50 орчим настай, бэлэвсэн эмэгтэй Жулия Марта Томасын амийг хөнөөсөн хэрэг XIХ зууны эцэст Англид гарсан дуулиантай явдлын нэг байв. Урьд нь гэмт хэрэгт холбогдож явсан 30 настай, өөрийн гэрийн үйлчлэгч Кейт Вебстерийн гарт 1879 оны гуравдугаар сарын 2-нд тэрбээр амиа алдсан байна. Цогцсыг нь мөчлөн салгаж, заримаас нь чанаж, ихэнхийг нь Темза мөрөнд хаясан аж. Вебстер чанаж болгосон махыг (хүний) хүмүүст, өлссөн хүүхдүүдэд өгч байсан гэх яриа ч гарч байж. Хохирогчийн толгойг 2010 оны аравдугаар сард барилгын ажил хийж байсан хүмүүс олжээ.
Кейт Вебстер хүн алснаасаа хойш хоёр долоо хоног орчим өөрийгөө Жулия Марта Томас хэмээн хэлж яваад илчлэгдэж, Ирланд руу зугтаж тус улсад орогнох болсон байна. Тэндээс баригдаад Лондонд ирж, 1879 оны долдугаар сард цаазлуулах ял сонсжээ. Түүнийг 29-ний өдөр дүүжлэн хороов.
Жулия Марта Томас багшилдаг, хоёр ч удаа бэлэвсэрсэн нэгэн байлаа. 1873 онд хоёр дахь нөхрөө нас барсны дараа ганцаараа амьдрах болов. Тэрбээр хэн нэгний тодорхойлсноор хөөрүү зантай, ер бусын хүн байж. Хэнд ч хэлэлгүйгээр хэдэн долоо хоног, сараар аялаад алга болчих нь энүүхэнд. Бялхаж цалгисан амьдралтай биш хэрнээ хүмүүст бэлтэй хүн шиг харагдах гэж үнэтэй зүйлс эдэлж хэрэглэнэ. Гэрийн үйлчлэгчтэй болох гээд байдаг нь чухам энэ бодлоос нь үүдэлтэй. Гэлээ ч ааш араншин, дадал зуршлаасаа болоод таарч тохирох үйлчлэгч олоход төвөгтэй байдаг байв.
Тэгээд 1879 оны нэгдүгээр сард Кейт Вебстерийг үйлчлэгчээр авсан аж. Энэ эмэгтэйн өнгөрсөн амьдрал тийм ч тодорхой биш, өөрийнх нь ярьснаар бол усан цэргийн ахмадтай сууж байсан, дөрвөн хүүхэд төрүүлсэн. Харамсалтай нь, тэд бүгд нас баржээ. Түүнээс хойш гурван ч эртэй учирч байсан гэх. Тэдний нэг болох Стронг гэгч хулгай зэлгийн хэрэгт нь хамтарч байж. Удалгүй Стронг хаяж явснаас Вебстер өөрийгөө болоод хүүхдээ тэжээхийн тулд гэмт хэрэг хийхэд хүрчээ.
Томас, Вебстер хоёрын харилцаа тун богино хугацааны дараа муудав. Вебстерийн хийсэн юм Томасын санаанд үл нийцэх тул байнга шүүмжилнэ. Яваандаа Вебстертэй хоёулхнаа байхаас эзэгтэй нь болгоомжлох болж, найз нөхдөө гэртээ хамт байхыг, хонохыг гуйх болсон байна. Тэгээд Вебстерийг хоёрдугаар сарын 28-нд халахаар шийдэв.
Гэтэл гуравдугаар сарын 2 хүртэл ажиллуулахыг Вебстер гуйжээ. Түүний ярьснаар энэ өдөр хоёр эмэгтэй хэрэлдсэн аж. Вебстер уурандаа эзэгтэйгээ шатны уруу түлхэж унагачихаад хашхирах боломж олгохгүйн тулд амыг нь гараараа дарснаас амьсгал хураажээ. Ингээд Вебстер цогцсыг даруйхан алга болгохоор шийдэж, эвдэж, махыг нь чанаж, ясыг нь шатаасан байна. Эвгүй үнэр ханхлахыг хөршүүд нь анзаарсан аж.
Эхний хэдэн өдөр Вебстер талийгаачийн гэр орон, хувцас хунарыг янзалж, цогцсыг үгүй хийхдээ нэг хөл, толгойг нь шуудайнд багтахгүй байснаас газар ухаж булсныг 131 жилийн дараа хүмүүс олжээ.
