Нэг найз минь “Машин байхгүй атал замаар гарахдаа хоёр тийш байн байн харж, гэрэл дохио хүлээгээд зогсож байсан. Бүр хэвшчихэж. Сард нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулбал хэчнээн сайхан” гэв. Тэр ажлынхаа ихэнх цагт сандалтай нөхөрлөдөг учир хөдөлгөөний дутагдалд орох вий гэж болгоомжлон амралтын өдрүүдэд өөртөө цаг гаргадаг.
Ууланд алхаж, усан спортоор хичээллэн, заримдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйдэг. Харин тэр өчигдөр автомашинаас татгалзсан нийслэлчүүдтэй нэгдэн, “Улаанбаатар марафон-2017”-д оролцож, өдрийг үр бүтээлтэй өнгөрөөжээ.
Дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”-ийг нийслэлчүүд өнгөрсөн бямба гаригт тэмдэглэлээ. Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, автомашинаас үүдэлтэй бохирдлыг бууруулан, иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалах зорилгоор найм дахь жилдээ зохион байгуулсан эл арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцов.
Энэ өдөр 08.00-18.00 цагт нийслэлийн төв зам, гудамжны хөдөлгөөнийг хаасан учир хотын төвийг автомашин бус, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цугласан иргэд чимэв. Нийслэлчүүд автомашинаас татгалзсанаар түгжрэлгүй, бохирдолгүй, бухимдалгүй, чимээ шуугиангүй нэг өдрийг өнгөрүүллээ.
“Автомашингүй өдөр”-өөр зохион байгуулдаг уламжлалт нэг томоохон арга хэмжээ бол марафон. Энэ жилийн “Улаанбаатар марафон-2017”-д өнгөрсөн жилийнхээс 6000-аар илүү буюу 33 мянган хүн оролцжээ. Гүйлтийн спортыг сонирхдог, хичээллэдэг залуусыг дэмжих зорилгоор НЗДТГ, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан уралдаанд нийслэл төдийгүй орон нутгийн иргэд нэгдсэн. Хөрш зэргэлдээх орнуудаас ч цөөнгүй тамирчин оролцжээ.
Оролцогчид сонирхогчдын болон элит төрөлд 12-17, 17-35, 35-55, 55-аас дээш насныхан гэсэн дөрвөн ангилалд 1.5, тав, 10, 21, 42 км-т гүйв. Харин гүйлтийн спортоор хичээллэдэг, мэргэжлийн тамирчдын дунд болдог төрөл болох 21 км-ийн зайд Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 км-ийнхэд Кенийн тамирчин Кипротич Челанга Роберт тэргүүлж, “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Мөнхбаяр удаалжээ. 42 км-ийн зайд Кени улсаас гадна БНСУ, Орос, Хятад, Японоос мэргэжлийн тамирчид өрсөлдсөн аж.
“Автомашингүй өдөр”-өөр нийтийг хамруулсан олон арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Тухайлбал, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн мэргэжилтнүүд “Ухаалаг зорчилт-цэвэр агаар” уриан доор автомашинаас татгалзахыг уриалан, тэмцээн, уралдаан зохион байгуулсан бол нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхан шатны тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар хичээл заав.
Төвийн зургаан дүүргийн фитнесс клубийнхэн бие бялдраа хэрхэн зөв хөгжүүлж, эрүүл чийрэг болох тухай зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр 5-13 насныхны дунд “Хүүхэд бүрийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлье” нэртэй шохойн зургийн уралдаан боллоо.