Цас, бороо, нар, салхи, тэнгэрийн “амтыг” тэнцүүхэн мэдрүүлэх дөрвөн улиралтай, элсэн манхан, ой хөвч, хад асга, хүчит хүрхрээ нь нүд, сэтгэл баясгасан Монгол минь онгон дагшин байгалийн үзэсгэлэнгээрээ хэнбугайг ч уулга алдуулна. Ийм гоё зураглалыг тааваараа идээшлэх мал сүрэг, талд цацсан сувд шиг бөмбөгөр цагаан гэрүүд улам чимнэ. Энэ бүхнийг хачирлах өөр нэгэн зүйл нь зочломхой монгол зан. Хэдийгээр өнөөдөр бид “Утаатай байна, уул, усаа сүйтгээд дууслаа, язгуурын өв соёлоо мартлаа” гэж уулга алдаж байгаа ч үнэндээ бол үндсэн өгөгдөхүүнээ цөөхөн үгээр товчхон илэрхийлэхэд тийм шүү дээ. Гарцаагүй бахархах ийм л сайхан эх оронтой болсон монголчууд азтай, жаргалтай, амны хишигтэй. Гэхдээ аз жаргалыг дан ганц байгалийн өгөгдлөөр хэмжихгүй. Заяасан тэр зүйлийг арчилж, тордож, хамгаалж, хайрлаж, илүү гоё, сайхан болгож азыг гялалзуулж, жаргалыг дэлгэрүүлэх буй за. Энэ тал дээр бид харин “азгүй, одгүй” болчихоогүй байгаа даа.
Урд хөршийн зүүн өмнөд хэсгийн Хунань мужийн Жанзязэ хотоор аялж явахдаа ийнхүү бодож, айлын хүүхдүүдэд “атаархав”. Учир нь тэнд байгаль нь ч, бүтээн байгуулалт нь ч гайхалтай аж.
Будант оргил буюу Тяньзи уулс
“ХАРЬ ГАРАГ”
Хятадын зүүн, зүүн өмнөд хэсгийн газар нутгууд хэдэн мянган метр өндөр, шовх хадан уулсаараа алдартай. Дэлхийн жуулчдыг татдаг үлэмж төгөлдөр үзэсгэлэнт байгальтай Хубэй, Хунань, Фузянь, Жэзян, Зянси, Зянсу, Аньхой муж чухамхүү тус бүсэд оршдог. Газрын диваажин гэгддэг Ханжоу, элгэн, шар хадтай Хуаншаний уулс, мянган нууртай арал Цяньдао, газар, тэнгэрийн гүүр болсон Тэнгэрийн хаалга ч тэнд бий.
Тэдгээрийн нэг болох Хунань мужийн Жанзязэ хэмээх газарт “Өнөөдөр” сонины 10 хүн хэд хоног саатаж, сэтгэл, оюун, эд, эс бүхнээ баярлуулсан юм. Байгалийн болон өв соёлын 20 000 гаруй объект бүхий тус муж засаг захиргааны хувьд бие даасан нэг бүс, 13 хотод хуваагддаг. Жанзязэ хот нь засаг захиргааны хувьд Улин Юань, Юндин гэсэн хоёр дүүрэг, мөн тооны бүс (Санжи, Цыли)-ийн зохион байгуулалттай юм байна. Бүс гэдэг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар. Тэнд үзэх зүйл үнэхээр их бөгөөд тэдгээрийн нэг болох Жанзязэгийн үндэсний ойн паркийг үлгэрийн орон гэмээр. Тэр газрын байгаль, уул, усных нь өвөрмөц тогтоц, хараа алдаж, уулга алдам үзэсгэлэнгийнх нь талаар хэрхэн дүрсэлж бичихээ нэлээд удаан бодож, эцэст нь “тасархай” гэдэг ганцхан үгэн дээр тогтов.
