Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг. Уг аяныг 1997 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн зохион байгуулж иржээ. Жендерт суурилсан хүчирхийллийг таслах зогсоох үйл ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд хамтран оролцох болсон байна. Аяны хүрээнд “Охид, эмэгтэйчүүд хаана ч аюулгүй. Шалтаг хэрэггүй” уриатайгаар мэдээлэл солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.
ЦЕГ-ын мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.5, хүнд гэмт хэрэг 20.2, зөрчлийн тоо 24.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд Нэг цэгийн үйлчилгээний төв болон Түр хамгаалах байрнаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн зэрэг нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг 3041 хүн авчээ. Тэдний 1231 нь эмэгтэй, 929 нь эрэгтэй хүүхэд байна.
Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгаагаар 15-49 насны монгол охид, эмэгтэйчүүдийн 98 хувь нь ухаалаг утас эзэмшиж интернэт ашиглаж буй. Энэ хэрээр цахим орчин дахь хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа аж. Тиймээс Жендерийн үндэсний хорооноос охид, эмэгтэйчүүдийн эсрэг цахим орчинд, технологи ашиглан үйлдэж байгаа гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл дарамтыг таслан зогсоох, аюул, эрсдэлгүй орчныг бий болгох чиглэлд анхаарах гэнэ.