-“Зорилго тавиад тэмүүлж эхэлмэгц та ямар үнэ цэнтэйгээ харуулах болно”-
Шинэ Зеландын бизнес эрхлэгч, 24 настай Шарндре Кушор 2017 онд “Forbes” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий залуучуудын жагсаалтад багтсан. Энэ бол найз залуу Жейми Битоны хамт байгуулсан “Crimson education” компанийнх нь ач. Дэлхийн шилдэг их сургуулиудад 1000 гаруй хүн элсүүлсэн менторуудынхаа ажлын ачаар өнөөдөр тус компани 260 сая ам.доллароор үнэлэгдэж байна. Элсэгчид аль сургуулийг сонгодог, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үзэлтэй удирдагчтай Шинэ Зеландад хэрхэн бизнес эрхлэх талаар Шарндре Кушор “Forbes”-т ярьжээ.
-Ийм төсөл хэрэгжүүлэх санаа хэрхэн төрж, юунаас эхлэв?
-Шинэ Зеландын оюутнуудын олонх нь анагаах ухаан, инженер гэсэн ерөнхий чиг-лэлээр сурдаг. Өөр улсад сурах боломжтойг мэддэггүй. Дунд сургуулиа төгсөх жил би Жейми Битонтой танилцсан. Тэрбээр гадаадад сурахаар төлөвлөсөн байв. Хагас жилийн дараа бид бусад улсын нэр хүндтэй их сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй хүмүүст тусалдаг компани байгуулахаар болсон. Багш, оюутныг холбох нь манай компанийн гол зорилго.
-Эхлээд багш нарыг хэрхэн татав?
-Анхны багш нартай Жейми холбогдсон. Тэрбээр Харвардын их сургуулийн нэгдүгээр дамжаанд сурдаг байсан учраас оюутнуудтай уулзан, төслийнхөө тухай ярьж, хамтран ажиллах санал тавьж байв. Өдгөө манай баг 2400 гишүүнтэй. Нэр хүндтэй их сургуулийн оюутнууд ч бидэнтэй хамтран ажиллахыг хүсдэг. Менторуудынхаа 80 хувийг их сургуулиудаас нь хөлсөлдөг. Жишээлбэл, хамгийн сүүлд Йелийн сургуулиас хамтран ажиллах хүсэлтээ 800 оюутан ирүүлснээс 100-г нь сонгосон. Бэлтгэгч болон менторуудын ийм том баг оюутан бүртэй мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боломж бидэнд олгодог.
-Бэлтгэгч болон ментор юугаараа ялгаатай вэ?
-Бэлтгэгч ерөнхий мэдлэг, эсвэл стандарт тест бөглөх арга заадаг бол ментор нь эсээ бичих, анкет бөглөх зэрэг сургалтаас бусад үйл ажиллагааг зохион байгуулахад тусалдаг. Гол ялгаа нь гэвэл бэлтгэгч нь багш, ментор нь оюутныг дагалдан, хөндлөнгөөс байдлыг дүгнэж, зөвлөгөө өгөх замаар “дасгалжуулдаг”.
-Өнөөдрийн байдлаар танайд хэдэн оюутан сурч байна вэ. Энэ хугацаанд хэдэн хүн элсэв?
-Жил бүр бид 22 мянган оюутантай ажилладаг. Элсэх боломж хэр байгаа болон шаардлагатай мэдлэгээ авахаар их сургуулиа сонгох талаар бид маш нарийн зөвлөдөг. Тийнхүү боломжийг бодит байдалтай харьцуулахад тусалснаар манай оюутнууд 100 хувь хүссэн сургуульдаа элсдэг.
Өдгөө 24 улсад манай төлөөлөгчийн газар бий бөгөөд 260 гаруй ажилтантай. Бид дэлхийн шилдэг 50 их сургуульд 1050 гаруй оюутан элсэхэд тусалсан. Манайх хөрөнгө оруулагч идэвхтэй татдаг. Компанийн зах зээлийн үнэлгээ 260 сая ам.долларт хүрсэн.
