Гуравхан хоногийн дараа эхлэх мэргэжлийн сүмогийн Нацү башёд монгол аваргууд алдсан ноёрхлоо эргүүлж авах уу, эсвэл Кисэносато нутаг нэгтнүүдээ дахин баярлуулж, гурав дахь түрүүгээ хүртэх үү гэдэг нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг гойд татаж буй. Үүний сацуу сонирхогчдын сүмо бөхөөр гаргаж болох бүхий л томоохон амжилтад хүрч, оюутны ёкозүна цол хүртсэн монгол сүмоч Б.Төрболд мэргэжлийн сүмод хөл тавьсан нь спорт сонирхогчдын дунд нэлээд хүлээлт үүсгэж байна. Монгол аваргуудын залгамж халаа гэгдэж буй Б.Төрболд энэ онд мэргэжлийн сүмог сонгон, “Нишикидо” дэвжээнд элссэн юм.
Аймгийн заан цолтой аав шигээ мундаг бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдөн, бөхөд хорхойсож, хөдөөний хүүхдүүдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн тэрбээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сонирхогчдын сүмогийн дэлхийн хошой аварга У.Бямбажав, Г.Наранбат, жүдоч Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар зэрэг шилдэг бөхийн анхны багш, “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэвээр жүдо, үндэсний бөхийн А үсэг заалгасан юм.
Багын өсгөлүүн биетэй хүүхэд байсан тэрбээр 15 настайдаа 180 см өндөр, 80 гаруй кг жинтэй байжээ. Одоогоос гурван жилийн өмнө Япон улсаас дасгалжуулагч нар Монголд ирж, сүмогийн сургуульд хүүхдүүд шалгаруулж авсан аж. Эл шалгаруулалтад тэнцэн, Наран улсыг зорьсон бөхчүүдийн нэг нь Б.Төрболд. Тухайн үед 15 настай байсан тэрбээр сүмогийн шинэ үе гэгдэж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров нарын хамт Япон улсыг зорьсон юм.
Б.Төрболд Наран улсад очсоныхоо дараа дасгалжуулагч Р.Гантөгсөөр сүмо бөх заалгасан ч мэргэжлийн сүмог сонголгүй, эрдэм номын мөр хөөн “Нихон” их сургуулийн дасгалжуулагчийн ангид элсчээ. Тэрбээр энэ тухайгаа “Япон улсад дөнгөж очсоны дараа хоол, агаар, ёс заншилд нь дасах гэж нэлээд будилсан. Сүмогийн бэлтгэл хийж эхлэхэд ямар байсан талаар ярихаас аймаар. Эхний хоёр жил хэн нэгнийг давж чадаагүйгээ нуугаад яах вэ. Сүмо тийм л хүнд спорт. Зарим найз маань шантраад нутаг буцах үед сэтгэлээр их унана. Надад ч бас шантармаар, больё гэмээр үе гардаг байлаа. Тийм үед “Сайн сүмоч болоорой” гээд үнсээд хоцорсон ижий аав, гэр бүлийнхнийгээ их санана. Итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээсээр өдий хүрлээ. Надад Тэрүнофүжи, Ичиножёо нар шиг шууд мэргэжлийн сүмод барилдах боломж байсан. Гэхдээ би боловсролдоо анхаарч, бүхнийг шинээр эхэлье, туршлага хуримтлуулъя гээд их сургуулийг сонгосон юм. Хэрвээ мэргэжлийн сүмод барилдсан бол тэднээс дутахааргүй бяртай, нуруулаг учраас чамлахааргүй амжилтад хүрэх байсан болов уу. Үүнд огт харамсаж, шууд мэргэжлийн сүмод барилддаг байж гэх бодол төрдөггүй. Цаашдаа бүр сайхан ирээдүй хүлээж байгаа нь мэдээж. Одоо бүх зүйл надаас л шалтгаална. Би л бэлтгэлээ сайн базааж, хичээвэл хүссэн амжилтдаа хүрэх боломжтой гэж боддог. Энэ бол миний амжилтын дөнгөж эхлэл. Бэлтгэлээ улам чамбайруулж, их аваргууд шигээ мундаг бөх болохын төлөө хичээнэ ээ” хэмээн ярилаа.
