Чарльз Мэнсон 1934 онд АНУ-ын Огайо муж улсад төржээ. Эцэг нь африк гаралтай, эх нь биеэ үнэлдэг, архи уудаг, дээрмийн хэргээр шоронд ч орж байж. Хүү нь ч багаасаа хулгай хийдэг болж. Мэнсон 1955 онд эмнэлгийн үйлчлэгч Розали Жин Уиллистэй гэрлэж, Калифорнид шилжин суурьшсан бөгөөд гурван сарын дараа хулгайлсан машинаа унаж яваад Лос-Анжелест баривчлагджээ. Розали жирэмсэн байв. Таван жил тэнсэн харгалзах ял авсан Мэнсон дуудсан цагт нь шүүхэд очихгүй байсны улмаас хуучин ялыг нь өөрчилж, гурван жил хорих шийтгэл оноов. Түүнийг шоронд байх хооронд хүү төрүүлсэн Розали нөхрөө хаяж, өөр газарт шилжлээ. Мэнсон 1959 оны хавар ялихгүй хэмжээний мөнгө залилах гэж байгаад баригдаж, 10 жил тэнсэн харгалзах ял авч, биеэ үнэлдэг Леона Стивенс гэгчтэй гэрлэв. Жилийн дараа дахин хууль зөрчиж, шоронд орлоо. 1963 онд хоёр дахь хүү нь төржээ. Леона ч Мэнсоноос салжээ.
Бүр 1930-аад онд банк дээрэмдээд хоригдож байсан Алвин Карпис гэгч Чарльзыг шоронд байхад нь гитар тоглож сургасан байна. 17 жилийг торны цаана өнгөрөөсөн Чарльз Мэнсон 1967 оны хавар 32 настай шоронгоос гарлаа. Сан-Францискод 23 настай Мэри Браннертэй танилцаж, 1968 онд хүү Валентин Майкл нь төржээ. 1970 онд Линда Касабианаас төрсөн Энжел бас Мэнсоны хүү байлаа. Айлд өргөгдөн өсөж торнисон Метью Робертс хэмээх залуу 2010 онд өөрийгөө Мэнсоны хүү гэж мэдэгджээ. Тэгэхдээ шинжилгээгээр энэ батлагдаагүй гэдэг. Бас нэг охин 2011 онд Мэнсоныг эцгээ гэж хэлсэн байдаг.
Чарльз Мэнсон ан 1969 оны зургадугаар сарын 1-нд анх хүн амины хэрэг үйлджээ. Мансууруулах бодис наймаалагч Бернард Кроу гэгчийг Холливудад байх гэрт нь буудсан аж. Кроуг африк гаралтай америк хүмүүсийн зүүний радикал “Хар ирвэс” байгууллагын гишүүн гэж Мэнсон үзэж байсан нь эндүүрэл байжээ. Мэнсоны байгуулсан “Гэр бүл” бүлгийн гишүүн Бобби Босолей, Сьюзан Аткинс, Мэри Браннер гурав мансууруулах бодис авахаар мөнгө өгсөн боловч тэр нь чанар муутай байснаас эргүүлж авах гэсэн ч бэтсэнгүй. Тэгэхээр нь Мэнсон Хинманы чихний гэдсийг нь сэлмээр тас цавчиж орхив. Тэгсэн ч Хинман мөнгийг нь буцааж өгсөнгүй. Хоёр хоногийн дараа түүнийг Бобби хутгалаад алчихлаа. 1969 оны наймдугаар сарын эхээр Бобби баривчлагдав.
Үүнээс хоёр хоногийн дараа Текс гэгчээ Мэнсон дуудаж, Терри Мэлчерийн гэрт очиж, тэнд байгаа бүх хүнийг алаад, мөнгийг нь хамж авчрахыг тушаалаа. Текс нь Мэнсоны гар, хөл болсон эр санж. Мэнсоноос даалгавар авсан Текс машин хөлөглөн гурван хүүхэн дагуулаад нэгэн байшинд дөхөж очлоо. Тэр байшинд нэрт найруулагч Роман Поланскийнх амьдарч байсан, өөрийгөө хөгжимчин гэж үздэг байсан Мэнсон түүнийг өөртэй нь хамтарч ажиллахаас татгалзсан продюсерийн гэр гэж андуурсан гэх таамаглал байдаг. Бас тэр байшин бусдаас хол байсан нь алуурчдыг сонголт хийхэд нөлөөлсөн гэж үзэж байсан юм билээ. Тэгтэл уг байшин руу цагаан өнгийн машин ирэхээр нь мань дөрөв бутан дунд нуугдав. Машин зогсохоор нь Тэкс гарч очоод жолоочийг нь буудаж орхив. 18 настай хүүхэд шиг амьтан байв, тэр нь.