-Дунд сургууль төгсөгчдөд бэлтгэгчийг хэрхэн сонгодог вэ?
-Оюутанд ментор, эсвэл бэлтгэгч сонгоход хиймэл оюун ухаан ашигладаг. Манай цахим хуудсанд “eHarmony” гэдэг алгоритм бий. Энэ нь сурах хэлбэр, оюутны болон бэлтгэгчийн хувийн зан чанар зэргийг дүгнэж, юу сурах хэрэгтэй талаар багшид судалгаа гаргаж өгдөг.
-Тодруулбал?
-Дунд сургууль төгсөгч тодорхой их сургуульд элсэх зорилгоор бидэнд ханддаг. Бид түүнд хэд хэдэн алхам бүхий стратеги төлөвлөгөө гаргахад тусална. Дараа нь давуу болон сул талаа тодруулах оношилгооны тестийг төгсөгч өгдөг. Үүний үр дүнгээс хамаараад манай алгоритм менторыг сонгодог. Их сургуулийн багш болон дэлхийн шилдэг их сургуулийн оюутнууд ментороор ажилладаг.
-Багш нартай ямар нөхцөлөөр ажилладаг вэ. Урамшууллын хэмжээг хэрхэн тогтоодог бол?
-Энэ бол нууц мэдээлэл.
-Оюутнуудын төлөх мөнгөний хэмжээг хэрхэн тооцдог вэ?
-Оюутан бүрт зориулсан хөтөлбөр тусдаа гардаг. Бэлтгэл эхлэхэд оюутан хэддүгээр дамжааных, ерөнхий мэдлэг болон англи хэл нь ямар түвшинд байсан, сургуулиас гадуурх үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцдог зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үздэг.
Бэлтгэх хөтөлбөрт ихэвчлэн их сургууль сонгох, өргөдлийн зөвлөгөө, эсээ бичлэгийн тусламж, дунд сургуулийн хичээлээр болон стандарт шалгалтаар давтлага авах, тэрчлэн сургалтаас бусад үйл ажиллагааны менторын үйлчилгээ зэрэг багтана. Хөтөлбөрийн өртөг нь удирдагчийн санаачилгаар ментортой ажилласан цагаас эхлээд хүүхдийн элсэхийг хүссэн их сургуулийн тооноос шалтгаалдаг. Анх уулзахдаа таны талаарх мэдээлэл авах төдийгүй ямар алхмууд хийх шаардлагатайг зөвлөсний дараа зардлын баримжаа гаргаж өгөх боломжтой. Энэ уулзалт, зөвлөгөө үнэ төлбөргүй.
-Бэлтгэгчтэй танхимаар хичээллэхтэй харьцуулахад танай хөтөлбөр элсэгчдийн ачааллыг хэр хөнгөвчилдөг бол?
-Элсэхэд амар, хялбар болгодог гэж би хэлэхгүй. Гэхдээ элсэх боломжийг нэмдэг. Учир нь бэлтгэгч, зөвлөхүүд маань манай гаргийн 20 шилдэг их сургуулийнх, дэлхийн өнцөг булан бүрт байдаг бөгөөд цахимаар ажиллах боломжтой.
Харин элсэх бэлтгэл нь цаашид сурах үйл явцыг үнэхээр хөнгөвчилж болох юм. Манай хөтөлбөрийг ирээдүйн боловсролд оруулах хөрөнгө оруулалт гэж үзэхийг бид хүсдэг. Манай зөвлөхүүд жил бүр оюутнуудад их сургуулийн тэтгэлэг авахад нь тусалдаг. Манай оюутнууд өнгөрсөн онд дунджаар жилийн 25 мянга орчим ам.долларын тэтгэлэг авч, дөрвөн жилийн сургалтын төлбөрөөсөө 100 мянгыг хэмнэх болсон.
