UFC холбооны Алдрын танхимын гишүүн Матт Хьюс АНУ-ын Иллионис мужид өнгөрсөн баасан гаригт автомашинтайгаа явж байхдаа галт тэргэнд дайруулж хүнд бэртсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр галт тэрэг хөдөлж байх үеэр Матт машинтайгаа урдуур нь орсон гэнэ.
Осол орон нутгийн цагаар өглөөний 10:39 минутад болсон байна. Гэрч нарын мэдүүлснээр нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд UFC холбооны босс Дана Уайт хохирогчийг нэрт тамирчин Матт Хьюс гэдгийг албан ёсоор баталсан юм.
Одоогоор ослын шалтгаан юунаас болсныг тогтоогоогүй байна. Уайтын мэдээлснээр Матт Хьюс тархиндаа хүнд гэмтэл авсан гэнэ. Энэ жил 43 настай Матт Хьюс холимог тулаанаар 54 тоглолт хийж, 45-д нь ялалт байгуулсан. Үүнээс 17-д нь хүнд цохилтоор дуусгаж байв. Тэрбээр UFC холбооны аваргын бүсийг хоёр удаа эзэмшсэн хамгийн сүүлийн тулаанаа 2011 онд хийсэн ч Жош Косчект хүнд цохилтоор ялагдаж, замналаа өндөрлөсөн билээ.