Клейтоны гэр бүлийг хөршүүд нь үлгэр жишээ гэж үздэг. Эднийх тансаг сайхан байртай, биенийхээ хайранд умбан, юугаар ч үл дутан, зовлон зүдгүүргүй, жаргалтай амьдарна. Саятан Стивен Клейтон, сайхан сэтгэлт сувилагч Лана нар тийм ч залуу гэхээргүй насандаа биенээ олж, үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөөр шийджээ. Харамсалтай нь, атаархам сайхан амьдрал нь удаан үргэлжилсэнгүй. Стивен шатнаас бууж яваад унан, тэр дороо амьсгал хураав. Энэ явдал бэлэвсэн эхнэрийнх нь эмгэнэл болоод л үлдэж болох байтал нөхөр нь амиа алдсан хэрэг цагдаа нарын анхаарлыг татжээ. Цогцост шинжилгээ хийтэл нүдэнд дусаадаг эмний хэмжээг хэтрүүлснээс амиа алдсан байв. Ажил үйлс нь өөдрөг явсан бизнесмен Стивен 1954 онд Флоридад төржээ. Ахлах сургуулиа төгсөөд цэргийн академид орсон ч дутуу хаяад Флоридагийн их сургууль төгсөв.
Хожим “Physical Therapy Resourles”сүлжээний компани байгуулсан нь насан туршийнх нь үйл байв. Тэрбээр чухам юм, юмтай эр байжээ. Шүлэг бичнэ, гольф тоглоно, аялах дуртай, ургамал ногоо тарих сонирхолтой. Хачин гоё харш, цэцэрлэгийг нь үзэх гэж нутгийн иргэд гэрт нь зочилно. Түүний харш АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэртэй тун адилхан байсан аж. Клейтон ховор сонин ургамал авахдаа гар татахгүй, урлагийн бүтээл цуглуулж, гэр нь музей шиг л юм байна. Одоогийн ханшаар энэ байгууламж 822 мянга, орчны газрын тохижилт нь 385 мянган ам.доллароор үнэлэгдэх юм байна. Орлогынхоо зарим хэсгийг Клейтон завиар зугаалах, дарс шимэхээс гадна, долоо хоног тутмын “Lake Wylie Pilot” сонины редакцын зөвлөлийн гишүүн тул олон нийтийн ажил эрхлэхэд зарцуулна. 1995 онд компаниа зарж, бизнест хөл тавьж буй залууст зөвлөгөө өгөхөд хүч тавих болжээ. Түүгээр зогсохгүй залуу авьяастнуудад зориулж тэтгэлэг бий болгов.
Хүүхдийн спортын арга хэмжээг хөрөнгө харамлахгүй ивээн тэтгэж, өөрөө ч тулааны урлагийг сонирхож, нэгэн үе дасгалжуулагч ч хийж явжээ. Ажил үйлс нь бүтэмжтэй яваа түүний хувийн амьдрал нь л тааруухан байгаад байлаа. Тэрбээр зургаан удаа гэрлэж, засаршгүй өөдрөг үзэлтэн учраас хувь заяа нь тэгширнэ гэж бодсоор явсан гэж найз нөхөд нь дурссан байдаг. Тиймээс арав дүү Ланатай учраад тэр дороо ухаан нь самуурсан мэт болж, шинэ харилцаандаа бүрмөсөн уусан шингэжээ. Тэд хүүхэдтэй болж чадсангүй. Лана нь эмнэлгийн ажилтан байсан бөгөөд ахмад дайчдын асуудал эрхэлсэн яаманд харьяалалтай, Христийн шашны ном судлах дугуйланд тогтмол явдаг болоод ч тэр үү, сайн үйлстэй, өр нимгэн хүн шиг санагддаг байж. Гэр бүлийн найз Кэн Сэнфорд нь Клейтоны гэргийг “эелдэг хатагтай” гэж үзнэ. Энэ гэр бүл таван жил шахам аятай тухтай байтал 2018 оны долдугаар сарын 21-нд эмгэнэлт явдал тохиолджээ. Клейтоны цогцсыг шатны доод хэсгээс олжээ.
64 настай энэ эр хальтирч өндрөөс унасан нь үхлийн шалтгаан болсон бололтой. Бэлэвсэн гэргий хийгээд ойр дотнынх нь хүмүүс золгүй тохиолдолд ихээхэн уй гашууд автлаа. Гэтэл гэр орныг нь нягтлан шалгахад мөрдөн байцаагчдын гайхлыг төрүүлсэн, золгүй тохиолдол болсон гэдэгт эргэлзэм зүйл цөөнгүй тааралдсан байна. Тухайлбал, талийгаачийн гудас, хувцас нь шээсэнд нэвт норсон байв. Клейтон өвчнөөс шалтгаалж орондоо хөдөлгөөнгүй нэлээд хугацаанд хэвтсэнийг энэ баримт нотолжээ.
