Мексикийн домогт хөлбөмбөгчин Рафаэль Маркес Алварес тэргүүтэй 22 хүнийг хар тамхи худалдаалсан хэрэгт буруутгаж байгаагаа АНУ-ын Төрийн сангийн газраас мэдээллээ. Америкчууд алдартай хар тамхины наймаачин Рауль Флорес Хернандесийн хэргийг олон жил мөрдсөн бөгөөд үүний үр дүнд дээрх 22 хүнийг буруутгаж байгаа аж. Мөн Мексикт үйл ажиллагаагаа явуулдаг 43 байгууллагыг хар тамхины наймаачидтай сүлбээтэй болохыг тогтоосон юм. Эдгээр байгууллагад хөлбөмбөгийн баг, казино зэрэг багтжээ.
Энэ жил 38 настай Р.Маркесийн хувьд өмнө нь Испанийн "Барселона", Францын "Монако", АНУ-ын "Нью Йорк Ред Буллс" багт данстай байсан бол өдгөө нутгийнхаа клубт хүчин зүтгэж, улсынхаа шигшээ багийн ахлагч хэвээр байгаа юм.
Р.Маркес өөрийг нь буруутгаж буй хэргийн талаар үгүйсгэж, нэр төрөө цэвэрлэх болно гэж мэдэгдлээ.
Нэрт хөлбөмбөгчнөөс гадна дуучин Хулио Цезарь Алварес энэ хэрэгт холбогджээ. Р.Маркес болон Х.Алварес нарыг хар тамхины наймаачин Флорес Хернандестай олон жил харилцаатай байсан гэж таамаглаж буй.