Хагас жил гаруй үргэлжилсэн ойн түймрийн улмаас Австралийн биологийн олон төрөл, зүйл устаж, багагүй хэсэг нь мөхлийн ирмэгт хүрээд буй. Тэдгээрийн дундаас коала буюу уутат баавгай цөөхөн үлдсэн аж. Амьтдын амьдрах орчин сүйдсэн учраас үлдсэн коалануудыг Шинэ Зеланд руу нүүлгэн шилжүүлэх саналыг олон нийтээс гаргаж, цахимаар кампанит ажил өрнүүлсэн бөгөөд үүнийг дэмжиж 7.5 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна. Шинэ Зеландын эко систем эл амьтанд маш тохиромжтой гэж үзсэн учраас Коала нүүлгэн шилжүүлэх нийгэмлэг хүртэл байгуулжээ. Австралийн нэгэн имиж болсон коала баавгай устаж үгүй болж байгаа нь гашуун үнэн бөгөөд түүнийг болон бусад олон төрөл, зүйлийг аврахын тулд амьдралынх нь тохироо бүрдсэн газарт тодруулбал, урт хугацаанд оршин тогтнох нөхцөл бүхий Шинэ Зеланд руу нүүлгэн шилжүүлэх нь хамгийн зөв арга. Эс бөгөөс хэзээ ч сэргэхгүйгээр мөхнө. Коала бол зөвхөн австраличуудад бус, дэлхий нийтэд хамаатай гэдгийг нийгэмлэгийнхэн мэдээлэв.
Шинэ Зеландад 28.5 мянган га талбай эзэлсэн эвкалипт буюу коалагийн гол хүнс болсон модон ой бий. Ялангуяа хойд хэсгийн арлын байгаль орчин Австралийн ойтой маш төстэй юм байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн тооцооллоор, Австралид түймрийн үеэр 1.25 тэрбум орчим амьтан, тэр дундаа коала хамгийн олноор үрэгджээ.
Ташрамд өгүүлэхэд, Австралийн коала мөхөх аюулд өртсөн нь анх удаа биш юм. 1924 онд тус улс хоёр сая коаланы арьс экспортолсон нь тоо толгой нь огцом буурах гол шалтгаан болсон гэдэг. Тиймээс Засгийн газраас нь эл амьтныг агнахыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаад 1927 онд бүрэн хориглосон түүхтэй. Эл бодлогын үр дүнд 1953-1954 онд тоо толгой нь нэмэгдэж, мөхлийн ирмэгээс аврагдсан. Коаланы дархлааны систем тун эмзэг учраас амархан өвдөмтгий, ялангуяа хатгалгаа болон элдэв халдварт өвчинд өртөх эрсдэлтэйг эрдэмтэд тэмдэглэдэг. Удаан хугацааны түймрийн өмнөх бүртгэлээр бол Австралид 100 мянган коала байснаас өдгөө хагас зуу гаруй л үлдсэн гэдгийг Австралийн коала сангаас мэдээлэв.
Бэлтгэсэн: Э.Хана