Белмес де ла Мораледа хэмээх жижигхэн тосгон Испанийн Андолус мужид байдаг. Тус улсын газрын зургаас ч ирээд олохооргүй энэ бяцхан тосгон ХХ зууны хамгийн ер бусын, тайлагдашгүй үзэгдлийн өлгий болох тавилантай аж. 1971 онд эл тосгонд амьдардаг жирийн нэгэн испани гэр бүл нэн хачирхалтай үзэгдэлтэй учирчээ. Тэр айлын гэрийнх нь шалан дээр янз бүрийн хүмүүсийн царай тодрох болсон байна. Гэрийн эзэгтэй Мария Гомес Комара гал тогооны өрөөнийх нь шалан дээр эмэгтэй хүний царай тодорсон байхыг бүхнээс түрүүлж анзаарчээ. Мэдээж хэрэг эхлээд айдас хүйдэс автсан нь ойлгомжтой. Нөхөр нь эхлээд шалаа угаан дүрсийг арилгах гэж үзсэн ч нэмэр болоогүй аж. Дараа нь шалаа бараан өнгөөр будаж. Дүрс арилсангүй. Тэгэхээр нь гал тогооны өрөөнийхөө шалыг хуулж, цементэлж орхижээ. Ингээд тэд хэсэг амар жимэр амьдарч байтал ердөө сарын дараа өнөөх дүрснүүд эргээд гараад иржээ. Гэхдээ тэдгээр дүрснүүдийн царайны илэрхийлэл өөрчлөгдсөн байв. Хэрэв өмнө нь гунигтай царайнууд байсан бол энэ удаа гайхсан төрх өөдөөс нь харж байв.
Ингээд 1971 оны наймдугаар сарын 21-нд Мария Гомес Камара гэрт нь болоод байгаа сонин үзэгдлийн талаар тосгоныхоо захиргаанд мэдэгдсэн байна. Удалгүй зохих газрын хүмүүс ирж шалыг нь нарийн үзэж шалгаад дүрстэй хэсгийг тайрч аваад шинжлэхээр аваад явжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа дүрс шалны арай өөр хэсэгт эргээд тодорсон байна. Гэрийн эзэд цааш яахаа мэдэхгүй дүрсийг оролдохгүй орхижээ. Гэтэл арваад хоногийн дараа дүрс өөрөө алга болжээ. Камарагийхан хачин жигтэй байдлаас арай гэж саллаа хэмээн баярлатал үзэгдэл давтагдсан байна. Эл байдал бүхэл бүтэн 30 жил үргэлжилсэн бөгөөд дэлхийд Бельмесийн дүрснүүд гэдэг нэрээр алдаршин Европын ХХ зууны хамгийн ер бусын үзэгдэл хэмээгдэх болсон юм. Камарагийнхны ярьж буйгаар бол заримдаа эрэгтэй хүний, заримдаа эмэгтэй хүний дүрс тодордог аж. Чингэхдээ ондоо хэлбэр, хэмжээтэй бас царайны өөр өөр илэрхийлэлтэй байдаг гэнэ. Дүрсний тодрох алга болох хугацаа мөн тогтмол бус аж.
Гучин жилийн дотор Белмес де ла Мораледа тосгон Испани даяар төдийгүй дэлхийд алдаршжээ. Шалан дээр тодрох хачирхалтай дүрсийг үзэхийг хүссэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс цувах болж. Азгүй зарим нь алга болсон үед нь таардаг гэнэ.Эрдэмтэн судлаачид эл үзэгдлийн хажуугаар зүгээр өнгөрөөгүй нь мэдээж. Анхны шинжилгээгээр цементэн шалан дээрх дүрснүүд ямар нэгэн будаг, харандаа үзэг, химийн бодисоор зурагдаагүй гэдэг нь нотлогджээ. Дараа нь шинжээчид Камарагийнхны байшингийн ойр хавийн газар хөрсийг судалтал тэнд өмнө нь сүмийн оршуулгын газар байсныг олж тогтоосон байна. Ингээд байшингийн бүх шалыг хуулан суурийг доош ухтал хэд хэдэн цогцос гарч ирсэн аж. Гэрийн эзэд гэрийн шалаа бүхэлд нь сольсон авч дүрснүүд гарч ирсэн хэвээр үлдэв. Ингэхдээ өмнө нь эмэгтэй хүний дүрс тодордог байсан бол энэ удаа эрэгтэй хүний царай гарч иржээ. Дараагийн удаа эргээд эмэгтэй хүний дүрс тодрохдоо хэдэн давхар эмжээртэй байв. Камарагийнхан шалаа нийтдээ хорь гаруй удаа сольсон гэдэг. Эл үзэгдлийг судлах шинжээчдийн үндсэн бүрэлдэхүүнд Германы хүний ер бусын оюуны чадамжийг судлаач /parapsychology/ Ганс Бендер байлаа. Тэрбээр эл үзэгдлийг эхнээс нь эхлээд таван жилийн турш судалсан ч албан ёсны тодорхойлолт өгөөгүй аж. Гэхдээ эрдэмтэн Их сургуулийн болон бусад газар уншдаг лекцдээ Бельмесийн дүрсийг заавал дурддаг гэнэ. Дурдахдаа тайлагдашгүй оньсого гэдэг үүднээс жишээ татдаг бөгөөд байгалийн үзэгдэл эсвэл бурхан шашны талаас бус харин хүний ер бусын чадамж гэдгээр нь хэлдэг байна. Судалгааны үеэр Камарагийнхныг гэрээс нь гарган, байшинг лацдаж, шалыг даавуугаар бүтээн, харуул хамгаалалт тавьсан ч дүрс тодордгоороо тодорсоор л байж. Испанийн шинжлэх ухааны судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Ж.Алонсо тухай материалд химийн шинжилгээ хийж үзээд дүрс гаднын нөлөөтэйгөөр бие болсон гэсэн бол бусад эрдэмтэд тэдгээр дүрснүүдийг хүний ер бусын оюуны чадамжийн үр дүн хэмээн үзжээ. Тэрхүү ер бусын оюуны чадамжтай хүн нь Мария Гомес Камара болж таарсан аж. Дүрснүүдийн царайны илэрхийлэл солигддог учир нь Мария Гомес Камарагийн сэтгэл зүйн байдлаас хамаардаг бөгөөд гэрийн эзэгтэйг хол явсан тохиолдол тэдгээр дүрснүүд алга болдог хэмээн тайлбарласан байна. Мария Гомес Камаррин 2004 онд 85 насандаа өөд болсон бөгөөд тэдний байшинг нэрээ нууцалсан нэгэн зарсан аж. Дүрснүүдийн тодорч бас алга болдог гол хүчин зүйл болсон хатагтай Камара нас барсан учир хачирхалтай үзэгдлийн төгсгөл мөн ирсэн байх хэмээн олон хүн бодож байсан ч дүрснүүд урьдын адил гарч гарч ирсээр байгаа аж. Эл үзэгдэл нь хэн нэгний тохуурхал биш гэдэг нь маш олон хүний судалгаа, дүрс бичлэгийн хальс бусад баримтаар нотлогддог. Бельмесийн дүрс үзэгдлийг ихэвчлэн парапсихологийн салбарынхан судалдаг аж