Монголын Боулинг сонирхогчдын Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өчигдөр “Big bowling” төвд болж, нийт 28 багийн 112 тамирчин өрсөлдлөө. Өглөө 09.00 цагт эхэлж, шөнийн 01.00 дууссан энэ тэмцээнд цол зэрэгтэй, мэргэжлийн болон туршлагатай тамирчдыг оролцуулахгүй зөвхөн анхан шатныхан буюу сонирхогчдын дунд зохион байгуулснаараа онцлог. Тийм ч болохоор өмнөх тэмцээнүүдээс илүү олон хүнийг хамарч чадлаа. Багууд дөрвөн ээлжээр шидэж, 1нэг баг гурван тоглолт хийж нийлбэр дүнгээр шилдэг долоон багийг шалгаруулж бүх оноог нь тэглэж ахин нэг шидэлт гүйцэтгэж аваргаа тодруулсан нь тун сонирхолтой байлаа.
Багийн төрлийн аваргаар МТ группын баг тодорсон бол хоёрдугаар байранд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг, удаах байранд “Шунхлай” компанийн баг орлоо. Энд нэг зүйлийг онцлоход мөнгө, хүрэл медаль авсан багуудын оноо тэнцэж, шовхоо үзэх тоглолт хийснээр медалийн өнгөө шийдсэн. “Монгол ньюс” группын “Өнөөдөр” сонины II баг урьдчилсан шатанд V байранд шалгарч, шилдэг 7 багийн шидэлтэнд IV байранд орж, хүрэл медалийн оосроос атгахад ердөө л 13 оноо дутлаа.
- Ганцаарчилсан төрөлд тамирчин бүр 3 тоглолт гүйцэтгэж, нийлбэр дүнгээр өндөр оноо авсан 14 тамирчинг медалийн төлөө өрсөлдүүлэхэд 13, 14, 15-аар орсон тамирчид ердөө л ганц ганц онооны зөрүүгээр байрлалаа тогтоож, нэмэлт 1 тоглолт хийж нийлбэр дүнгээр медальтнуудаа шалгаруулсан.
- Ганцаарчилсан төрөл, эр – аварга Б.Түвшинбаяр (АПУ трейдинг баг, 627 оноо), мөнгөн медаль Э.Цолмон (Family баг, 626 оноо), хүрэл медаль Б.Очирхуяг (МТ групп, 624 оноо)
- Ганцаарчилсан төрөл, эм – аварга С.Бүжинханд (МТ групп, 531 оноо), мөнгөн медаль А.Хонгорзул (Lucky strike клуб, 522 оноо), хүрэл медаль Б.Оюунтуяа (British school of Ulaanbaatar, 515 оноо)
- Тэмцээний шилдэг тамирчин буюу хамгийн өндөр онооны эзэн, эр – Н.Мөнхсайхан (ТЭЦ-3 баг, 224 оноо)
- Тэмцээний шилдэг тамирчин буюу хамгийн өндөр онооны эзэн, эм – Н.Нургүль (ТЭЦ-3 баг, 166 оноо)