Клейтоны биеийн тэнцвэрээ алдан шатан дээрээс унасан шалтгааныг тодруулахын тулд цогцсыг задалж үзэхээр болов. Мөрдөн байцаагчид шинжилгээний хариу хүлээж байх хооронд уй гашууд автсан Лана бүсгүй нөхрийнхөө хойтыг даатган буян үйлдэж байлаа. Саятны биед химийн бодис өндөр хувьтай байсан нь шинжилгээгээр илрэв. Клейтоны тогтмол хэрэглэдэг нүдний дусаалгын найрлагад ийм химийн бодис агуулагддаг юм байж. Энэ дусаалгыг зааврын дагуу нүдний салслаг бүрхэвчид гаднаас нь түрхвэл аюулгүй, харин дотогш орвол тэр даруйдаа цусанд нэвчиж төв мэдрэлийн системийг дарангуйлдаг аж. Түүгээр ч барахгүй уг бодис (хор) амьсгалд саад хийж, зүрх дэлсэхэд хүргэдгийг анагаах ухааны лавлах, сурвалжид бичсэн байна. Клейтон уг дусаалгыг ямар тохиолдлоор ууж хэрэглэснээс амиа алджээ гэж шүүх эмнэлгийн шинжээчид дүгнэв. Ийм байдал бий болмогц бэлэвсэн гэргийн ааш зан хачин болж ирлээ. Тэгэхдээ өчих үгээ ядах юмгүй олж, нөхөр нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор дусаалгыг кофендоо хийж уудаг байсан гэсэн байна. Цагдаа нарын асуултад Лана их түргэн хариу олсон нь сэжиг төрүүлээд зогсохгүй, Клейтон боловсролтой хүн хэрнээ өөрийн эрүүл мэндэд ийм хайнга хандаж, эмнэлгийн тусламж хүсээгүй нь гайхмаар байлаа.
Тэдний үзэж буйгаар өөрийнх нь биед хорт бодис орсныг талийгаач мэдээгүй байж болох. Уг бодис үнэр, амтгүй аж. Харин эмнэлгийн сувилагч мэргэжилтэй Лана үүнийг мэдээгүй байх учиргүй. Энэ бүхний зэрэгцээ Клейтоны үлдээсэн гэрээслэл ул мөргүй алга болжээ. Гэтэл Лана хөрөнгө өвлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нас барсан нөхрийнхөө бүх хөрөнгийн өв залгамжлагч хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна. Үнэндээ ч талийгаач саятны гэрээслэл байхгүй тохиолдолд түүний өв хөрөнгө хууль ёсоор бэлэвсэн гэргийд нь очих ёстой. Нөхөр нь нас барснаар хамгийн их үр өгөөжийг гэргий нь хүртэж буй явдал “Жинхэнэ алуурчин нь Лана юм биш үү” гэх бодлыг цагдаа нарт төрүүлжээ. Клейтоныг нас барахаас хоёр жилийн өмнө болсон нэгэн явдлыг эндхийн эрх мэдэлтэй хүмүүс ч эргэн санасан аж. Нөхрөө зүүрмэглэж байхад нь Лана харвагч төхөөрөмжөөр “буудсан” нь 2016 онд илэрсэн байна. Тухайн үед Ланаг хэн ч буруутгалгүй өнгөрчээ. Гэр бүлийн хоёр ч түүнийг санамсаргүй явдал гэсгээд өнгөрөөж. Уг харвах төхөөрөмжөөр Лана оролдож байгаад нөхрөөсөө тусламж хүсэхээр унтлагын өрөө рүү ортол Клейтон унтаж байсан тул буцаад гарах гэж байх агшинд төхөөрөмж тохиолдлоор “ажиллаж” орхисон гэж ярьжээ.
Клейтон сэрсэн чинь ар шилнээс нь цус гарч байж. Гэлээ ч тэрбээр Ланаг огт буруутгасангүй, “Гэргий нь алах оролдлого хийсэн гэдэгт ер итгэхгүй” гэж мөрдөгчдөд хэлсэн аж. “Санаатай бус явдал” гэж үзээд гэмгүй өнгөрөөсөн энэ үйлдэл нөхрөө үгүй хийх гэсэн зориудын хэрнээ бүтэлгүй оролдлого байсан юм биш үү гэх бодол сая цагдаа нарт төрсөн байна. Шинжилгээний хариунаас үзвэл хэрэв Клейтоны биед хуримтлагдсан хорыг нэг амиар хийсэн бол тэрбээр тэр өдрөө л амьсгал хураах байжээ. Харин хортой бодисыг тэрбээр 3-4 хоног орчим хэрэглэсэн бөгөөд гайт тэр бямба гарагт тунг нь урьдынхаасаа арай л хэтрүүлчихсэн байв. Лана нөхрөө санаатайгаар хордуулсан гэдгийг баримт нотолж байлаа. Цагдаа нар хангалттай үндэслэлтэй болоод Клейтоныг амьсгал хурааснаас нэг сарын дараа буюу наймдугаар сарын 31-нд Ланаг баривчлав. Цуглуулсан мэдээллээс үзвэл Лана баривчлагдахаасаа өмнө амиа хорлохыг завдсан байлаа. Сайхан сэтгэлтэй энэ эмэгтэйг хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэнийг сонсоод хөршүүд болон танилууд нь үнэмшээгүй гэдэг. Нэгэнт аллагын хэрэгт буруутгагдаж буй болохоор Ланаг барьцаагаар суллах боломж байсангүй.
