ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эх орны төлөө дайнд ялсны 75 жилийн ойг тохиолдуулан Нэр нь тодроогүй цэргийн шарилд цэцэг өргөж, ард түмэндээ хандаж үг хэллээ. “Ялалтын энэ өдөр хэзээд агуу, манай орны бахархал, өрх бүрийн түүх, бидний эцэг, эх, эмээ, өвөөгөөс бидэнд үлдээсэн сэтгэл зүрхний нэгээхэн хэсэг. Тэд эх орныхоо төлөө хэмжээлшгүй, юугаар ч төлж барамгүй ихийг хийж, эх нутаг, ирээдүй хойч үеийнхээ амьдралыг авран, Европыг чөлөөлж, дэлхий нийтийг хамгаалан, хот, суурингаа сэргээн босгож, агуу ихийг бүтээсэн. Зөвлөлтийн ард түмний амь хайргүй тэмцэж хүрсэн баатарлаг гавьяанд бид гүн хүндэтгэл үзүүлж байна” гэж онцлон тэмдэглэв. “Бид уламжлал ёсоор тэмдэглэлт ойгоо өргөн, ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Ялалт байгуулсан хэн бүхний төлөө үүнийг бид нэр төртэй хийнэ. Улаан талбайд ёслолын жагсаал, ард түмний “Мөнхийн хороо” марш ч болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Ялалтын 75 жилийн ойд зориулсан агаарын үзүүлбэр ОХУ-ын 47 хотод болж, 597 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцлоо. Тэдгээрээс хамгийн олон буюу 75 нь нийслэл Москва дээгүүр ниссэн байна. Цар тахлын улмаас жил бүрийн тавдугаар сарын 9-нд Улаан талбайд хийдэг ёслолын жагсаалыг энэ жил хойшлуулсан ч агаарын үзүүлбэр болон буудлага уламжлал ёсоор болжээ.
Ялалтын баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын ард түмэнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын удирдагч мэндчилгээ дэвшүүлсэн байна.
“ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮНЭ ЦЭНИЙ ТУХАЙ ГУНИГТ ДУРСАМЖ”
“Европт фашизмыг дарсан кампанит ажил нь эрх чөлөөний үнэ цэнийн тухай гунигт дурсамж юм. Эл дайны үеэр 30 сая гаруй хүн амь эрсэдсэн. Европт амь үрэгдэгсдийн олонх нь жирийн иргэн, тэдний дотор зургаан сая еврей, Польшийн болон хуучин ЗХУ-ын олон сая оршин суугч байв. АНУ ч маш их хохирол амссан. 75 жилийн өмнө нацист дэглэмийн сүүлчийн үлдэгдлүүд холбоотны хүчнийхэнд үг дуугүй бууж өгснөөр Европт дэлхийн II дайн дууссан. Өнөөдөр бид дарангуйлагч дэглэмийг ялж, эл том тэмцэлд ялсан эрх чөлөөний хүчийг магтан дуулж байна. Энэ дайны үеэр албаа нэр төртэй хаасан манай эрэлхэг цэргүүд болон амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж буй америкчуудтай би нэгдэж байна. Дэлхийн II дайны үеэр манай зэвсэгт хүчний эгнээнд алба хаасан 16 сая хүнээс 400 мянга орчим нь өдгөө бидэнтэй хамт байна. Тэд бол агуу үеийнхэн, хэзээ ч мартагдахгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн II дайн дууссаны 75 жилийн ойг тохиолдуулан үг хэлэхдээ мэдэгдэв.
Тэрбээр тэргүүн хатагтайн хамт дурсгалын цогцолборт цэцэг өргөсөн бөгөөд үүнд Пентагоны тэргүүн Марк Эспер гэргий болон албаны бусад хүний хамт оролцжээ.
КИЕВ ДЭХ ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨВ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нийслэл Киев болон Закарпат муж дахь эх орны төлөөх агуу дайны жилүүдэд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. “Закарпатад булаан эзлэгчдийг үлдэн хөөсөн. Эл ялалтын үнэ цэнг бид хэзээ ч мартахгүй. Ялалтад хүргэсэн хүн бүрийн гавьяаг чин сэтгэлээсээ хүндэтгэх ёстой. Бидний ялалт хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнх оршино” гэж тэрбээр хэлсэн байна.