-Бөмбөрцгийн аль нэг хэсэгт буй түнштэй хамтарч ажилладаг гэлээ. Та Шинэ Зеландад, Жейми Битон АНУ-д амьдардаг. Үүнээс болж хүндрэл учирдаг уу?
-Үгүй. Энэ бол бидний давуу тал. Үүнийг эхлээд ойлгоогүй, цагийн эрхээр тодорхой болсон. Өөр улсад байгаа нь биднийг анхнаасаа үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, ажлаа зайнаас зохион байгуулахад хүргэсэн. Цахимаар бизнес эрхлэх бүх боломж Шинэ Зеландад бий. Гурван өдрийн дотор хуулийн этгээд болох боломжтой. Үүний тулд гэрээсээ гарах хэрэггүй. Цахимаар бизнес эрхлэх зөвшөөрөл авч, эсвэл банкны данс нээлгэх боломжтой. Энэ бүхэн 150 ам.доллар болно.
-Оюутнууд ихэвчлэн хаана сурахыг илүүд үздэг вэ?
-Америкийн их сургууль хамгийн их эрэлттэй. Энэ нь АНУ-ын боловсролын тогтолцоо уян хатан байдагтай холбоотой. Тухайн сургуульд юу судлах тань тодорхой байх албагүй. Жишээлбэл, тэндхийн олон их сургууль “Libe-ral arts” системээр сургалтаа явуулдаг. Энэ нь оюутнууд хоёрдугаар дамжаа хүртлээ ямар ч хичээл судлах боломжтой. Гуравдугаар дамжаанаас янз бүрийн чиглэлийг нэгтгэж, эсвэл ойролцоо хоёр салбарыг (программ хангамж-инженер, эсвэл гүн ухаан-түүх) судалж болно. Өнөөдөр ажил хийхэд янз бүрийн мэргэжил шаарддаг.
-Боловсрол эзэмшихэд өдгөө өөр ямар өөрчлөлт орсон бэ?
-Сүүлийн үед цахим боловсрол эзэмших сонирхол ихэссэн нь анзаарагддаг. Одоо ялангуяа шилдэг их сургуулиуд оюутнуудаа “Ковид-19” цар тахлын улмаас зайны сургалтад яаралтай шилжүүлж буй. Энэ байдал нь цахим сургалт улам хөгжихөд түлхэц болно гэж боддог. Их сургуулиуд цахим хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж, боловсролыг илүү хүртээмжтэй болгох нь.
-Дунд сургууль төгсөгчдөд Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-АНУ-ын их сургуульд элсэхэд суурь боловсролын үнэлгээний 40 хувийг харгалзан үздэг. Өндөр оноотой ч их сургуульд элсэж чадаагүй олон тохиолдол бий. Их сургууль таны хувийн онцлогийг сонсохыг хүсдэг. Амьдралын ямар зорилготой, дэлхийд яаж нөлөөлөх боломжтойг асуудаг. Та амьдралын туршлагаараа нотолсон, маш шударга хариулт өгөх ёстой. Дэлхийг бохирдлоос аврахыг хүсдэг хэмээн ярих бол эл асуудлыг шийдэхийн тулд юу ч хийгээгүй байж болохгүй. Сурахаас гадна таны хийсэн идэвх зүтгэлийг бас хардаг. Их сургууль таны манлайлах чанар, санаачилга гаргах чадвар, ерөнхий эрдмийн талаар болон хичээлээс гадуур сонирхдог төслүүдийг харгалзаж үзнэ.
-Суралцагч нартаа төслүүдийнхээ санааг хэрхэн ойлгуулдаг вэ?
-Бид тэдний өмнөөс хэзээ ч, юу ч хийхгүй. Тэдэнд юу чухал бөгөөд сонирхолтой, юунд эрмэлзэж байгаа талаар бодуулах нь бидний бас нэг зорилго.