Харин ойрын хүмүүс түүнийг тансаг харш, нуурын эрэгт байх эзэмшил газар, машин, завь, жижиг онгоц, банкан дахь хадгаламж, бэлэн мөнгө зэрэг нөхрийнхөө ямар ч хөрөнгө хогшилд гар хүрэх боломж байгаагүй хэмээн нотлохыг оролдож, өмгөөлөгч хөлсөлсөн байна. Ланаг саатуулагдаад байх үед Клейтоны өв хөрөнгийг эзэмших эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шүүх олгосон байна. “Ланад өөрийн гэх юу ч байхгүй, ажил хийх боломж ч байсангүй, бүх хөрөнгө түүний нөхрийн нэр дээр байжээ” гэж өмгөөлөгч Гари мэдэгдсэн аж. Америкийн сэтгүүлчид энэ хэргийг шийдвэрлэх үйл ажиллагааг богино хугацаанд үргэлжлэхгүй, хэдэн сар, жилээр шалгаж эцэслэдэг гэж 2018 онд хэлж байв. Хүний амь хохироосон хэрэгтээ Лана дор хаяж 30 жилийн ял шийтгүүлнэ. Өмнөд Каролин мужид ийм хэрэгт насаар нь хорих шийтгэл оноох нь цөөнгүй аж. Хордуулсан нь хүндрүүлэх нөхцөл бөгөөд үүний төлөө шүүх цаазын ял өгч ч болох байлаа. Өөрийнх нь байдал хүнд байгааг ухаарсан Лана мөрдөн шалгалтад тус болж, санамсаргүй аллагын хэрэгт буруутайгаа, нөхрөө хордуулснаа хүлээв.
Клейтон өөрийг нь дарамталж, их эвгүй харилцдаг, доромжилдог байсан төдийгүй гар хүрч, багалзуурдаж ч байсан гэж Лана байцаагдах үедээ хэлсэн байна. Нөхөртөө дургүй нь хүрч, түүнийг зовж шаналгахыг хүсдэг байснаа ч энэ эмэгтэй нуусангүй. Уур цухал нь хүрсэн үедээ уух юманд нь нүдэнд дусаадаг эмээс нь хийж байснаа хүлээжээ. Энэ нь нөхрөө тухгүй байлгах зорилготой байснаас алах санаа өвөрлөөгүй гэдгээ өчжээ. “Намайг тэр тайван байлгаасай л гэж би хүсэж байсан” гэж тэрбээр шүүгч Пол Берчид хэлсэн байдаг. Эмнэлгээс сувилагчийн эрхэм нэр хүндийг нь далимдуулан Ланаг хамгаалахыг өмгөөлөгчид хичээжээ. Тэд Ланаг анх жижигхэн охин байхдаа нагац ахдаа, дараа нь цэргийн баазад ажиллаж байхдаа хоёр удаа хүчиндүүлснийг нь нэг бус удаа дурджээ. Өмгөөлөгчдийн үгээр бол Лана энэ бүхнээс үүдэж сэтгэцийн их өөрчлөлт, бухимдалтай болсноо байн байн харуулдаг байсан аж. 2016 онд харвагч төхөөрөмжийн асуудлаар цагдаа нар Ланатай ярилцахдаа нөхөртэйгөө харилцаа тийм ч сайн байгаагүй, заримдаа хэрцгий авир ч гаргадаг байсныг дурссан мөртөө нөхөр нь гар хүрдэг байсан талаар үг хэлсэнгүй.
Талийгаачийн ах дүү нар нь Стивен Клейтон хүч хэрэглэдэг байсан гэх гэргийнх нь мэдүүлгийг нь эсэргүүцэж, Клейтоныг гайхалтай хүн чанартай анд нөхөр байсан гэцгээв. Тэдний бодлоор бол Лана нөхрөө алахыг олон жил санаархаж ирсэн байна. “Лана олон хүн хуурсан, харин та нар түүнд битгий хуурт” гэж Клейтоны загалмайлсан охин Лурдес Альварес нь шүүхийн шийдвэр гарахын өмнө шүүгчид хандан хэлжээ. Талийгаачийн эгч нь бэр байсан хүүхнээ “мангас” гэж нэрлэсэн аж. Улсын яллагч Ланад 50 жил хорих ял оноохыг хүсэв. Хуулийнхны үзэж буйгаар энэ эмэгтэй хорны нөлөөгөөр нөхрөө хэдэн өдөр зовж шаналгасан, түргэн тусламж дуудах бололцоогүй болгохын тулд гар утсыг нь нууранд хаясан, мөн гэрээслэлийг нь шатаасан. Шүүгч Пол Берч нөхрийнхөө амийг хохироохдоо өчүүхэн ч харамсаагүй эмэгтэйг торны цаана 25 жил суулгах шийдвэр гаргажээ.