Хүүхдээ хэт удаан уйлууллаа хэмээн United Airlines агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгч хүүхдийн ээж рүү хашгичжээ. Тэрбээр ингэж давшлахдаа “Онгоцны дүрмэнд зааснаар хүүхэд таван минутаас илүү хугацаанд уйлж болохгүй гэж заасан” хэмээжээ. Гэтэл уйлсан хүүхэд дөнгөж найман сартай нялх хүүхэд ажээ. Крупа Патель Балал хүүхэд нь нялх байгаа учир уйлах, уйлахгүйгээ хянаж чадахгүй тухай учирласан ч үйлчлэгч уурлаж, бухимдсаар байсан гэнэ. United Airlines агаарын тээврийн компанийн төлөөлөгчид үйлчлүүлэгчээсээ уучлал хүссэн ч Крупа тус компанийн онгоцоор дахиж үйлчлүүлэхгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр Австралийн Сидней хотоос АНУ-ын Сан-Франциско орохоор нөхөр, хүүхдийн хамт бизнес ангиллын тасалбар аван үйлчлүүлэхдээ бүдүүлэг авиртай онгоцны үйлчлэгчид ийнхүү загнуулжээ.