Английн Лондон хотноо хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн дуулиан шуугиан дүүрэн эхэллээ. Тэмцээний анхны алтан медалийг эрэгтэйчүүдийн 10.000 метрийн зайд Английн алдарт гүйгч Мохаммед Фара хүртэж, нутаг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэв.
Сомалид төрсөн, багадаа автын механик, эсвэл хөлбөмбөгийн “Арсенал” багийн баруун жигүүрийн тоглогч болно гэж мөрөөдөж явсан Мо хожмын өдөр холын зайн гүйгч болсон төдийгүй ДАШТ-ээс зургаа дахь алтан медалиа зүүсэн нь энэ. Олимпын дөрвөн алтан медальтай Мо Фарах 5000 метрийн зайд ч алтын төлөө гол өрсөлдөгчийн нэг байх нь гарцаагүй. Хэдхэн жилийн өмнө л нэр, төрсөн газраасаа болоод “террорист” байж магадгүй хэмээн АНУ-ын хил дээр саатуулагдаж байсан Фара дэлхийн спортын супер одуудын тоонд зүй ёсоор орсон билээ.
“Лондон-2017” ДАШТ-ий гол онцлог, тодотгол бол мэдээж Усайн Болт. Хөнгөн атлетикийн төдийгүй спортын хамгийн нэр хүндтэй тамирчны нэг байсан, олимпын найм, дэлхийн 11 удаагийн аварга, “Манай гаригийн хамгийн хурдан хүн”, Ямайкийн домогт тамирчин “цахилгаан” хэмээх Усайн Болт энэ тэмцээний дараа “зодог” тайлахаа мэдэгдсэн.
“Цахилгаан” хочоор алдаршсан хоёр дахь тамирчин (Мэдээж эхнийх нь аймгийн арслан “Цахилгаан” Мөнхөө асан) буюу уралдааны замд урдаа “улаан хөлтөн” гаргаж үзээгүй удсан “ У.Сайнболд” 100 м-т алтан медалиар агуу замналаа өндөрлөх, эсэх нь олны анхаарлын төвд байлаа.
Өчигдөр 100 метрийн хагас шигшээ болон финалын уралдаан болсон. Хагас шигшээд Болт АНУ-ын залуу од, 21 настай К.Коулмэний ард барианд орсон ч финалд уралдах эрхээ авсан. Гараанаас гарахдаа Болт нэг л болохгүй байгаа нь илт харагдаж байлаа. Гэвч финалд бүх хүчээ нөөж байгаа байх гэсэн бодлоор бүгд тайван байсан биз. Ингээд хүсэн хүлээсэн финал ч боллоо.
Гараанаас Болт бас л муу гарсан. Гэвч яван нөхсөөр барианд ойртоход гол өрсөлдөөн Болт, Коулмэн, Гэтлин нарын хооронд өрнөж, Америкийн хоёр Болтын өмнө гишгэж чадсан. Ийнхүү домогт Болт хүрэл медаль дээр буух нь тэр. Тэрбээр 9.95 секундийн амжилт үзүүлсэн бол Коулмэн 9.94, Гэтлин 9.92 секунд гүйлээ.
Болт яагаад алтан медаль аваад зодог тайлж чадсангүй вэ? Хэдийгээр тэрбээр сүүлийн хэдэн жил олимп, дэлхийн аваргад “босоо” байсан ч хурд нь “саарсаар л” байсан аж. 100 м-ийн зайг тэрбээр 2012 оны олимпод 9.63 секунд туулсан бол 2013 оны ДАШТ-д 9.77, 2015 оны ДАШТ-д 9.79, 2016 оны олимпод 9.81, сая 9.95 секунд зарцуулжээ.
Зодог тайлах болсон шалтгаан нь лав л “насных” биш. Өнөөдөр дэлхийн аварга болсон Жастин Гэтлин 35 настай, 12 жилийн өмнө анх 100 м-т дэлхийн аварга болж байсан хүн. Болтод “зодог тайлах” болсон олон шалтгаан байгаа нь ойлгомжтой. Мэдээж хамгийн гол нь байнгын гэмтэл бэртэл. Үүнээсээ болоод уралдаан тэмцээнд тун цөөхөн оролцох болж, “форм” алдсан. Энэ жил л гэхэд ердөө гуравхан тэмцээнд уралдсан гээд бод доо. Ийм бэлтгэлтэйгээр бүүр Болт ч байсан дэлхийн аварга болоход хэцүү гэдэг нь ойлгомжтой.
Түүнийг зодог тайлахад олон мянган хүн харамсаж, нулимс унагааж байна. Хөнгөн атлетикийг “Хатан хааных нь суудалд” дахин залахад тэр маш их хувь нэмэр оруулсан. Зөвхөн Болтыг л харах гэж хүмүүс цэнгэлдэхийг дүүргэж байсан шүү дээ.
Одоо Болтыг “түр орхиод” дэлхийн шинэ аваргын тухай хэдэн зүйл хэлье. Үнэндээ Жастин Гэтлин бол “дэлхийн шинэ аварга” биш юм. Тэрбээр 2004 онд олимпын аварга болж, 2005 оны ДАШТ-д 100 болон 200 метрийн зайд хошой алтан медаль хүртэж байсан билээ. Мөн олимпын хошой мөнгө, хүрэл, ДАШТ-ий дөрвөн мөнгөн медаль зүүж байсан алдартай гүйгч.
Тэрбээр тамирчны замналдаа хоёр ч удаа сэргээшийн сорилд бүдэрч, эхний удаа буюу 2001 онд нэг жилээр, дараа нь 2006-2010 онд дөрвөн жилээр эрхээ хасуулж байсан удаатай. Тиймээс ч сая 12 жилийн завсартай, ойрын зайд дэлхийн аварга болсон анхны хөнгөн атлетикч болоход үзэгчид дургүйцэж угтсан юм.