Монголын сүмоч Асасикирюү Б.Дашням зодог тайлсныхаа дараа ояката болохын тулд иргэншлээ солихоор шийдсэнээ Японы нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Би энэ талаар удаан бодсон. Иргэншлээ солих шийдвэр гаргахад их хэцүү юм байна. Гэхдээ би зодог тайлсныхаа дараа сүмогийн ертөнцөд үлдэн, үйл хэргээ үргэлжлүүлэхийг хүсдэг. Тэгэхийн тулд Японы иргэн болохоос өөр арга алга. Гэр бүлийнхэн маань ч намайг дэмжсэн” гэжээ.
Өнгөрсөн жил зиндаа буурч, макүшитад барилдаж буй Б.Дашням 1997 онд онд Их аварга Д.Дагвадоржийн хамт Наран улсад очин, мэргэжлийн сүмод хөл тавьсан юм. Тэрбээр 2000 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа хийн, хоёр жилийн дараа жүрюү, 2003 онд макүүчи зиндаанд дэвшсэн.
Улмаар 2007 онд сэкивакэ цол хүртэн, тусгай шагналыг дөрвөн удаа авчээ. Хэрвээ тэрбээр зорилгодоо хүрвэл Монголын гурав дахь ояката болно. Түүнээс өмнө Кёкүтэнхо Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар агсан нар ояката болсон билээ.