Монголын боксын спортын хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар дэлхийд алдартай. Одоогоор манай ширэн бээлийтнүүд олимпоос зургаа (нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл), насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ес (нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл) медаль хүртээд байгаа нь үүний илрэл болов уу. Гэхдээ манай тамирчид өсвөр үе, залуучуудын ангиллын томоохон тэмцээнд төдийлөн өндөр амжилт гаргаж чаддаггүй.
Тэртээ 2004 онд залуучуудын ДАШТ-ээс анх Э.Энхзориг хүрэл медаль хүртсэнээс хойш түүний амжилтын буухиаг боксчид үргэлжлүүлж чадахгүй л байв. Харин хоёр жилийн өмнө болсон өсвөр үеийн охидын ДАШТ-ий 48 кг-д М.Энхжаргал, 54 кг-д Л.Ангараг, 57 кг-д М.Намуун нар хүрэл медаль хүртэн, түүхэн амжилт гаргасан билээ. Тэд өсвөрийн төдийгүй эмэгтэйчүүдийн боксын спортын түүхэнд тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Дэлхийн дэвжээнээс нэг бус, гурван медаль хүртсэн давтахад бэрх амжилтын тухай “Алтан хором” онцоллоо.
Тайваньд 2015 оны тавдугаар сард болсон ДАШТ-д манай улсаас Ардын багш Д.Бандийн удирдлага дор оролцсон тамирчдаас тав нь медалийн төлөө өрсөлдөн, гурав нь хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Төдий хэмжээний амжилт гаргана гэх багцаа байсан, эсэх талаар нь Д.Банди багшаас лавлахад “Манай тамирчид насанд хүрэгчдийн ангилалд олимп, ДАШТ-д өндөр амжилт гаргадаг ч өсвөр үеийнхэд медаль хүртэж чадалгүй олон оныг үдээд байсан юм.
Зөвхөн өсвөр үеийнхээс гэлтгүй Э.Энхзориг залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэнээс хойш 11 жил чилийтлээ хүлээсэн гэсэн үг. Түүний амжилтыг өдгөө ч давтаагүй л байна. Бид өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртэх юм сан гэж олон жилийн турш зорьсон. Шавь нар бэлтгэл сайтай, цагийн зөрүү багатай байсан болохоор медаль хүртэнэ гэдэгтээ эргэлзээгүй. Гэхдээ бүхэл бүтэн гурван медаль авна гэж төсөөлөөгүй ээ. Таван тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдөх болзол хангахад нь их бахархсан. Хүн их даврамтгай шүү.
“Ганц ч болтугай медаль хүртэж, түүхэн амжилт гаргачихвал болох нь тэр” хэмээн бодож байсан хүн чинь бүр давраад чадвал тавууланг нь өндөр амжилтад хүргэчих юм сан гээд шунадаг юм билээ. Хонгорзул, Осормаа хоёрт ч бас медаль хүртэх боломж байсан. Харамсалтай нь, тэдний амжилтад булхайтай шүүлт чамгүй их нөлөөлсөн. Манай гурав гурвуулаа хагас шигшээд АНУ-ын тамирчинд дийлдсэн нь ховор тохиолдол. Энэ амжилт Монголд эмэгтэйчүүдийн боксын спорт хөгжих, олимп, ДАШТ-ээс медаль хүртэх хэмжээнд хүрэхэд хөшүүрэг болох нь гарцаагүй. Эмэгтэй боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль авах цаг ойрхон байна” гэлээ.
Түүхэн амжилтад хүрэхдээ ямар бартаа, саадыг даван туулсан тухай гаа М.Энхжаргал “М.Намуун бид хоёр 16, Л.Ангараг 15 насандаа түүхэн амжилтын эзэн болоход МБХ, дасгалжуулагч нар, гэр бүлийнхний минь дэмжлэг их нөлөөлсөн. Би эхний тойрогт ОХУ-ын тамирчныг 3:0- ээр ялж, харин манай хоёр шууд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм. Хамгийн хөнгөн жинд хүч сорьсон гэдэг утгаараа би эхэлж тоглон, медалийн болзол хангасан.
