Өмнөговь аймгийн иргэн М 2018 оны есдүгээр сард тус аймгийн Булган сумын нутгаас шар мана чулуу хайж явахдаа 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан protoceratops andrew¬si хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан бүтэн яс олжээ. Улмаар түүнийгээ цавуу, гипс ашиглан бэхжүүлж, ухаж аваад гэртээ хүргэсэн байна.
Үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олсноо, худалдах санаатай буйгаа нэг бус хүнд хэлж, зургийг нь ч үзүүлсэн аж. Иргэн М уг олдворыг таван сая төгрөгөөр авах гэсэн хүнд зараагүй, 20 сая төгрөгөөр борлуулах санаатайгаа найздаа хэлсэн байна. ШУА-ийн Палеонтологийн төвийн лабораторийн шинжээчид “Одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан бүдүүлэг эвэрт үлэг гүрвэл болох protoceratops andrewsi-ийн олдвор болохыг гадаад төрх, анатомийн шинжүүдээр тодорхойлов. Protoceratops нь палеонтологийн шинжлэх ухаанд эвэрт үлэг гүрвэлийн хувьсал хөгжил, тэдгээрийн гарал үүслийг тодорхойлоход онцгой чухал байр суурь эзэлдэг. Уг олдвор үлэг гүрвэлийн өсөлтийг тодорхойлох шинжлэх ухааны нарийвчилсан судалгаанд онц шаардлагатай, чухал болох нь илэрхий байна. Энэ олдвор нь 24 сая төгрөгийн үнэлгээтэй” хэмээн дүгнэсэн аж. Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүх уг хэргийг хэлэлцээд М-г нь Эрүүгийн хуулийн 25.4-1 дэх хэсэгт заасан хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийсэн гэм буруутайд тооцож, хорих ял ногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа