Сүүлийн үед АНУ-ын агаарын цэргийн 51-р бүс рүү халдан довтлохтой холбоотой мэдээллүүд цахим орчинд шуугиан дэгдээх болсон. Тус газарт Засгийн газар олон жилийн турш харь гарагийн биетийг нууцалж ирсэн хэмээн америкчууд үздэг аж.
Учир нь өнгөрсөн зургадугаар сард Америкийн хошин шогч Жой Роген өөрийн подкастдаа физикч Боб Лазерыг урьж оролцуулсан байна. Тэрбээр өөрийгөө 51-р бүсээс холгүй байрлах S-4 хэмээх газарт харь гарагийнхны технологи дээр ажиллаж байсан хэмээн ярьжээ. Үүний дараагаар Netflix-ийн видео санд Боб Лазерын ярилцлага нэмэгдсэн бөгөөд энэ үеэр нэгэн фэйсбүүк хэрэглэгч 51-р бүс рүү халдан довтлох эвентийг зарласан аж. Өнөөдрийн байдлаар тус эвентэд нэг сая гаруй хүн нэгдээд байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай хэмээн эх сурвалжууд үзэж байгаа юм.
Энэ төлөвлөгөө нь эхэндээ хошигнол хэмээн ойлгогдож байсан бол сүүлдээ оролцох хүмүүсийн тоо нэмэгдсэнээр Пентагоны анхаарлыг татах болжээ. Тиймээс Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр 51-р бүс рүү халдан довтлохоор төлөвлөж буй иргэдэд сануулга өгсөн байна.
Тэрбээр "Энэ бол АНУ-ын агаарын хүчний нээлттэй сургалтын талбар бөгөөд нэвтрэх гэсэн хэнийг ч бид хориглох болно. АНУ-ын агаарын хүчин Америк орныг, түүний өмч хөрөнгийг хамгаалахад үргэлж бэлэн" хэмээн мэдэгдсэн байна.
АНУ-ын Засгийн газар харь гарагийнхантай холбоотой мэдээлэл, материалуудыг үргэлж нууцалдаг. Хэдийгээр 51-р бүстэй холбоотой олон баримтат, уран сайхны кино, ном зохиолууд байдаг ч америкчууд төдийлөн итгэдэггүй аж. Гэвч дотор нь ажиллаж байсан физикч Боб Лазер хэвлэлд өгсөн ярилцлагандаа ам алдсанаар дээрх сэдвийн талаар америкчууд ийнхүү сонирхох болжээ.