Үндэсний шигшээ багийн албанаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ О.Үйтүмэн, Армийн ДАШТ, улсын аварга Н.Лхамгармаа нарыг үндэсний шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ.
Энэ талаар ҮШБА-наас тодруулахад “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж буй тамирчин төрийн албан хаагчаас дутахгүй хариуцлагатай, ёс зүйтэй байх хэрэгтэй. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт бэлтгэл хийхээс татгалзан, сахилга бат алдсан дөрвөн тамирчныг хассан нь үнэн. Бид өмнө нь тэдэнд Монголын чөлөөт бөхийн холбоогоор дамжуулж удаа дараа сануулга өгсөн ч тоохгүй явсаар өдий хүрсэн. Хэн дуртай нь үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг үл ойшоон, бэлтгэл хийхээс татгалзаад байвал юу болох вэ. Төрөөс цалинжин, дэлхийд эх орноо төлөөлж байгаа тул дүрэм, журмаа эрхэмлэн, тамирчны нэр төрөө хүндлэх л ёстой” гэлээ.
Харин Г.Мандахнаран гавьяат цахим хуудсандаа “Үндэсний шигшээ багт ямар тамирчин багтах ёстой вэ. “Аваргууд” академи, “Алдар” спорт хорооны тамирчин шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж болохгүй юм уу. Үндэсний шигшээ багт есөн жил зүтгэхдээ ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэн, олимпын дэвжээнд хүрэл медалиа луйвардуулан, чамгүй олон удаа төрийн дууллаа эгшиглүүллээ. Гэтэл намайг гэв гэнэт үндэсний шигшээ багаас хасчихсан байх юм.
Монголын чөлөөт бөхийн холбооноос биднийг хасаад өг гэсэн бичиг ҮШБА-нд өгч, түүнийг нь харалган дарга нар гүйцэтгэчихдэг, ямар хэцүү нийгэм бэ. Тэглээ, ингэлээ гэж сануулалгүй нууцаар хасчихсан байх юм. Тамирчдын амжилтаар битгий ингэж тогло.
Чөлөөт бөхөөр барилдахаас өөр сурсан, мэдсэн зүйл хомс бид Г.Отгонцэцэг шиг иргэншлээ солин, бусад орны төлөө зүтгэх ёстой юм уу” хэмээн нийтэлжээ.