюулыг бууруулахын тул АНУ ийм шийдвэр гаргасан аж. Бусад хэвлэлд ч ийм хувилбар дэвшүүлж байсан гэнэ.
Ташрамд дурдахад, Саудын Араб руу 3000 цэрэг, сөнөөгч нисэх онгоцны хоёр эскадрил шинжилгээний нэг онгоц, “Patriot”-ын хоёр батарей, пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD систем нийлүүлэх шийдвэрийг “Saudi Aramco” компанийн нефтийн объектууд руу пуужин харвасны дараа АНУ гаргасан билээ. Уг халдлагын хариуцлагыг Йемений хуситуудын “Ансар Аллах” хөдөлгөөн хүлээсэн ч АНУ үүнийг үл хэрэгсэж, Тегераныг буруутай гэж үзсэн юм. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зенитийн пуужингийн “С-400”, эсвэл “С-300” систем худалдан авч, нефтийн объектуудаа хамгаалахыг Саудын Арабт санал болгосныг Вашингтон таашаагаагүй аж. АНУ, Британи, Францын боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд Саудын Араб руу “Patriot”-ыг илгээсэн тухай Грек улс өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлжээ. Тус бүс нутгаас дөрвөн батарейг өнгөрсөн гуравдугаар сард гаргах байсан боловч мөн сарын 11-нд Ирак дахь цэргийн “Эт-Тажи” бааз халдлагад өртөж, Америкийн хоёр, Британийн нэг цэрэг, Иракийн хоёр иргэн амь үрэгдсэний улмаас хойшилсон тухай “Associated press” агентлагийн эх сурвалж уламжилсан гэнэ.
АНУ гуравдугаар сарын эцсээр батарейгаа гаргахын оронд АНУ Иракийн хоёр баазад зенитийн пуужингийн систем байрлуулжээ. Тодруулбал, Багдадаас баруун тийш 200 орчим км зайтай орших “Айн-эль-Асад”, Иракийн Курдистаны Эрбиль хотын ойролцоох цэргийн бааз тийм системтэй болсон байна. Эдгээр бааз энэ оны нэгдүгээр сард иранчуудын цохилтын бай болсон юм. Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын “Аль-Кудс” хүчний командлагч Касем Сулеймани, шиитийн “Аль-Хашдаш-Шааби” бүлэглэлийн командлагчийн орлогч Абу Махди аль-Мухандис нар америкчуудын халдлагад өртөж, амь үрэгдсэний хариуд тийн цохилт өгсөн билээ. “Эт-Тажи” баазад ойрын тусгалтай пуужингийн халдлагаас хамгаалах систем суурилуулсан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зенитийн пуужингийн систем байрлуулсан тухай сэтгүүлчийн асуултад шууд хариулахаас зайлсхийжээ. “Энэ тухай яримааргүй байна. Гэхдээ бид ямар нэг зүйл хийж байгаа. Энэ нь Саудын Арабтай бус, бусад улстай ихээхэн холбоотой” гэж тэрбээр хэлсэн аж. Ази дахь Хятадын цэргийн оролцоонд анхаарлаа хандуулах нь илүү чухал гэж Пентагон үзэж буйг “Wall street journal” уламжилсан байв. Гэсэн ч Тегераны зүгээс учирч болзошгүй аюулын тухай бодлоо АНУ өөрчлөөгүй. Иран бүс нутгийнхаа, тухайлбал, Ирак, Йемен, Сирийн байдалд сөргөөр нөлөөлсөөр буй тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт мэдэгджээ. Америкийн цэргийнхэнд саад болсон Ираны цэргийн усан онгоцнууд руу гал нээх тушаалыг Ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн долоо хоногийн өмнө биечлэн өгсөн билээ.
Үүний сацуу хууль тогтоогчдын зөвшөөрөлгүйгээр Иранд цэргийн хүч хэрэглэх эрхийнхээ төлөө тэрбээр өнгөрсөн долоо хоногт Конгресстой тулалдах шаардлагатай болсон. АНУ-ын Сенатын танхим тийм үйлдлийг нь хориглосон тогтоол гаргасанд Д.Трамп хориг тавьжээ. Тегеранаас нүүрлэж болзошгүй аюул буурсан гэсэн мэдээлэл гарахын өмнөхөн, сүүлийн нэг сар хагасын хугацаанд анх удаа Ирак дахь терроризмтой тэмцэх эвслийн бааз халдлагад өртсөн аж. Америкийн цэргийн бааз оршдог, Багдадын нисэх буудлын хажууханд байдаг зэвсэгт хүчний нисэх буудал халдлагад өртсөн байна. Өнгөрсөн оны эцсээс энэ жилийн гуравдугаар сарын төгсгөл хүртэл хугацаанд ийм 30 орчим халдлага болсон аж. Эдгээрийн хариуцлагыг “Аль-Хашд аш-Шааби” болон Тегераны дэмждэг, Ирак дахь шиитийн хэд хэдэн бүлэглэлд АНУ тохжээ.
