Бэнди буюу бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед улсад боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоккейчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багийнхныг 6:5-аар хожиж, түүхэн амжилтын эзэн боллоо.
Энэ бол Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртэж буй анхны медаль.
“А” хэсэгт Япон, Унгар, Украины хоккейчидтой учраа таарсан Монголын шигшээ багийнхан ганц ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн.
Тэд Украиныг 9:6, Японыг 10:2, Унгарыг 9:5-аар хожсон. Монголын шигшээгийнхэн өнгөрсөн жил ДАШТ-д Украины багт 6:5-аар дийлдэн IV байрт шалгарсан бол Японыхтой хоёр удаа учраа таарахдаа 3:2, 4:0-ээр хожигдсон. Украинтай таван удаа тоглохдоо хоёр хожиж, гурван удаа (ганц онооны зөрүүтэй) дийлдэж байсан юм.
Харин энэ удаа хүчтэй өрсөлдөгчдөөсөө даагаа нэхэж чадсан нь ОХУ-ын гурван хоккейчноор хүчээ сэлбэсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.
Улмаар Голландын шигшээгийнхнийг 6:2-оор хожиж хагас шигшээд шалгарсан ч Канадын хүчирхэг багт 6:5-аар дийлдсэн юм.