Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Одоо цаг” сониноос сэтгүүлчдийн дунд зохион байгуулдаг ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Оч” клубт амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 24 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд “Хориотой бүс” сонины эрхлэгч Д.Буян алтан медаль, “MN25” суваг телевизийн найруулагч Г.Энхтүвшин мөнгөн медаль, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Э.Харцага хүрэл медаль хүртэж, тусгай байрыг “Болсон явдал” сонины Ц.Гантулга эзэллээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын үндэсний телевизийн С.Сарантуяа тэргүүлж, “Хориотой бүс” сонины сурвалжлагч Г.Түвшинбаяр аман хүзүүдэж, “Чөлөөт хэвлэл” сангийн эх бэлтгэгч Н.Март удааллаа. Тусгай байрын шагналыг Монголын үндэсний телевизийн тамирчин Б.Болормаа хүртсэн юм.
Хосын тоглолтод “Хориотой бүс” сонины эрхлэгч Д.Буян, тус сонины сурвалжлагч Г.Түвшинбаяр нар тэргүүлж, шилжин явах цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Хоёрдугаар байрыг Монголын үндэсний телевизийн Л.Болд, С.Сарантуяа нарын баг эзлэв.
Тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Учир нь өнгөрсөн жилийн аварга өнөөдөр хэсгээсээ гарч чадахгүй байхад ноднин дөрөвдүгээр байранд орсон тамирчин аваргаар шалгарлаа. Аваргын төлөө өрсөлдсөн гурван тамирчин бүгд партын харьцаа тэнцүү байдлаас хожил авцгааж байлаа.
Хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээнийг энэ удаа “Тавантолгой” ХК ивээн тэтгэсэн юм. Тэмцээний шагналын сан 3 сая төгрөг байсан бөгөөд шилдэг тамирчдыг Butterfly брэндийн үүргэвч, цүнх, цохиур, өмсгөл, мөнгөн шагнал, медаль, цомоор шагнаж урамшууллаа.
Жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сахин хамгаалах, мөн мэдээлэл олж авах эрхийн төлөө тэмцэх зорилготой энэ өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийнхээ дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай.