Монголын Боулинг Сонирхогчдын Холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship 2017” үндэсний багийн лигийн хоёрдугаар тойрог өнгөрөгч ням гаригт Big bowling төвд боллоо. Энэ удаагийн тэмцээний онцлог нь багийг нэг мэргэжлийн тамирчин, нэг эмэгтэй тамирчин, нэг шинэ тамирчин гэсэн зарчмаар гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр сугалаагаар бүрдүүлж, 14 баг болгон хуваасан.
Баг бүрт шинэ тамирчин хуваарилсан нь тэдэнд түвшингээ ахиулах боломжийг олгосон алхам байв. Мөн эмэгтэй тамирчдаа дэмжих үүднээс зохион байгуулагчдын зүгээс тоглолт тус бүрд 20 оноо өгсөн нь тэдэнд маш их урам өгч, боломж олгосон юм.
Баг тус бүр урьдчилсан шатанд зургаан тоглолтыг гүйцэтгэж хамгийн өндөр оноотой эхний 8 баг хасагдах журмаар тоглосон. 1-ээр гарсан баг 8-аар гарсан багтай хасагдах шатанд халз тоглоод ердөө л 11 онооны зөрүүгээр хожсон бол аваргын төлөө тоглолт 3 дахь тамирчны сүүлийн шидэлтээр шийдэгдсэн нь ёстой л нэг “алаан” болж байлаа.
Тэргүүн байранд С.Батзориг ахлагчтай С.Хандаа, Г.Анхбаяр нарын баг, удаах байранд Д.Нацагдорж ахлагчтай Б.Оюунболд, Б.Оргилмаа нарын баг, гуравдугаар байранд С.Баярхүү ахлагчтай Т.Нансалмаа, Т.Энхбадрал нарын баг орсон.
Тэмцээний өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Э.Бат-Орших (CAD багийн ахлагч) 237 оноогоор, эмэгтэйчүүдээс С.Хандаа (ТЭЦ-3 багийн ахлагч) 200 оноогоор тодорсон юм.