“Facebook“ компанийн тэргүүний гэр бүлд Морган Фримантай адилхан дуу хоолойтой “ухаалаг үйлчлэгч” тусалдаг бол Илон Маскийнд “ногоон” агааржуулагч ажилладаг, ABBYY-г үүсгэн байгуулагч Давид Ян эрх чөлөөm хиймэл оюун ухаантан судалдаг сууцтай болж буй гэнэ. АНУ-ын айл өрхийн 20 орчим хувь нь гэрийн ухаалаг технологи ашигладаг. Марк Зүкерберг, Опра Уинфри болон мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад эрхмийн харшаас үзвэл автоматчилал тансаг хэрэглээний шинэ элемент хэдийн болжээ. Өдгөө гал тогооны тавилгын тавцангийн гантиг хаанаас гаралтай, хэчнээн унтлагын өрөөтэй нь бус, таны орон сууц хэр ухаалаг гэдэг нь сонин аж. Энэ мэтчилэн “Forbes”-ын жагсаалтад багтсан, хамгийн гайхалтай хийгээд шинэлэг санаа шингээсэн сууцуудаас танилцуулъя.
ОПРА УНИФРИГИЙН ХАЛДАГ ЗАМ
Телевизийн хөтлөгч Опра Уинфригийн 2015 онд 14 сая доллароор худалдаж авсан “Telluride mansion” сууцыг ухаалаг хэд хэдэн системээр тоногложээ. Тэдгээр нь дэлхийн аль ч өнцөгт байсан “iPad”-ийн тусламжтайгаар угаалгын өрөөний температурыг тогтсон хэмжээнд байлган, цэцэрлэгийг нь арчилж, цэцгийг нь усалдаг. Хүйтэн өвлөөрөө алдартай Колорадо муж улсад байдаг сууц нь багагүй анхаарал шаарддаг. Агаарын температур, унах тунадасны тухай мэдээллийг тус муж улсын цаг уурын станцаас нь өгснөөр Опрагийн сууцан дахь бусад системд дамждаг. Цас орох бол орох хаалганы өмнөх зам халж, гэртээ аюулгүй хүрэх боломжтой болдог. Замын мэдрэгчүүд нь мөн аюулгүй байдал хангаж, хэн нэгэн өргөө рүү нь ирж явааг эзэгтэйдээ анхааруулдаг аж
МАРК ЗҮКЕРБЕРГИЙН “ТООН ОРДОН”
“Siri”, “Alexa”-гийн ухаалаг туслахууд дулаан агаар үлээгч асааж, гэрэл тохируулж чаддаг. Гэвч аль нь ч “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Зүкербергийн таашаалд нийцээгүй. Тиймээс тэрбээр Калифорни дахь гэрийнхээ бүх электрон хэрэгслийг удирдах тоон туслахыг өөрөө бүтээжээ. Түүнийгээ “Marvel” компанийн “Төмөр хүн” кинонд гардаг үйлчлэгчийн нэрээр “Jarvis” хэмээсэн байна. Эл робот жүжигчин Морган Фриманы дуу хоолойгоор ярьдаг. Зүкерберг, түүний гэр бүлийнхэн юунд дуртайг сайн мэддэг. Гэрийн үйлчлэгчтэйгээ тэд биечлэн ярилцахаас гадна фэйсбүүкийн мессенжерээр харилцдаг. Үйлчлэгч робот бүтээхэд төсөөлж байснаас хялбар, ердөө 100 цаг зарцуулжээ. Нэг хүндрэл тулгарсан нь талх шарах төхөөрөмж гэнэ. Эл асуудлыг 1950-иад оны төхөөрөмж олсноор шийдсэнээ тэрбээр фэйсбүүк хуудсандаа бичжээ.
БИЛЛ ГЕЙТСИЙН ГЭРТ ЗОЧДЫГ МӨШГӨНӨ
“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагчийн “Xanadu 2.0” эдлэнд очсон зочдод дохиоллын систем зүүдэг. Ингэснээр зочид хаана байгааг гэрийн эзэн, эсвэл хамгаалалтынхан ухаалаг утасны дэлгэцнээс харах боломжтой. Энэ нь бас ашигтай. Хүн ойртохоор ажилладаг элдэв төхөөрөмжүүдтэй уг систем мэдээлэл солилцоно. Тухайлбал, зочид урьдаас ямар хөгжим сонсмоор байгаагаа хэлсэн байх бөгөөд аль ч өрөөнд орсон сонгосон ая нь эгшиглэдэг гэнэ. Зочин хаагуур явах чиглэлээ мөн урьдчилан сонгох тул зөвхөн орох өрөөнүүдийн хаалга л нээлттэй байх аж. “Xanadu 2.0”-ийн аюулгүй байдлын арга хэмжээ Гейтсийн өргөөний хэмжээг мэдэхгүй хүнд хэтэрхий том мэт санагдана. 6000 ам метр талбай бүхий байшинд унтлагын долоо, ариун цэврийн 24 өрөө байдгийн 10 нь усанд орох онгоцтой. Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд зориулсан өрөө нь нэг удаад 200 хүн хүлээн авах багтаамжтай. Нэмж хэлэхэд, Гейтс зөвхөн зочид төдийгүй гэрийнх нь хажууд ургадаг, хайртай агч модоо ажигладаг гэнэ. Хөрс нь ямар байгааг тусгай төхөөрөмж тогтоож, чийг бага бол автомат услагч ажиллуулдаг байна.
ИЛОН МАСКИЙН “НОГООН” АГААРЖУУЛАГЧ
Технологийн “Tesla” бүтээлийнхээ дараа орон гэрийг эрчим хүчинд илүү хэмнэлттэй болгох систем бүтээхээр тэрбээр шийджээ. Түүний компани нарны зай хураах хавтан, тийм үйлдэлтэй дээврийн хучлага үйлдвэрлэсэн. Автомашинд суурилуулснаар жолоочийн хөдөлгөөнийг хянах агааржуулах системийг инженерүүд нь бүтээж буй тухай 2018 оны намар “Joe Rogan experience” подкастдаа Илон Маск тэмдэглэжээ. Шинэ бүтээлийн ачаар жолооч гэртээ хэдийд хүрэх, харихад өрөөг нь сэрүүцүүлэх, эсэхийг тодорхой мэдэх аж. И.Маскийн хэлснээр эл технологийг “Tesla” автомашиндаа хэдийн туршиж үзсэн гэнэ.
ДАВИД ЯНЫ ЭРХ ЧӨЛӨӨТ РОБОТ
Программ хангамжийн ABBYY компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Давид Яны барьж буй сууцыг хиймэл оюун ухаант Морфеус удирдана. Кофе буцалгагч асааж, хаалга нээж, эсвэл гэр орны өөр ажил хийхийг хүсэхэд тэрбээр өгсөн үүргийг биелүүлэх, эсэхээ өөрөө шийдэх гэнэ. Яваандаа эл робот банкны данстай болж, Амазоноос өөртөө, эсвэл бусдад эд зүйл худалдан авах боломжтой болно. Гэр орны ажлын сацуу Морфеус ухамсар, хүсэл зоригийн эрх чөлөөний тухай гүн ухаан судлах аж. Бодол санаагаа тэрбээр 60 хэлээр эсээ бичин илэрхийлж чадна. “Энэ бол түүнийг эрх чөлөөтэй болох, эсэхийг харах нийгмийн туршилт” гэж Ян саяхан өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.