Тус паркийг зургаан хэсэгт хуваадаг юм байна. Үүний гуравны хоёрыг Тяньзи уул эзэлдэг аж. Онгон байгалийн сүр хүчийг гайхуулсан энэ ууланд “Аватар” киноныхоо зургийг авбал дэлхийг гарцаагүй шуугиулна гэдгийг Холливудын хашир найруулагч зөв тооцжээ. Магадгүй Пандора “гараг” эх дэлхийн энэхэн хэсэгт байж мэднэ. БНХАУ байгалийн бэлэн “бүтээгдэхүүндээ” түшиглэн “ойн парк” гэсэн тодотголтой цогцолборыг 1982 онд анх байгуулахдаа уулсын орой нь үүлэн “ороолттой” Тяньзийг сонгосон нь ч учиртай байх. Ийм л нутагт хүн 100-120 наслах нь энгийн үзэгдэл байхаас яах билээ. Улин Юань дүүрэгт орших энэ газрыг 1992 онд ЮНЕСКО Дэлхийн өвөөр бүртгэсэн бол 2004 онд Глобал геопаркийн сүлжээнд багтааснаа албан ёсоор зарлажээ.
479.15 ам км талбай эзлэн орших тус газарт геологийн онцгой, өвөрмөц тогтоцтой 3000 гаруй уул, хайрхан бий бөгөөд гуравны нэг хувь нь 200 метрээс өндөр гэсэн. Тэдгээрийн нэг 1098 метр өндөр Тяньзи хэмээх уулыг дэлхийн хэдэн тэрбум хүн дэлгэцээр харж, биширсэн. 2010 онд энэ уулыг албан ёсоор Аватар-Аллилуйя хэмээн нэрлэх болжээ. Тяньзийг Будант оргил, Өмнөд тэнгэр ч хэмээн нэрлэдэг юм байна.
“Аватар”-ын зураг авснаас хойш тус газарт аялал жуулчлал урьд урьдынхаас эрчтэй, илүү өргөн хүрээтэй хөгжиж байгааг хятадууд онцлон, Аватарын, Пандора гаргийн гэхчлэн хөтөлбөр, менежемент, төлөвлөгөөтэй ажиллах болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, кино урлагийн давуу талыг хөгжлийн болон мөнгө босгох нэг гарц, хөшүүрэг болгон харж чаджээ. Аялал жуулчлалыг тэнд жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа нь бахархмаар.
Иймэрхүү мэдээллийг интернэт “ухаж” мэдэх боломжтой ч өөрийн биеэр үзэхээр үнэхээр сүрдэж, биширч, бүр магтах үгээ олж яддаг юм билээ. Тиймээс л “тасархай”, эсвэл харь гараг гэсэн үг л сэтгэлд буусан.
Явахаасаа өмнө тус газрын цаг агаарын талаарх мэдээллийг интернэтээс харахад өдөртөө дунджаар цельсийн 10, шөнөдөө хоёр градус гэж байсан. Очиход бага зэрэг бороотой, долоон градустай угтлаа. Жавраар “ташуурддаг” өвөлтэй монголчуудын хувьд тоглоом мэт санагдах ч шоглоом болж мэдэхээр зэврүүн, хүйтэн юм билээ. Өдий үед тийш явах хүмүүс дулаан явбал мянган лан гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн цусны даралт нь хэлбэлздэг, бөөр, зүрхний “асуудалтай” бол эм, тариагаа сайн базаахыг зөвлөе. Учир нь шилэн гүүр, Пандора “гараг”-ийг үзэхийн тулд өндөр уулсын орой руу мацаж, уруудаж, ороож, тойрч өчнөөн “адал явдал” болдог юм байна лээ шүү. Ингэж өөд, уруугүй хэдэн мянган шатаар явахаас гадна уулнаас “дүүжилсэн”, нэлээд урт гүүрнүүдээр дамжин өнгөрдөг нь аймаар. Өндрөөс айдаг хүнд тун том даваа байж мэднэ. Өмнө минь явсан хятад залуу айсандаа орилж, сүүлдээ дуугарч чадахгүй бараг “гаслах” шиг болсон. Ухаан алдах шахсан түүнийг найз нь түшиж, мөрийг нь базаж тайвшруулахыг оролдсон ч тусыг эс олсон. Аргаа бараад өнөөх чинь тэрийгээд өгнө билээ. Тэд Аватар ууланд гарч чадалгүй буцсан байх. Энэ мэтээр “жижигхэн” зүрхтэй хүмүүст Аватар уул, шилэн гүүр үзэх нь экстрим аялал ч байж мэднэ.
