Уран гулгалтын ертөнцөд ази бүсгүйчүүд ноёрхох эхлэлийг тавьсан “Ванкувер 2010” олимпын аварга, “Сочи 2014”- ийн мөнгөн медальт БНСУ-ын Ким Юна хоёр жилийн өмнө зодог тайлсан билээ. Тэгвэл түүний хүчтэй өрсөлдөгчдийн нэг асан, дэлхийн гурван удаагийн аварга Японы нэрт тамирчин Мао Асада мөн л их спортоо орхиж буйгаа хэдхэн хоногийн өмнө зарлав.
Дэлхийн хэмжээний эмэгтэй гулгагч Азиас дахин төрөх болов уу? Энэ асуултад олон мэргэжилтэн “Нэлээд хугацаа шаардагдана, бараг боломжгүй” хэмээн дүгнэсэн. Харин “Japan Times” сонин 13 настай япон охин Моа Иваног тэдний залгамжлагчаар нэрлэв.
Тэрбээр 2004 оны гуравдугаар сард БНСУ-ын нийслэл Сөүлд төрж, тэнд долоон нас хүртлээ амьдарчээ. “Гурван насны маань төрсөн өдрийг гэр бүлээрээ ресторанд тэмдэглэсэн юм. Тэр үед хажуугийн мөсөн гулгуурын талбай дээр нэгэн охин маш чадварлаг гулгаж байв. Ялангуяа түүний гоёмсог даашинз надад маш их таалагдаж билээ. Тэгээд аав, ээжээсээ уран гулгалтын дугуйланд бүртгүүлж өгөхийг хүссэн. Японд буцаж ирснийхээ дараа ч сонирхлоо орхиогүй. Миний шүтээн бол Мао Асада, Ким Юна, Дайскэ Такахаши, Хавьер Фернандес нар. Асадагийн зодог тайлах болсон шалтгааныг гадарлаж байна. Учир нь тэр үргэлж ялагч байхыг хүсдэг. Нэгэнт урьдын формондоо орох хэцүү болсон учраас ийм шийдвэр гаргасан байх” хэмээн Моа өгүүлж байна.
Түүний гол зорилго 2022 онд Бээжинд болох олимпын наадамд амжилттай оролцох. Тэр үед Ивано 18 нас хүрнэ. Одоо тэр дунд сургуульд суралцахын зэрэгцээ Осака мужийн Кансай их сургуулийн мөсөн гулгуурын талбайд долоо хоногт зургаан удаа бэлтгэл хийдэг. Нэг удаадаа 3-4 цагаар, долоо хоногт нийтдээ 18-аас багагүй цагийг мөсөн дээр өнгөрүүлдэг. Тус сургуулийн багш Сатоко Мияхара залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт Марин Хонда, Юно Шираива нарын шилдэг тамирчныг төрүүлж гаргасан аж. Харин Ивано олимпын хүрэл медальт Дайскэ Такахашигийн хуучин дасгалжуулагчтай хамтран ажилладаг гэнэ.
“Өдөр болгон л гурвалсан аксель, дөрвөлсөн сальх эргэлтийн дасгал хийж байгаа. Ирэх жилээс дээрх элементүүдийг хөтөлбөртөө оруулна” гэсэн Ивано энэ улиралд Японы дэд аварга болж, “Asian Open Trophy” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, “Bavarian Open”-д аваргалаад байна. Гурвалсан лутц-риттбергер зэрэг маш хүнд эргэлтийг зоригтой хийдэг түүнийг удахгүй дэлхийн хэмжээний амжилт үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа дасгалжуулагч нь өгүүлсэн. Тэгээд ч яг энэ хөтөлбөрөөр бэлтгэгдсэн Акико Сүзүки 2011, 2012 оны ДАШТ-ээс дараалан хүрэл медаль хүртэж байв. “Мөсөн дээр гарахаараа Моа үзэгчдийг байлдан дагуулж чаддаг. Миний хөтөлбөрийг үргэлжлүүлэн, зарим элементийг сайжруулж, амжилт үзүүлж байгаа нь бахархах сэтгэгдэл төрүүлж байна. Тэр аль хэдийнэ дээд зэрэглэлийн гулгагч болсон. Одоо гүйцэтгэлээ илүү хурдтай хийдэг болчихвол жинхэнэ төгс гулгалтыг толилуулна даа” хэмээн Сүзүки залуухан өрсөлдөгчөө магтжээ.
Охиныхоо авьяас чадварт нэг ч хором эргэлзэж байгаагүй эцэг, эх нь АНУ юм уу Канадад очиж, илүү сайн дасгалжуулагч олох бодолтой байна. Солонгос хэлийг төрөлх хэл шигээ сурсан Моа одоо англи хэлийг эрчимтэй сурч, далайн чанадыг зорих бэлтгэлээ базааж байгаа аж.