Монголын Боулинг Сонирхогчдын Холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship 2017” үндэсний багийн лигийн нэгдүгээр тойргийн тэмцээн өнгөрөгч ням гаригт Big bowling төвд боллоо. Өнгөрсөн жил сугалаагаар таван хүнтэй баг бүрдүүлж байсан бол энэ жил тамирчид өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэж тус бүр гурван гишүүнтэй 14 баг болон оролцсон билээ.
Энэ жилийн лигийн тэмцээнд эмэгтэй тамирчдаа дэмжих үүднээс зохион байгуулагчдын зүгээс тоглолт тус бүрд 20 оноо өгсөн нь тэдэнд маш их урам өгч, боломж олгосон юм.
Баг тус бүр урьдчилсан шатанд зургаан тоглолтыг гүйцэтгэж хамгийн өндөр оноотой эхний таван баг хасагдах журмаар тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн. Нэгээр гарсан баг шууд аваргын төлөө тоглох эрхээ авч хүлээсэн бол 2, 3, 4, 5-аар шалгарсан багууд хасагдах журмаар өрсөлдсөн юм.
Тэмцээний аваргаар Б.Нансалмаа ахлагчтай “Happy family” баг шалгарч, хоёрдугаар байранд Х.Өлзийхорол ахлагчтай “Only girls”, удаах байранд С.Батзориг ахлагчтай “Teddy” баг шалгарлаа.
Мөн хамгийн өндөр оноо авсан тамирчинд өгдөг шилдэг тоглогчийн шагналыг анх удаагаа оноо нь тэнцсэн /233 оноотой/ хоёр тамирчин хүртсэн. Тэд бол “УБЦТС” ТӨХК-ийн багийн ахлагч “Strikes” клубын тамирчин Г.Магсаржалам, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тамирчин Э.Харцага нар юм. Тэмцээний шагналын сан нэг сая төгрөг байв.