Жанзязэгийн ойн паркийн 97 хувь нь мод, ургамлан “хүрэмтэй” учраас хүчилтөрөгчөөр ёстой л “бөмбөгдүүлнэ”. Улаанбаатарын утаанд бөглөрч, агшсан уушги минь тэнд нэг тэнийсэн байх. Гэхдээ өвөл, зунгүй манан будан хөшиглөдөг, “усархаг” газар учраас хэт хуурайшилттай нутгийн бид “пологтож” мэдэхээр.
Эндхийн хиймэл мэт хачин, сонин ургамал, навч, гоё ганган моддыг бишрэхгүй байхын аргагүй. Зарим төрлийн модны үр жимс, цэцэг унаж гүйцээгүй нь улам үзэсгэлэнтэй харагдуулна. Түүнийг нь түүж идэх сармагчингууд үнэхээр өхөөрдөм. Аялал жуулчлалын бүс нутгийн ойн эзэд хөөрхөн ч гэсэн нэлээд түрэмгий аж. Хүнээс айж, “ичихгүй” юу ч хамаагүй булаагаад зугтчихдаг юм байна. Гар утас, гялгар зүүлтэнд бас их дуртай гэсэн. Ийм “хэрэглээ” өндөртэй нөхдийн нэг нь манай “UB post” сонины дизайнер Бааскагийн гарнаас хайрцагтай жигнэмэг шүүрч, модон дээр тухалж байгаад бувалзуулах нь үнэхээр “шогтой”. Жигнэмгийн цаасыг долоож, үртсийг нь хүртэл хаялгүй амтархан идэх түүнийг горьдон харах моншнууд бүр ч эгдүүтэй. Бас ээжийнхээ энгэрт наалдсан бяцхан сармагчингуудын нүд унах нь уу гэмээр харагдсан. Тийм царайг нь харчихаад зүгээр явж зүрхлээгүй учраас тэнд худалдаа хийж байсан нутгийн эмэгтэйгээс чанасан эрдэнэшиш аваад, хэдэн хэсэг болгож, тараахаар очлоо. Эхлээд ирсэн нэг нь бусдадаа боломж олголгүй ууттай нь булаагаад жирийчихлээ. Ер нь тунчиг болгоомжтой байхгүй бол нүүр, гараа самардуулж мэдэх юм билээ.
Энэ мэтээр сармагчин хооллохоор, эсвэл өөрсдөө идэхээр эрдэнэшиш, зайдас, жигнэмэг зэрэг амны “зугаа” авахад жуулчид гар татдаггүй бололтой. Өндөр уулсын дунд, бидний ярьдгаар гар дээрээс наймаа хийдэг хүн олон харагдсан. Тэд ихэвчлэн ууж, идэх зүйл зардаг бол уулын бэлд байх жижиг мухлаг, хоолны газруудын хаяанд бэлэг, дурсгал, зүүлт, чулуу, шүхэр, цув зэргийг дэлгэсэн хүмүүс хятад, солонгосоор ярьж, жуулчдыг даллан шаагилдана. Солонгос жуулчид энэ нутагт олноор ирж, иргэдийн орлогод нь тодорхой хувь нэмэр оруулдаг, нөгөөтээгүүр “уба, ума”-тай драмууд үүл, уулсын дундах энэ газрынханд багагүй нөлөөлдгийн жишээ бол энэ. Манайхаас бусад айлынхан урлагийг ийм л ухаантай, нөлөөтэй зэвсэг болгож чадаж байна шүү дээ.