Вебстер гуравдугаар сарын 4-нд хуучин хөршүүд дээрээ очихдоо Томасын торгон даашинзыг өмсчихсөн, цогцсыг нь эвдээд хийсэн хайрцаг барьчихсан байв. Хөршүүдээсээ салж явснаас хойш хүнтэй сууж, хүүхэд төрүүлж, хатагтай Томас гэх болсон хэмээн ярьсан байна. Нөгөө хайрцгаа Темза руу хаяж орхиж. Уг хайрцгийг нүүрс тээвэрлэгч нэгэн маргааш нь олж, нээж үзвэл хүний цогцсын хэсгүүд байсан тул цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэв. Түүнийг шинжилж үзсэн эмч дүгнэхдээ “Тас хар үстэй, залуу хүний цогцос” гэсэн нь ташаа байсан байна. Гэмт хэрэгтнийг тогтоосонгүй.
...Вебстер урьдын хэвээр Томас болж “тоглосоор” байлаа. Буурчийн газрын Жон Чёрчид Томасын гэрийн тавилга бас бус зүйлийг зарахаар тохирсон байна. Уг барааг ачихаар гуравдугаар сарын 18-нд машин ирэх үед бараг хоёр долоо хоног Томасын барааг хараагүй хөршүүдийнх нь сэжиг дээд цэгтээ хүрсэн байлаа. Нэг хөрш нь болох хатагтай Ив тавилга авч явахыг нь хэн зөвшөөрснийг ачиж байсан хүмүүсээс асуухад “Томас” гэж хэлээд Вебстерийг заажээ. Үүнийг тэр дор нь анзаарсан Вебстер галт тэргэнд суугаад алга болох нь тэр. Чёрч ч хууртагдсанаа мэдэж, авсан хувцасныхаа халаасыг нэгжиж байтал Томаст хаягласан захидал олдов. Цагдаа дуудаж, Томасын гэрт нэгжлэг хийлээ. Цусны толбо, түлэгдсэн хурууны яс, тогооноос махны тос, Вебстерийн захидал зэргийг олов. Уг захидлаас гэмт хэрэгтний Ирланд дахь гэрийн хаягийг мэдэж авлаа.
Вебстер хүүтэйгээ нүүрс зөөдөг усан онгоцоор Ирланд руу явсныг Скотланд-Ярдын ажилтнууд тогтоов. Энэ Вебстер гэгч эмэгтэй хулгай хийсний учир 14 жилийн өмнө баривчлагдаж байсан нь тодорхой боллоо. Гуравдугаар сарын 29-нд түүнийг баривчлав. Вебстер хүн алсныг дуулаад нагац ах нь түүний хүүг гэртээ байлгахаас дургүйцсэн аж.
Энэ хэрэг Ирландын тэнгисийн хоёр талаар шуугиан дэгдээжээ. Вебстерийг Дублин хотод авчрах замд түүнийг харах гэсэн улс бараг өртөө бүрт олноор цуглачихсан байдаг байжээ. Шүүх хурал 1879 оны долдугаар сарын 2-нд эхэлж олон нийтийн анхаарлыг татав. Хожим нь Шведийн хаан V Густав болсон жонон дөрөв дэх өдрөөс нь шүүх хурлын явцыг анхаарч байсан аж.
Шүүх бүрэлдэхүүн зургаан өдрийн турш гэрчүүдийн мэдүүлгийг сонсож, Томасын үхэлтэй холбоотой үйл явдлын нарийн ширийнийг мэдэж авчээ. Шүүх хурлаас өмнө Жон Чёрч, хөрш байсан Портер нарыг Вебстер буруутгахаар оролдсон ч буруугүйгээ нотлох баримт аль алинд нь хангалттай байж тэд аллагад оролцоогүй нь нотлогдсон байна. Вебстер өөрийгөө буруугүй гэж зүтгэж, өмгөөлөгч нь хөндлөнгийн шинж чанартай нотолгоонд тулгуурлан ажиллаж, хүүдээ их дотно байдаг учраас хүний аминд хүрч зүрхлэхгүй гэж үзсэн аж. Гэтэл хөрөнгө хогшлынхоо заримыг зарахаар Бирмингем рүү явахаар зэхэж буйгаа Томасыг алахаасаа долоо хоногийн өмнө надтай уулзахдаа хэлж байсан гэж Мария Дарден гэдэг эмэгтэй шүүхийн хурал дээр хэлсэн нь Вебстерт сүрхий цохилт болжээ. Энэ бол аллагыг Вебстер эртнээс төлөвлөж байсныг нь харуулж байна хэмээн шүүх үзсэн гэнэ.