Тэд байшинд цонхоор нь ороход хоёр эрэгтэй, мөн тооны эмэгтэй байв. Эмэгтэйн нэг нь жирэмсэн. Бүх мөнгийг нь дээрэмдэж аваад, гарыг нь хүлж байгаад алж орхив. Маргааш нь телевизээр мэдээлснээс үзвэл, алагдсан хүмүүсийн дотор кино найруулагч Роман Поланскийн найз Войцех Фриковски, Поланскийн гэргий, амаржих дөхсөн байсан, жүжигчин Шэрон Тэйт нар байжээ. Энэ үед Полански өөрөө эзгүй байж. Мэнсон болон “Гэр бүл” бүлгийнхнийг 1969 оны наймдугаар сарын 16-нд авто машин хулгайлсан хэргээр баривчилсан ч тэдний бүгэж байсан газарт нэгжлэг хийсэн нь хууль бус гэж үзсэн учир сулласан байна. Тус газарт нь ажиллаж байсан хүмүүсийн нэг Дональд Ши холбогдох байгууллагад хов хүргэсэн гэж Мэнсон үзсэнээс түүнийг устгаж, цогцсыг нь мөчилж, булжээ. Энэ үед Шэрон Тейт хийгээд түүний зочид болон Ла Бьянк нарыг алсан хэргийг “Гэр бүл” бүлэг, Мэнсонтой холбоотой гэж цагдаа нар таамаглаж байсан аж.
Шүүх ажиллагаа 1971 оны зургадугаар сарын 15-нд эхлэв. “Гэр бүл”-ийн зарим гишүүн Мэнсоны эсрэг мэдүүлэг өгчээ. Линда Касабиан шүүх хурлуудад гол гэрчийн үүрэг гүйцэтгэсний хүчинд эрүүгийн хэргээс өөрийгөө мулталж чаджээ. Тэрыээр хүний амь бүрэлгэх үйлдэлд биечлэн оролцолгүй, гадаа харуулын үүрэг гүйцэтгэж байгаад цагдаа нарт сайн дураараа бууж өгсөн аж. Тэр үнэн зөв мэдүүлэг өгөөгүй бол Мэнсон гэм зэмгүй өнгөрч ч мэдэх байв.
Мэнсоны өмгөөлөгчөөр томилогдсон Рональд Хьюз шүүх хурлаас өмнөхөн алга болчихжээ. Таван сарын дараа түүний цогцыг олсон бөгөөд “Гэр бүл”-ийн гишүүн, “Мэнсоны хүүхнүүд” энэ хэргийг үйлдсэн хэмээн үзсэн байна. Нэлээд хугацаа зарцуулж байж “Гэр бүл” бүлгийн долоон гишүүнийг хийгээр хордуулж алах ял оноов. 1972 онд уг ялыг насаар нь хорих шийтгэлээр сольжээ.
Чарльз Мэнсон 1989 оноос Калифорни муж улсад шоронд хоригдож байв. Тэр болтол түүнийг хэд хэдэн шорон дамжуулсан байна. Түүнийг хугацаанаас нь өмнө суллахаас 2012 оны дөрөвдүгээр сард татгалзсан бөгөөд тэрбээр 2027 онд л энэ талаар дахин хүсэлт гаргах боломжтой байв.
Сэтгүүлч Нуэль Эммонс 1979 онд Мэнсонтой уулзаж, хийсэн яриа 1986 онд хэвлэгдсэн “Чарльз Мэнсон: Түүний амнаас сонссон амьдралынх нь үнэн түүх” номынх нь үндэс болсон байна. Мэнсон 1980-аад онд дөрвөн удаа сэтгүүлчдийн асуултад хариулсан байх юм. Эхнийх нь 1981 оны зургадугаар сарын 13-нд, хоёр дахь удаагаа 1986 оны гуравдугаар сарын 7-нд ярилцлага өгчээ. Гурав дахь удаад Жеральдо Ривере гэдэг сэтгүүлчтэй 1988 онд уулзаж, ярилцжээ. Дөрөв дэхийг нь 1989 онд сэтгүүлч Николай Шрек “Charles Manson superstar” гэдэг баримтат кинонд зориулж авсан байна. Мэнсон нь ухаан солиотой хүн биш, харин тийм болж харагдах гэж оролддог юм байна гэж Шрек дүгнэжээ.