ДАГШИН ГАЗРЫН ТАСАРХАЙ ЖҮРЖ
Жанзязэ хотод очсон даруйдаа мэдэрсэн зүйл гэвэл цэвэр агаар, ус. Агаар нь хэр цэвэр болохыг илтгэх нэг жишээ гэвэл, 2010 онд Шанхай хотод зохион байгуулсан Бүх дэлхийн үзэсгэлэн, яармагийн үеэр “Жанзязэгийн цэнгэг агаар” гэсэн шошготой, савласан агаар асар эрэлттэй байсан талаар тухайн үед олон орны хэвлэлүүд мэдээлж байсан. Пандора “гараг”-ийн Аллилуйя уулын агаар хэмээн сурталчилж байсныг санаж байна. “Энэ киноны ачаар хятадууд хүртэл хөлжчих юм байна” гэж инээд наргиа болоод л өнгөрсөн юм даг. Тэгтэл газар дээр нь очиж, тасархай агаарыг нь мэдэрсний дараа тэр бүтээгдэхүүн ямар чухал эд байсныг ойлголоо. Жанзязэ улсдаа хамгийн цэвэр агаартайг батлах өөр нэгэн жишээ байна. Олон улсын судлаачдын багийнхан тус бүс нутгийн нэг шоо см агаарт хүчилтөрөгчийн 10 сая ион агуулагддагийг тогтоосон аж. Энэ үзүүлэлт нь дэлхийд дээгүүрт бичигдэх юм байна. Өдгөө тус хотын эрдэмтэд Олон улсын ойн хүчилтөрөгчийг судлах институт болон олон улсын хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллагуудтай хамтран бүс нутгийнхаа тусгай хамгаалалттай газруудын экосистемийг хамгаалах төсөл хэрэгжүүлж буй гэнэ.
Жанзязэ хотын дундуур урсдаг голыг мөн л улсынхаа хамгийн цэвэр нь гэж магтаж байна, энэ газрынхан. Усыг нь шууд ууж болно, загасных нь мах гайхалтай амттай гэж манай хөтөч болон орчуулагч нар хэлсэн. Манай нийслэлээс бараг хоёр дахин том буюу 9516 ам км газар нутагтай тус хот барагцаалбал 1.6 сая хүн амтай гэсэн. Маш цэгцтэй, нүүрээ угаасан хүүхэд шиг л газар санж. Төв хэсэгтээ багширч, багтаж шингэхээ больсон ч “давхралдаад” л, хумигдаад л байгаа Улаанбаатараа Жанзязэтэй жишэхэд үнэхээр өрөвдмөөр, “жигшмээр” санагдсан шүү, хотын удирдлага минь ээ.
Энд яагаад ийм цэвэр, цэмцгэр, хүн ам нь сийрэг байгааг орчуулагч Алдараас асуухад “Жанзязэд нэг ч үйлдвэр байхгүй. Хувийн хэрэгцээнийхийг эс тооцвол газар тариалан ч эрхэлдэггүй. Хотын эдийн засаг дан аялал жуулчлалаас хамаардаг. Иргэд нь хоолоо аялал жуулчлалын ачаар л олдог. Зоогийн газар, зочид буудал, бэлэг дурсгалын жижиг үйлдвэрлэл эрхлэх, худалдаа хийх зэргээр дор бүрнээ л энэ салбарыг хөгжүүлж, үр шимийг нь хүртэх нөөц боломж, хууль эрх зүйн орчин нь бүрдсэн” гэж байлаа. Ийм газрын жимс амттай байхаас аргагүй биз. Жанзязэд идсэн бэрсүүт жүрж маш шүүслэг, зөөлөн, аманд ороод л уусаж байсан. Манай багийнхан ч үүнтэй санал нийлж, чадвал гэрийнхэндээ, хамт олондоо амсуулах сан гэж ярьцгааж явлаа. Эцэст нь “мөрөөдлөө” биелүүлсэн. Ээж минь лав “Онцгой гоё амттай мандарин байна” гэж магтсан. Онгон дагшин газрын бэрсүүт жүржийг идсэнийхээ дараа “Ингэхэд ер нь Монголд мандарин зардаг юм уу” гэж эргэлзэхэд хүрсэн шүү.
Өөр нэг онцлох зүйл гэвэл, энэ хотын төвд орон сууц, төрийн байгууллага байдаггүй аж. Дан зочид буудал, зоогийн газар. Тэдгээрийн өндөр барилгуудыг эс тооцвол ерөнхийдөө хотын өнгө төрхийг хятад хэв маягийн, 4-12 давхар орон сууц, байгууламжаар төсөөлөхөд болохгүй зүйлгүй. Алслагдмал, зах хэсэгтээ бол хүн ам, байшин барилга илүү сийрэг юм билээ.
Хятад Улсын хамгийн эко бүс болсон энэ газрын сонин хачнаас, авч хэрэгжүүлүүштэй зүйлээс, овог, үндэстнүүд, тэдний уламжлал, өв соёл зэргийн талаар дараагийн дугаартаа өгүүлэх болно.