Монголчууд адгийн зарга арав хоногтой гэж түвэгшээгээд хэр барагтай л бол шүүх, цагдаагийн байгууллагад ханддаггүй “гүндүүгүй, гүдэс” зантай улс. Тэгвэл хуруунд нь орсон “өргөстэй” хүртэл шүүхдэлцэх шахуу “явдалтай” хүн энэ хорвоо дээр цөөнгүй аж.
- Нидерландын иргэн Теунис Тенбрук 1999 онд Роттердамын “Эразм” их сургуулийн оюутан байхдаа шүүхэд хандсан аж. Шиврийнх нь үнэрээс болж багш, эрдэмтэд түүнийг ад үзэж, оюутнууд хамтдаа нэг ангид хичээллэхээс татгалздаг байжээ. Ингээд зогсохгүй түүнийг лекцэнд суулгахгүй гэж зарим профессор нь хатуурхсан юм байна. Тэгэхээр нь оюутан залуу шүүхэд хандаад, ялалт байгуулсан гэнэ. Шүүхээс “Хөлийн үнэрээс болж хүний сурах эрхийг боогдуулж болохгүй. Шивэр үнэрлэж чадахгүй байгаа хүмүүс хамраа чимх” гэсэн шийдвэр гаргасан байх юм.
- Шотландын цагдаа, 37 настай Трэси Ормсби хэмээх эмэгтэй 2001 онд эсэргүүцлийн нэгэн жагсаалын үеэр хэн нэгний шидсэн ханборгоцойнд “зодуулсан” гэж шүүхэд гомдол гаргажээ. Ажил үүргээ гүйцэтгэж яваад жагсагчдын шидсэн жимсэнд оногдож, хөнгөн гэмтсэн тэрбээр гурван жилийн дараа шүүхэд өргөдөл гаргаж 1.5 сая евро нэхэмжилжээ. Сэтгэл санааны хохирол, ажил хийх чадвараа алдсан гэж “гүйсээр” байгаад тус жагсаалыг зохион байгуулагчдаас 3000 евро авахаар шүүхийн шийдвэр гаргуулсан гэнэ.
- 2001 он Британийн иргэн Кэйти МакГован орон нутгийн радиогоос зарласан уралдаанд түрүүлж, болзол ёсоор бол автомашин хожих ёстой байж. Тэрбээр машинаа авсан. Гэхдээ тэр нь тоглоомон буюу загварын машин байж таарчээ. Үүнд уурласан бүсгүй шүүхэд гомдол гаргаж, тус газраас 8000 евро буюу “том хүний” машины үнэ нэхэмжилж, заргаа авсан байна.
- 77 настай нэгэн эр 19-тэй бүсгүйг өвөртөө оруулахыг хүсчээ. Нөгөөх нь татгалзаж. Тэгэнгүүт өвгөн шүүхэд хандсан байх юм. Ийм явдал 2007 онд Германд болсон. Шөнийн клубийн эзэн Ролф Эден “Миний саналаас татгалздаг хүн байдаггүй” гээд бүсгүйгээс сэтгэл санааны хохирол нэхэмжилжээ.
- 2004 онд Америкийн Висконсин мужийн Фонд-дю-Лак хотын шүүхэд гаргасан Тимоти Дюмушель хэмээх иргэний өргөдөлд “...Тус телевизээс болж сүүлийн дөрвөн жил эхнэр минь таргалж, хүүхдүүд зурагтын удирдлага барихаас өөр ажил хийдэггүй залхуу болж байна. Үүнээс болж би өдөр болгон архи ууж, тамхи татдаг” гэж дурджээ. Шүүх үүнийг хэрэг гэж үзээгүй гэнэ.
- 1995 онд Роберт Ли Брок өөрийгөө шүүхэд мэдүүлж, таван сая ам.доллар нэхэмжилсэн байх юм. Иргэний үүргээ биелүүлээгүй, бурхны сургаалыг зөрчиж архидан согтуурч, улмаар бусдын гэрт хулгайгаар орсон. Ингэж мэдүүлсний минь төлөө Виржини мужийн шүүх надад 23 жил хорих ял ногдуулах ёстой. Шоронд ял эдлэх хугацаанд хийх хөдөлмөрийн хөлсөө авахгүй гэхчилэн дурдсан өргөдлийг нь шүүх авч хэлэлцэхээс татгалзжээ.
- Жонатан Ли Ричес гэдэг америк эр Гиннесийн амжилт тогтоосон юм байна. 4000 удаа шүүхэд өргөдөл бичиж, бусадтай заргалдсан гэдэг шалтгаанаар түүнийг “аварга” болгожээ. Тэрбээр Жорж Буш, Бритни Спирс болон үхээд өчнөөн жил болсон Адольф Гитлертэй шүүхдэлцсэн. Тэр ч бүү хэл, Эйфелийн цамхаг, Дэлхий ван гаригийг шүүхэд өгсөн. Ингэж явсаар 2009 онд Гиннесийн гэрчилгээ гардсан байна. Ингээд зогсохгүй “Гиннесийн ном”-ыг ч шүүхэд өгч байжээ. АНУ-ын Кентуки мужийн шүүх заргач эрийг өөрийг нь шүүхэд мэдүүлж “Шүүх ажиллагааг үнэгүйдүүлснийх нь төлөө яллах ёстой” гэжээ.
Бэлтгэсэн: Э.Хана