-Өдгөө экологийн сэдэв их эрэлттэй байна. Тийм төсөлтэй ирвэл баяртайгаар хүлээн авах байх. Элсэлтийн комиссын сэтгэлд таарах түлхүүр гэж бий юү?
-Аль ч их сургуульд тал бүрийн боломжийг дэмжих нь чухал. Хожим шаардлагагүй бол 1000 экологич төгсгөх шаардлага байх уу? Их сургуульд янз бүрийн үзэл бодол, тэргүүлэх зорилготой хүмүүс хэрэгтэй. Хэн нэг нь Африкийн өлсгөлөнтэй, нөгөө нь экологийн асуудал, өөр нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж байхад, дөрөв дэх нь асуудлыг газар дээр нь шийдэхийг оролддог байх нь чухал.
-Боловсрол эзэмших өөр ямар боломж байна вэ?
-Нидерланд, Финланд, Шведэд сурч болно. Эдгээр улсын их сургуулиудад англи хэлээр бакалаврын түвшинд сурах боломжтой. Германы их сургуулиудыг тусгайлан онцолмоор байна. Хамгийн нэр хүндтэй сургуулиуд нь жилд гадаадын 350 мянга гаруй оюутан элсүүлдэг. Их сургуулиудын олонх нь улсынх учраас үнэ төлбөргүй сурах боломжтой. Оюутан зөвхөн амьжиргааны болон хувийн зардлаа л гаргана. Германд сурахын тулд хэлийг нь хангалттай түвшинд судалсан байх ёстой.
-Шинэ Зеланд нь эмэгтэйчүүд санал өгөхийг хүлээн зөвшөөрсөн, дэлхийн анхны улс. Танай Ерөнхий сайд Жасинда Ардерни, ерөнхий захирагч Пэтси Рэдди нар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч. Ийм үзэлтэй эмэгтэйчүүд төр барьж байгаа нь бизнес эрхлэхэд нөлөөлдөг үү?
-Бизнес, анагаах ухаан, технологи, улс төрийн салбарт эмэгтэйчүүд амжилт олсон хангалттай жишээ Шинэ Зеландад бий. Энэ талаар бид азтай. Залуу эмэгтэйчүүд манлайлагч болоход ямар нэг саад байхгүй. Олон том компани ижил албан тушаалтай эрэгтэй, эмэгтэй хүний цалинг тэгшитгэсэн. Ажилтан сонгох үйл явцыг шударга, ардчилсан болгохын тулд шалгаруулалтын эхний шатны анкетад нэр, хүйс заадаггүй нь мэргэжлийн туршлагаа үнэлүүлэх боломж олгодог. Олон компани ажлын уян хатан хуваарьтай бөгөөд тодорхой цагт гэрээсээ ажиллах боломжтой. Энэ нь эмэгтэйчүүдэд ээжийн үүргээ, ажилтайгаа хослуулах боломж олгодог.
-Хүйсийн тэнцвэрт байдлыг хангах шаардлага компанид тавигддаг уу?
-Тийм. Захирлуудын зөвлөлд ч, үндсэн багт ч эрэгтэйчүүд 50, эмэгтэйчүүд үлдсэн хувийг эзэлдэг.
-Шинэ Зеландын парламентын гишүүн, 25 настай Хлоя Суорбрик уур амьсгалын өөрчлөлтийн талаар үг хэлж байхад ахмад гишүүн үгээр баалсны хариуд “Окэй, бумер!” (“Мэдлээ, хөгшөөн!”) хэмээн хариулаад, юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлэн ярьсан. Шинэ Зеландад насаар ялгаварлан гадуурхах асуудал бий юү?
-Би тийм асуудалтай нэг ч удаа тулгараагүй. Чи юу ч мэдэхгүй хэмээн нас харгалзан үзэл бодлыг тань үл тоохыг хүмүүс хүсэхгүй. Гэхдээ зорилго тавиад тэмүүлж эхэлмэгц та ямар үнэ цэнтэйгээ харуулах болно.