БААТАРЛАГААР ТЭМЦСЭН БРИТАНИЧУУД, ХОЛБООТНУУДАД ТАЛАРХАВ
Дэлхийн II дайны жилүүдэд баатарлагаар тэмцсэн ард түмэн, холбоотнууддаа Британийн хатан хаан II Элизабет талархал илэрхийлэв. Тэрбээр эл дайн дууссаны 75 жилийн ойд зориулан үг хэлснийг BBC уламжилсан байна. “1945 оны тавдугаар сард аав минь үг хэлж байсныг, мөн бидний зарим нь биечлэн оролцсон баярын ёслолыг дурсангаа би дайны жилүүдэд хүч чадал, эр зориг гаргасан Нэгдсэн Хаант Улс, Хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, манай холбоотнуудад талархал илэрхийлье. Дайнаас эргэн ирээгүй нөхдийнхөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх хамгийн зөв илэрхийлэл нь дахин ийм зүйлийг давтахгүй байхад оршино гэдгийг дайны үеийнхэн мэднэ. Нэгэн үе эвлэршгүй дайсан байсан улсууд өнөөдөр энх тайван, эрүүл энх, сайн сайхны төлөө нэгдэн, эв найрамдалтай байгаа нь амь үрэгдсэн хүмүүст үзүүлсэн хамгийн том хүндэтгэл юм” гэж тэрбээр хэлжээ. Хэчнээн хүсэж байгаа ч онцгой ойн баярыг бүх нийтээр тэмдэглэх боломжгүй байгааг хатан хаан тэмдэглээд, хүнгүй гудамжууд үнэн хэрэгтээ хоосон бус, хайраар дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
“ДАЙНЫ УРШГИЙГ САНАЖ ЯВАХ НЬ ЧУХАЛ”
Германы Канцлер Ангела Меркель, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар утсаар ярьж, дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжээ. “Дайн, түүний уршгийг санаж явах нь чухал гэдэгтэй тэд санал нэг буйгаа илэрхийллээ. Дайны дараа Британи, Германыг эвлэрүүлэх ажил, тэрчлэн тус хоёр улс хоорондын нягт харилцааг Канцлер болон Британийн Ерөнхий сайд өндрөөр үнэлсэн” гэж ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэн байна. Германы Канцлер Ангела Меркель үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай утсаар ярьжээ.
Германд тавдугаар сарын 8-ныг Чөлөөлөлтийн, Европт дэлхийн II дайн дууссан өдөр хэмээн тэмдэглэдэг байна. 1945 оны тавдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн Берлиний цагаар 22.43 цагт Гитлерийн Герман үг дуугүй, бүрэн бууж өгсөн гэрээнд гарын үсэг зурсан юм. Европт энэ тухай зарласан тавдугаар сарын 8-ныг дайн дууссан өдөр хэмээн тэмдэглэдэг бол хуучин ЗХУ-д мөн сарын 9-нийг Ялалтын өдөр хэмээн тунхагласан билээ.
Гэрээ сунгах болзлоо дэвшүүлжээ
Хятадыг зэвсэглэлд хяналт тавих талаарх хэлэлцээнд нэгдэх хүртэл Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах болон цаашид бууруулах тухай арга хэмжээний гэрээг Вашингтон сунгахгүй гэж АНУ-ын зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан тусгай шинэ төлөөлөгч Маршалл Биллингсли “Wash¬ington times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Уг гэрээг сунгах тухай бодохоосоо өмнө Москва Хятадыг хэлэлцээний ширээнд суулгах ёстой гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Хятад улс их гүрэн байхыг хүсэжбуй бол биеэ зохих ёсоор авч яван, зэвсэглэлд хяналт тавих хэлэлцээнд нэгдэх ёстой гэж М.Биллингсли үзэж байна.
Дээрх гэрээг Орос болон Америк 2010 онд байгуулсан бөгөөд ирэх жилийн хоёрдугаар сарын 5 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн албан тушаал бий болгож, Маршалл Биллингслийг томилсон юм.
Хүнс хуваах үеэр мөргөлдөөн үүсэв
Афганистаны Гор мужид эсэргүүцлийн ажиллагаа болох үеэр дөрвөн жагсагч, хоёр цагдаа, нэг сэтгүүлч амь үрэгдэж, 10 цагдаа, есөн жагсагч шархадсан байна. “TO¬LOnews” телевизийн мэдээлснээр хүнсний тусламжийг шударга бусаар хуваасан хэмээн үзсэн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр эсэргүүцлийн ажиллагаанд 300 орчим хүн оролцсон бөгөөд тэд мужийнхаа захирагчийн өргөө рүү нэвтрэхийг оролдсон байна. Хилэгнэсэн иргэд гал нээсний хариуд цагдаагийнхан зэвсэг ашиглахад хүрсэн гэнэ.
Цар тахлын улмаас тус улсын эрх баригчид шаардлагатай гэж үзсэн хүмүүст хүнс тараах шийдвэр гаргажээ. Хөл хорионы улмаас хохирол амсаж буй иргэн бүртээ хүнсний бүтээгдэхүүн өгнө хэмээн Афганистаны нэгдүгээр Дэд Ерөнхийлөгч Амрулла Салех мэдэгдсэн аж.