- Өмнөд туйлаас олдсон хамгийн учир битүүлэг олдворууд -
Өмнөд туйл буюу Антарктид тив нь дэлхий дээрх хамгийн нууцлаг, сонирхол татам газарт тооцогддог. Учир нь тус тивийн агаарын дундаж температур -50 градус байх бөгөөд заримдаа -89 хүрдэг аж. Дээрээс нь цагийн бүсчлэлд хамаардаггүй, зөвхөн хоёрхон АТМ байдаг гэсэн сонирхолтой баримт бий. 1820 онд оросууд энэ тивийг нээснээс хойш дэлхий дахин эрчимтэй судалсаар ирсэн. Уг тивийг зорьдог судлаачдын гол зорилго нь мөнхийн хүйтэн орших газарт хэн амьдардгийг мэдэх, аварга том мөсөн доор юу нуугдаж байгааг олж илрүүлэх. Энэ талаар маш олон түүх, домог байдаг. Тэр ч бүү хэл дэлхийн II дайны үед Германы III Рейх үйл ажиллагаа явуулдаг байсан гэх бөгөөд зарим судлаачийн таамагласнаар харь гаргийн томоохон бааз байх магадлалтай. Хамгийн сонирхолтой нь, энэ тивд алга болсон, эртний Атлантис хотын нэг хэсэг байдаг гэж үздэг. Антарктид тивээс олдсон сонирхолтой, нууцлаг олдворуудын талаар хүргэе.
ЕР БУСЫН АМЬТАН
2009 онд мөсөн дотроос нэр нь үл мэдэгдэх нэгэн зүйлийн амьтны яс олсон нь ихээхэн шуугиан тарьсан билээ. Уг олдвор нь биеийн хэмжээний хувьд мууртай төстэй боловч өндөглөдөг амьтан байсан нь тогтоогдсон. Судлаачид тэр амьтныг 250 сая жилийн өмнө амьдарч байсан сүүн тэжээлтний төрөлд хамааруулж байгаа юм. Тивүүд өмнө нь нийлмэл байх үеийн Өмнөд Америк болон Антарктидийг Пангиа гэж нэрлэдэг. Тухайн үед уг амьтан Пангиагаас өөр тив рүү шилжин суурьшиж, одоогийн муурын төрөл зүйл бий болсон гэж судлаачид үзэж байна.
100 ЖИЛИЙН НАСТАЙ ВИСКИ
Уг тивийн мөсөн дотроос хоёр хайрцаг сайн чанарын шотланд виски олжээ. Судлаачдын баг уг олдворыг мөснөөс гарган авах үедээ гэмтээх магадлалтай гэж тооцон хэдэн жилийн туршид жижиг төрлийн багаж ашиглан эргэн тойрных мөстэй нь цуг салгасан байна. Дараа нь вискиг -20-0 градусад хоёр долоо хоногийн турш гэсгээсний үр дүнд 10 лонх вискиг судлах боломжтой болсон аж.
МӨСӨН ДУНДАХ АЛДАГДСАН ХӨЛӨГ ОНГОЦ
1914 онд тус тивийг хөндлөн туулах зорилгоор Эрнест Шеклтоноор ахлуулсан Английн хоёр хөлөг онгоц замд гарчээ. Тэдний нэг “Тэсвэр хатуужил” нэртэй нь Уэдделлийн тэнгисийг зорьсон бол “Аурора” хэмээх хоёр дахь нь Российн тэнгис рүү чиглэсэн байна. Харамсалтай нь, “Тэсвэр хатуужил” осолд орон, мөсөн дунд гацжээ. Эрнест Шеклтон ахмадтай хөлгийн багийнхан аврах завиар мөсөн “цөл”-ийг туулах хүнд аялалд гаран, эцэст нь халим агнуурын газарт очиж амь аврагдсан юм. “Тэсвэр хатуужил” хөлгийг мөсөн дундаас олсон байна.
АЙМШИГТАЙ АМЬТАН
335 метрийн зузаан мөснөөс Америкийн археологичид нэгэн гайхамшигтай олдвор гаргав. Энэ нь магадгүй хамгийн аймшигтай нээлт байж болох бөгөөд өмнө нь эрдэмтдийн хэзээ ч харж байгаагүй, хачирхалтай амьтан байжээ. Уг амьтан ердөө 20 см урт, ясаар биеэ хучсан, төсөөлөхөд ч бэрх биеийн бүтэцтэй аж. Өнөөдөр энэ амьтны уг гарвал, хооллолт болон төрөл, зүйлийг нь олохоор судалгаа хийж буй.
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ЯС
Энэ нь Антарктид тивд эрт үед үлэг гүрвэлүүд амьдардаг байсны нотолгоо юм. 1980-аад оны үед судлаачид чулуужсан үлэг гүрвэлийн тонн орчим жинтэй яс олсон бөгөөд ихэнх нь 71 сая жилийн настай байж. Эдгээр нь эрт үеийн аварга шувуу болон далайн амьтдын төрөл, зүйл гэнэ. Үүнээс үзэхэд, уг тивд 70-200 сая жилийн өмнө уур амьсгал илүү дулаан байсан нь үлэг гүрвэлүүдийн амьдрах таатай орчин болсныг судлаачид онцолсон.
Бэлтгэсэн: Т.Идэр