Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулсан оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд 13 их, дээд сургуулийн эрэгтэй, эмэгтэй тамирчид оюунаа сорив. Ур чадвартай, залуу шатарчдын тоглолт сүүлчийн найм дахь өрөг хүртэл хүч өрнөж, хэн түрүүлэх нь тодорхойгүй байв. Шилдгүүдийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдээс “Мон-Алтиус” дээд сургуулийн оюутан С.Чингүүн 6.5 оноотойгоор тэргүүн байрт шалгарч, алтан медаль хүртсэн юм. Түүнээс гадна дөрвөн тамирчин 6.5 оноотой тэмцээнээ дуусгаснаас коэффицентийн илүүтэйгээр МУИС-ийн оюутан, олон улсын мастер Х.Итгэлт мөнгө, ШУТИС-ийн оюутан А.Эрхэмбаяр хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнд тамирчид долоон өрөг тоглосноос “Оточ манрамба” их сургуулийн оюутан, олон улсын мастер О.Өлзийхишигжаргал таван оноотойгоор түрүүлэв. МУИС-ийн оюутан Н.Наран-Эрдэнэ нь тэргүүлсэн тамирчинтай адил оноо авсан ч коэффицентийн дутуугаар удаалж, “Мон-Алтиус” дээд сургуулийн оюутан А.Буянзаяа 4.5 оноогоор III байр эзлэв.
Их, дээд сургуулиа төлөөлж оролцсон багийг хамгийн өндөр оноо авсан эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчны нийлбэр дүнгээр дүгнэсэн. “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн баг 17.5, МУИС-ийнхан 16.5, ШУТИС-ийнхан 16.5 оноо авснаар эхний гурван байрт шалгарлаа. Ангилал тус бүрийн эхний гурван байрт орсон тамирчид Армени улсад ирэх есдүгээр сард болох дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд улсаа төлөөлөн оролцох нь.