Өчигдөр “Мишээл экспо”-д байрлах “Big bowling” төвд Страйкс клубын нэрэмжит боулингийн клубуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Өглөөний 10.00 цагаас үдшийн 23.00 цаг хүртэл үргэлжилсэн тус тэмцээнд чансаа өндөр, мэргэжлийн 15 багийн тамирчид оролцсон. Шилжин явах цом, алтан медалийн эзнээр “Big bowling” клубын 1-р баг тодорсон бол мөнгөн медалийг “Страйкс” клубын 1-р баг, хүрэл медалийг СЭЗИС-ийн боулингийн клубын баг тамирчид хүртлээ.
Тэмцээний хамгийн өндөр оноо авсан шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдээс 212 оноогоор “Big bowling” клубын Т.Нансалмаа, эрэгтэйчүүдээс 233 оноогоор СЭЗИС-ийн тамирчин П.Одхүү шалгарлаа. Мөн СЭЗИС-ийн багийн “легионер”, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага ердөө 3-хан онооны зөрүүгээр аман хүзүүдлээ.
Монголын боулингийн ууган клубуудын нэг “Страйкс”-ын ерөнхийлөгч Д.Зоригт ЭМНДЕГ-ын даргаар томилогдон төрийн өндөр алба хашиж байгаа учраас клубтээ цаг зав гаргах чадахаа байсан. Иймээс тус клубын гишүүд хуралдаж шинэ ерөнхийлөгчөөрөө Г.Ууганболдыг томилсон юм. Шинэ ерөнхийлөгч Г.Ууганболд нь клубынхээ ажлыг шинэ шатанд гаргахын тулд олон арга хэмжээ төлөвлөсний нэг нь энэхүү тэмцээн байлаа.
Тамирчдын хоол унд, хураамж, шагналын сан гэх мэт тэмцээний нийт зардал нь 6 сая төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь манайдаа хамгийн өндөрт тооцогдохоор шагналын сантай тэмцээн болсон гэсэн үг.
СЭЗИС-ийн багш, Монголын боулинг сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амьбөх сургуулийнхаа багш нар, найз нөхдөөрөө багаа бүрдүүлж, сайн дасгалжуулдаг нь тэмцээн бүрээс тод харагддаг билээ. Хэдийгээр Д.Амьбөх багш энэ удаа гадагшаа ажлаар явсан ч тамирчид нь итгэлийг нь алдсангүй. Тэд “Страйкс”, “Багануур”, “Мобиком”, “Double Х” зэрэг өмнө нь олон удаа аварга болж байсан, маш хүчтэй клубын багуудыг хожсоор ганц л удаа өвдөг шороодсоноор хүрэл медалийн болзлыг хангаж, багаараа 938 оноо авч рекорд тогтоосон нь боулинг сонирхогчдыг шуугиуллаа.