Шоронгийн нэг өрөөнд хоригдож байсан Ян Холмстрём 1984 оны есдүгээр сарын 25-нд Мэнсон руу уусмал цацаад гал тавихад биеийнх нь 18 хувь, ялангуяа нүүр, толгой нь түлэгджээ. Холмстрёмын ярьснаар бол шашин шүтлэгийн шалтгаанаар Мэнсон түүнд заналхийлснээр энэ явдал үүсжээ.
80 настай Мэнсоныг 27 настай Афтон Элейн Бёртонтой гэрлэхийг 2014 оны арваннэгдүгээр сарын 7-нд зөвшөөрсөн байна. Гэвч тэд гэрлэсэнгүй. Мэнсон хүндээр өвчилж, түүнийг 2017 оны нэгдүгээр сарын 3-нд эмнэлэгт аваачиж, арваннэгдүгээр сарын 19-нд 84 насандаа тэрбээр амьсгал хураажээ.
Түүний нөхдийн хувь заяа ч янз бүрээр төгссөн байна. Аллага үйлдүүлэхээр Ч.Уотсон, С.Аткинс, П.Кренвинкель, Лесли Ван Хаутен, Л.Касабиан нарыг Мэнсон өөрөө сонгож авсан аж. Тэд бүгд амаргүй амьдралтай байгаад буруу замаар будаа тээсэн байдаг. Тухайлбал, С.Аткинс эхийгээ нас барсны дараа эцэгтэйгээ таарч тохирохгүй байснаас гэрээсээ явж Сан-Францискод биеэ үнэлдэг болж. Лесли Ван Хаутен 14 жил мансууруулах бодис хэрэглэж, 17 насандаа жирэмсэлж, ээж нь хүүхдээ авхуулахыг шаардаж байсан аж. Тэдний залуу нас, хүнд хэцүү амьдрал, Мэнсоны эрхэнд хэт орсон зэрэг нь хожим шүүхийн шийдвэрт огт нөлөөлсөнгүй, бүгд цаазын ял авсан ч уг ялыг дараа нь өөрчилсөн байна. Мэнсон хүн алах даалгаврыг тэдэнд долоон удаа өгсөн гэдэг. Тэд Мэнсоныг шүтэж, түүнийг дэлхийд буцаж ирсэн Исус гэж үздэг байж.
“Гэр бүл”-ийн гишүүн П.Кренвинкель, Лесли Ван Хаутен нар одоо Калифорнийн эмэгтэйчүүдийн шоронд байна. Тэд хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт олон удаа гаргасан ч тухай бүрт татгалзсан хариу өгч иржээ. “Гэр бүл”-ийн бас нэг гишүүн С.Аткинс тэр шоронд 2009 онд 62 настайдаа нас барсан аж.
Бобби Босолей Орегон муж улсын Салем хотын шоронд хоригдож буй. Тэрыээр гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг болсон байна. Ч.Уотсон Калифорнийн Сан-Луис-Обиспо хотын шоронгоос 1993 онд өөр хорих анги руу шилжжээ. Брюс Дэвис шоронд байхдаа шашны философийн докторын зэрэг хамгаалжээ. 2010 онд түүнийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гарсан ч Калифорни мужийн Амбан захирагч Арнольд Шварценеггер хүчингүй болгожээ. Харин Стив Гроган цагдаа нартай хамтарч ажилласны дүнд 1985 онд суллагдсан байна.
Мэнсонд хамгийн үнэнч, үйл хэргийг нь залгамжлагчийн нэг хатагтай Линетт Фромм 1975 оны есдүгээр сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Фордыг Сакраменто цэцэрлэгт хүрээлэнд салхилж явахад нь буудахыг оролдсон аж. Үүнийхээ төлөө насаараа хоригдох ял авсан тэрбээр Өрнөд Виржини мужийн шоронд хоригдож байхдаа 1987 оны арванхоёрдугаар сард Мэнсоныг хорт хавдар өвчнөөр нас барсан гэх ташаа мэдээлэл сонсоод оргож, хоёр хоноод баригджээ. Түүнийг 2009 оны наймдугаар сард сулласан байна. Линетт Фромм одоо Нью-Йорк мужийн Марси хотод аамьдарч буй гэнэ.