Миний амжилт булган сүүлтэй байж, хоёр найз минь хүрэл медаль хүртсэнд бэлгэшээж явдаг” гэсэн бол М.Намуун “Энхжаргалыг өрсөлдөгчөө ялсных нь дараа надад медаль хүртэнэ гэх итгэл бүр их нэмэгдсэн. “Найз минь чадлаа. Би ч бас амжилтыг нь үргэлжлүүлэх ёстой” хэмээн өөрийгөө зоригжуулсан. Тоглолтын өмнө Д.Банди багш “Сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, төвлөрөхийг хичээ. Медалийн төлөө бус, бэлтгэл хийж байна гэж бодоод л тогло” гэсэн.
Хүрэл медалийн болзол ханган, дэвжээнээс буусан мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй. ДАШТ-ийг зориход аав минь “Дэлхийн аварга болоод” ирээрэй хэмээн зүүн хацар дээр минь үнссэн. Хурдхан эх орон руугаа буцаж, аав, ээжтэйгээ уулзах юм сан гэж их яарсан. Онгоцны буудалд ээж намайг тосон “Охиноороо бахархаж байна” гэхэд “Ачийг нь өчүүхэн ч атугай хариулсан байх” гээд их баярласан” хэмээн дурслаа.
Медалийн өнгөө хувиргах, бүр цаашлаад дэлхийн аварга болох боломж байсан, эсэх талаараа Л.Ангараг “Бид гурав амжилтдаа арай эрт ханачихсан байж магадгүй. Гурвуулаа АНУ-ын тамирчдад дийлдэн, мөнгөн медалийн оосроос атгаад алдсан. Ер нь бид гурав техник, ур чадвараар бус, сэтгэл зүйн бэлтгэл тааруу хийснээсээ болж л ялагдсан байх.
Биднээс гадна медаль авах нөөц, бололцоотой тамирчид ялагдан, үзэгчийн суудалд шилжихэд их харамссан. Залуучуудын ангилалд V байрт шалгарсан С.Осормаа эгч л гэхэд хэсэгтээ АНУ, ОХУ-ын тамирчныг ялж, медалийн төлөө өрсөлдөх болзол хангасныг нь онцлохгүй байхын аргагүй. Хэрвээ эзэн орны боксчинтой учраа таараагүй бол хүрэл медаль хүртэх байсан гэдэгт нь эргэлздэггүй. Тоглолтын эхнээс илүүрхсэн ч булхайтай шүүлтийн золиос болсон” хэмээв.
Азийн боксын холбооны албан ёсны сайтад “Монголын тамирчин М.Энхжаргалын тоглолт, ур чадвар бусдаас ялгарч байна. Хэрвээ АНУ-ын тамирчинтай зөв тактикаар өрсөлдсөн бол мөнгөн медаль авах, бүр цаашлаад түрүүлэх боломж түүнд байсан” хэмээн онцолжээ.
“Алдар” спорт хорооны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь М.Энхжаргал 2011 оноос хойш энэ спортоор хичээллэж буй. Тэр жилээ “Шижир алт” тэмцээнд түрүүлж, амжилтын салхиа хагалжээ. Тэрбээр УАШТ-д өсвөр үеийнхэд хоёр алт (2014, 2015), нэг мөнгө (2013), насанд хүрэгчдийнхэд энэ жил хүрэл медаль хүртсэн юм.
Олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалайгийн анхны багш, Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа гуайн зээ охин Л.Ангараг ээжийнхээ төрсөн дүү, “Талын бүргэд” клубийн дасгалжуулагч Т.Эрдэнэбаярын удирдлага доор 2012 оноос боксоор хичээллэж, амжилтын төлөө зүтгэж явна. Тэрбээр УАШТ-ээс алт, хүрэл, насанд хүрэгчдийнхэд 17 насандаа мөнгөн медаль хүртсэн амжилтаа энэ жил давтлаа.
Харин “Эрдэнэт бокс” клубийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага доор бэлтгэлээ базаадаг М.Намуун 2012 онд энэ спорттой амьдралаа холбожээ. Тэрбээр УАШТ-д өсвөр үеийнхэд хоёр, залуучуудынхад нэг удаа түрүүлэн, насанд хүрэгчдийнхэд сүүлийн хоёр жил дараалан алтан медаль хүртэж, хошой аварга болсон юм.