Шүүгчид саналаа илэрхийлж, шүүхийн шийдвэр гарахын өмнө Вебстер үг хэлэхдээ цаазын ялаас хэлтрүүлэх ямар нэг арга зам байгаа, эсэхийг асуужээ. Тэрбээр өөрийгөө жирэмсэн гэж бас мэдэгдсэн аж. “The law times” сонинд мэдээлснээс үзвэл “32 жил алба ажил залгуулахдаа ийм асуудалтай тулгарч байсангүй” гэж шүүгч хэлж байжээ. Тэгээд шүүхийн нарийн бичгийн даргын санаачилгаар дан эмэгтэйчүүдээс бүрдсэн комисс байгуулж, Вебстер жирэмсэн, эсэхийг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн байна. 12 эмэгтэй мэс засалч тангараг өргөн, тусгай өрөөнд Вебстертэй хамт орж, ердөө хэдхэн минут болж гарч ирээд түүнд үр тогтоогүй байна гэсэн дүгнэлт хийжээ.
Цаазлуулахын өмнө Вебстер хоёр мэдэгдэл хийсэн байна. Өөрийн бурууг хүлээхийн хамт гэмт хэргийн замд татан оруулсны хувьд хүүхдийнхээ эцэг Стронгийг аллагын хэрэгт оролцсон гэж үзэх үндэслэлтэй тул хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр хэлсэн аж. Тэгснээ долдугаар сарын 28-ны шөнө яг цаазлуулахын өмнө эхний мэдүүлгээсээ буцаж, уг хэрэгт зөвхөн би л буруутай, Чёрч, Портер, Стронг нар ямар ч хамаагүй гэсэн байна. Маргааш нь түүнийг дүүжилж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэв. Цогцсыг нь шоронгийн хоригдлууд салхилдаг газарт нэр усыг нь бичилгүйгээр оршуулжээ. Ялыг гүйцэтгэсэн болохыг илэрхийлдэг хар туг шоронгийн хана дээгүүр харагдахад гадаа нь цугласан хүмүүс талархаж байсан гэдэг.
Дараа өдөр нь Томасын хөрөнгийг дуудлагаар худалджээ. Нөгөө Чёрч гэрийн тавилга болон бусад зүйл, түүний дотор халаасны цаг, Томасын цогцсыг эвдэхэд Вебстерийн хэрэглэсэн хутга худалдаж авсан байна. Томасын яс, махнаас чанасан тогоог зургаан шиллингээр үнэлэн хэн нэгэн авч. Харин байшин нь 1897 он хүртэл эзэнгүй байжээ.
Аллага болсон тэр байрыг өөрийн болгохыг хэн ч хүссэнгүй. Томасын цогцсоос олдсон хэсгийг оршуулсан газар гэлэнмаагийн сүг сүүдэр үзэгдээд байх болсон гэсэн яриа хожим нь дуулдах болжээ.
Тэр эрт цагт зоогийн газар байсан орчимд шороо ухаж байсан хүмүүс 2010 оны аравдугаар сарын 22-нд “бөөрөнхий хар юм” олсон нь эмэгтэй хүний гавлын яс байсан аж. Тэр яс наад зах нь 40 жил байшингийн суурь дор байсан бололтой байв. Түүнийг Жулия Марта Томасынх гэлцэх болсон байна. Эдинбургийн их сургуулийн мэргэжилтнүүд ясыг судлаад 1650-1880 оны хооронд амьдарч байсан хүнийх гэж үзжээ. Гавлын ясан дээр байгаа гэмтэл Вебстерийн ярьсантай тохирч байв. Тиймээс 2011 оны долдугаар сард шүүхийн магадлан шинжээч гавлын ясыг Жулия Томасынх мөн гэж дүгнэжээ. Томасын үхлийн шалтгааныг амьсгалыг нь боогдуулж, тархийг нь гэмтээсэн явдал гэж үзэв. Хуучин цагийн гэмт хэрэг шалган илрүүлэх үйл ажиллагаа, түүхэн бичээс тэмдэглэл, техникийн дэвшил хамтарч байж энэ үхлийн нууцыг илрүүлсэн гэж цагдаагийн байгууллага дүгнэсэн байна.
Бэлтгэсэн: Р.Жаргалант