Саудын Арабаас “Patriot” батарейг гаргана гэсэн мэдээ нефтийн үнийн улмаас Вашингтон болон Эр-Рияд хоорондын харилцаа түгшүүртэй байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэн үед гарсан аж. Тухайлбал, “Reuters” агентлагийн дөрөвдүгээр сарын 30-ны мэдээлэлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман нар мөн сарын 2-нд утсаар ярьсан тухай дурдсан байна. Тус агентлагийн хэлснээр Ерөнхийлөгч угсаа залгамжлах хунтайжийг сүрдүүлж, хэрэв ОПЕК-ийн орнууд болон ОХУ нефть олборлолтоо багасгахгүй бол Саудын Арабаас Америкийн цэргийг гаргах тухай хуулийг Конгресс батлахад тэрбээр саад болж чадахгүй гэжээ.
“Reuters”-ын асуултад хариулахдаа Дональд Трамп эл мэдээллийг нотлоогүй бөгөөд “Энэ тухай түүнтэй ярих шаардлага надад байхгүй. Тэрбээр болон Ерөнхийлөгч Владимир Путин их ухаалаг байсан” хэмээн хэлсэн нь ОПЕК-ийн гишүүн орнууд болон ОХУ шинэ хэлэлцээрт хүрэхийн тулд Орос болон Саудын Араб буулт хийснийг хөнджээ. Мухаммед бен Сальманд ямар ч байсан хэлсэн үү гэсэн асуултад Ерөнхийлөгч Д.Трамп “Хэлэлцээр байгуулахад тэдэнд хэцүү байсан. Тэдэнтэй би утсаар ярьснаар тохиролцож чадсан” хэмээн зайлсхийсэн хариулт өгсөн байна.
Вашингтон дахь Саудын Арабын ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Фахад Назир тавдугаар сарын 3-нд твиттер хуудсандаа онцолж дурдаагүй ч “Reuters”-ын мэдээллийг няцаажээ. “Угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман болон Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан утсаар ярьсан тухай мэдээлэлд тэдний ярианы агуулга, өнгийг бүрмөсөн өөрчилж, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр хэмээн харилцааны талаар ташаа тусгажээ” хэмээн тэрбээр бичсэн аж.
Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан хэргийг зохион байгуулсанд угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальманыг сэжиглэж байгаа ч Ерөнхийлөгч Д.Трамп сүүлийн жил зургаан сар Конгресс болон Америкийн нийгмийн өмнө Эр-Риядтай цэрэг, техникийн болон бусад харилцаагаа үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн хамгаалсаар буй. Орос, Хятадыг Саудын Араб баримжаалж байж болзошгүйг АНУ-ын Ерөнхийлөгч удаа дараа тэмдэглэсэн. Тиймээс “Patriot”-ыг гаргах нь Саудын Арабын эрх баригчдад үзүүлсэн дарамт шахалттай холбоотой гэж үзэхэд хэцүү, түүгээр зогсохгүй нефтийн үнийн улмаас мөргөлдөөн гарах магадлал одоогоор үгүй гэнэ.
Ойрхи Дорнод дахь Америкийн цэргийн оролцоог багасгахаа Дональд Трамп удаа дараа мэдэгдсэнээс үзвэл пуужингийн системийн бүрэлдэхүүн хэсгийг үнэхээр төлөвлөгөөний дагуу шилжүүлэн байрлуулах гэж байж магадгүй аж. Сүүлд гарсан мэдээллүүдээс үзвэл Синайн хойг дахь олон үндэстний хүчний бүрэлдэхүүн дэх Америкийн цэргийг цөөрүүлэхээр Пентагон төлөвлөж буй тухай “Wall street journal” өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргийн дугаарт бичжээ. 1156 цэргийн 454 нь Америкийнх аж. Гэхдээ хараахан батлаагүй байгаа эл төлөвлөгөөний талаар Төрийн департамент болон Израил ойлголцолд хүрч чадаагүй аж. Ирак, Сири, Саудын Арабт сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн үйлдлээс харвал АНУ шаардлагатай гэснээ л хийнэ.
Үүнийг Саудын Арабаас зенитийн пуужингийн системээ гаргах тухай мэдээллийн хариуд Пентагоны өгсөн сүүлийн тайлбар нотлох юм. Тус бүс нутгаас цэргээ байнга оруулж, гарган, богино хугацааны дотор хүчээ зузаатгах чадалтайгаа Америкийн БХЯ тэмдэглэжээ.