Өвөрхангай аймагт 35 жилийн өмнө бусдыг хүчиндсэн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Л.Төмөрбаатар гэх 58 настай эрийг цагдаагийн байгууллагынхан саатуулсан байна. Тэрбээр 1989 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумд ажиллаж байхдаа дээрх хэрэгт холбогдон тус аймаг дахь шүүхээс 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112.1 дүгээр зүйлд заасны дагуу дөрвөн жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн нэгэн гэнэ. Улмаар тус аймгийн Хархорин сум дахь 423 дугаар ангид ял эдлэх болсон байна. Ийнхүү хоригдож байхдаа 1993 оны нэгдүгээр сард хорих ангиасаа оргожээ. Түүнээс хойш цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан эрэн сурвалжилсан ч олохгүй байж.
Эцэстээ Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрынхан эрэн сурвалжлах ажиллагаа үр дүнгүй байхаар нь 2011 онд аймгийнхаа шүүхэд хүсэлт гаргаж Л.Төмөрбаатарыг нас барсанд тооцуулжээ. Нэгэнт нас барсанд шүүх тооцсон учраас Л.Төмөрбаатарыг хорих ангиас оргон зайлсан хэмээн эрэн сурвалжилж байсан хэргийг мөн онд буюу 18 жилийн дараа хаасан гэнэ. Гэтэл 30 жилийн дараа мөнөөх оргодол амьд, нэр, хувийн мэдээллээ өөрчлөн өөр аймгийн нутаг болон Улаанбаатар хотод амьдарч байсныг цагдаагийнхан илрүүлсэн аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Орхон аймгийн шүүхээс эрүүгийн өөр нэгэн хэрэгт ял шийтгүүлж байжээ.