MCS, “Шунхлай групп”, “Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан “Интермед” эмнэлгийн цахим бүртгэл, мэдээллийн санд хакерууд халдаж олж авсан мэдээллээ 50 000 ам.доллароор худалдахаа зарлалаа. Тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн нэр, регистрийн болон утасны дугаар, өвчний түүх зэргийг багтаасан 230 000 гаруй мэдээллийг ил болгоно гэдгээ “Space bear” хакерын бүлэглэл мэдэгдээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор “Интермед” эмнэлгийнхэн мэдэгдэл гарган, цахим халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрч, “Системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна. Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байна. Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Хүний хувийн мэдээлэлд хамаарах регистрийн дугаар, өвчний түүх зэргийг нь олон нийтийн сүлжээнд ил болгож, зарах гэж байхад задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээ авч байна хэмээж буй нь “Интермед” эмнэлгийнхний арьсаа хамгаалсан үйлдэл. Аль хэдийнээ алдагдчихаад утас, регистрийнх нь дугаараар зарим хүний цахим банканд халдах оролдлого хийсэн гэх мэдээлэл ч гарах боллоо.
Уг нь “Интермед” эмнэлгийнхэн Кибер аюулгүй байдлын тухай хуульд зааснаар холбогдох байгууллагад даруй мэдэгдэх, таслан зогсоох боломжгүй бол туслалцаа авах ёстой аж. Харамсалтай нь, тус эмнэлгийнхэн хуульд заасан үйл ажиллагаа явуулалгүй, иргэдийг тайвшруулсан утгатай мэдэгдэл л гаргаад өнгөрч буй бололтой. Уг нь эл хуульд зааснаар хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд нь онц чухал мэдээллийн дэд бүтэц цуглуулж, хадгалдаг байгууллагын тоонд орно. Тэгэхээр “Интермед”-ийн хувьд ийм байгууллагын тоонд орох нь лавай. Энэ хуулийн 19.2.14-т “Кибер халдлага, зөрчлийн улмаас мэдээллийн систем, дэд бүтцийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, тасралтгүй үйл ажиллагааг хангах боломжгүй болсон даруйд энэ талаар кибер халдлага, зөрчилтэй тэмцэх холбогдох төвд мэдэгдэх үүрэгтэй” юм билээ. Харин тус эмнэлгийнхэн холбогдох төвд нь мэдэгдээгүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, өөрсдөө засах гэж оролдоод ул мөрийг нь устгасан гэх албан бус мэдээлэл бидэнд ирсэн юм.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан хувийн болон эмзэг мэдээллийг нь цуглуулж, хадгалдаг байгууллага болох “Интермед” эмнэлгийнхэн 230 000 гаруй иргэний мэдээллийг алдчихаад байна. Үүнээс гарах үр дагаврыг одоогоор хэн ч төсөөлөх боломжгүй. Тэгэхээр тус эмнэлгийнхэнд ямар хариуцлага тооцож, алдагдсан, олон нийтийн сүлжээнд регистрийн болон утасны дугаартайгаа яваа мэдээллийг хэрхэн залруулах нь тодорхойгүй байна.