Нэрийн хуудас
Баасансүрэнгийн Төрболд 1994 оны дөрөвдүгээр сарын 25-нд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн. Биеийн өндөр 187 см, жин 182 кг. Сонирхогчийн сүмогийн ДАШТ-ээс насанд хүрэгчдийн ангилалд гурван алт (2013, 2014, 2016), хүрэл (2015), өсвөрийнхөд мөнгө (2012), Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээс алт (2015), хүрэл (2013), Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээн болон үнэмлэхүй жинд алтан медаль хүртжээ. Өнгөрсөн жил “Нихон” их сургууль төгссөн тэрбээр 2015 онд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ёкозүна цол хүртсэн юм. Б.Төрболд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны гадаад, Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны сүмоч.
Б.Төрболд 2012 оноос сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ, Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлжээ. Тухайн жилээ ДАШТ-ий өсвөрийн ангилалд мөнгөн медаль хүртэн, амжилтын салхиа хагалав. Эл амжилтаа дараа жил нь ахиулж, алтан медаль хүртсэн төдийгүй Төрийн дууллаа дэлхийн дэвжээнд гурвантаа дуурсгаж, босоо аварга гэдгээ баталсан юм.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Монголд болсон ДАШТ-д түрүүлж, монгол түмнээ баярлуулсныг нь уншигчид санаж байгаа биз ээ. Тэрбээр 2015 онд чанар чансаагаараа ДАШТ-ээс дутахааргүй өрсөлдөөнтэй болдог Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ёкозүна цол хүртэн, олны анхаарлыг бүр их татаж эхэлсэн. Учир нь тэрбээр 66 жилийн түүхтэй тус тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны гадаад бөх болсон юм.
Мэргэжлийн сүмод барилддаг бөхчүүдээс бусад Японы бүх хүчтэн зодоглодог тус тэмцээнд Б.Төрболд найм барилдаж, аваргын төлөөх барилдаанд 2014 оны дэлхийн аварга Күрозаваг ялсан. Б.Төрболд Бүх Японы аваргаас 2013 онд хүрэл медаль хүртсэн амжилтаа тийнхүү ахиулан, түрүүлсний сацуу мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрх өвөртөлсөн юм. Тэрбээр 2014 онд тус тэмцээнд нурууны бэртлийн улмаас зодоглож чадаагүй. Бэртэл нь гурван жил гаруй зовиурлаж, санасан барилдаанаа гаргаж чадаагүй гэнэ.
“Би багадаа их дүрсгүй хүүхэд байж билээ. Энэ спорт миний хүмүүжилд их эерэгээр нөлөөлсөн. Сүмо хүнд, хэцүү ч их сайхан спорт. Зовсны эцэст жаргана гэдэгт би итгэдэг. Уйгагүй хичээж, хоёргүй сэтгэлээр зүтгэж л чадвал үр шимийг нь хүртэх байх аа. Сүмо бол өвөрмөц ертөнц. Хүн бүр энэ ертөнцийг бүрэн ойлгох боломжгүй. Энэ ертөнцөд хөл тавьснаараа би тэвчээртэй, хүлээцтэй, уужуу ухаантай болж төлөвшсөн” хэмээж буй түүнийг өнгөрсөн жил “Нихон” их сургуулийн сүмо бөхийн багийн ахлагчаар томилжээ.
Тэрбээр Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн гадаадын хоёр дахь, Монголын анхны бөх болсон юм. Аваргын төлөөх барилдаанд Шира Очийг ошидаши мэхээр ялсан тэрбээр оюутны ёкозүна цол хүртжээ.
Золгооноос олон төрлийн мэх хийдэг нь түүний барилдааны онцлог. Их аварга Д.Дагвадорж шиг бөх болохыг мөрөөддөг тэрбээр Г.Ган-Эрдэнэ, А.Ичинноров нартай дотно нөхөрлөдөг.
56 шинэ бөх энэ сарын Нацү башёд барилдаж эхлэх гэж буй. Мэргэжлийн сүмогоор барилдах зорилготой хүн бүхэн аль нэгэн дэвжээнд харьяалагдах амаргүй. Учир нь Японы сүмогийн дэвжээнүүдийг ганцхан гадаад бөхтэй байхыг зөвшөөрдөг. Харин Нишикидо ояката Б.Төрболдод боломж олгон, дэвжээнийхээ бөх болгосон төдийгүй саяхан түүнд Миторюү Такаюки хэмээх нэр хайрлав. Макүшитагийн 15-аас эрэмбэлэгдэн барилдах Б.Төрболд долоон удаа ялж, түрүүлбэл дараагийн башёгоос жюүрёо зиндаанд дэвших боломжтой.