ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Чувашийн тэргүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. "Михаил Игнатьевийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн итгэлийг алдсантай холбогдуулан Чувашийн тэргүүний албан тушаалаас нь чөлөөлөхийг шийдвэрлэлээ" гэж зарлигт бичжээ. Баримт бичигт заасны дагуу Олег Николаев тус бүс нутгийн шинэ даргыг томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болжээ. Тогтоол нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж. Өмнө нь Telegram сувгуудаар Чувашийн Аврах албанд автомашины түлхүүрийг гардуулж буй ёслолын дүрс бичлэг гарчээ. Бичлэгт Чувашийн экс дарга түлхүүрийг дээш өргөн сэгсрэхэд Онцгой байдлын офицер түлхүүрийг авах гэж дээшээ үсэрч байгаа дүрс гарчээ. Бичлэг олон нийтийн дунд шуугиан тарьсан байна. Үүнээс өмнө Хэвлэлийн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Игнатьевын "өглөөнөөс үдэш болтол шүүмжилдэг сэтгүүлчдийг" “цааш харуулах хэрэгтэй "гэсэн мэдэгдэл мөн л бөөн шуугиан тарьсан аж. Хожим түүний эл үгийг сөрөг мэдээллийг захиалгаар тараадаг блогчдын жинхэнэ нүүр царайг илчлэх хэрэгтэй гэсэн утгаар хэлсэн гэж хэвлэлийн алба нь тайлбарлажээ. Игнатьев “цааш харуулах хэрэгтэй" гэсэн үгнийхээ төлөө уучлал гуйсан байна. 1-р сарын 28-нд түүнийг "Нэгдмэл Орос" намын эгнээнээс хассан нь тодорхой болсон юм.