Бэнди буюу бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед улсад үргэлжилж байна. “А” хэсэгт Япон, Унгар, Украины хоккейчидтой учраа таарсан Монголын шигшээ багийнхан ганц ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүллээ. Тэд Украиныг 9:6, Японыг 10:2, Унгарыг 9:5-аар хожсон.
Монголын шигшээгийнхэн өнгөрсөн жил ДАШТ-д Украины багт 6:5-аар дийлдэн IV байрт шалгарсан бол Японыхтой хоёр удаа учраа таарахдаа 3:2, 4:0-ээр хожигдсон. Украинтай таван удаа тоглохдоо хоёр хожиж, гурван удаа (ганц онооны зөрүүтэй) дийлдэж байсан юм.
Харин энэ удаа хүчтэй өрсөлдөгчдөөсөө даагаа нэхэж чадсан нь ОХУ-ын гурван хоккейчноор хүчээ сэлбэсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.
Хэсгээ тэргүүлсэн манайхан нөгөө хэсгийн сүүл мушгисан Голландын багтай учраа таарч, сонины дугаар шилжих мөчид тоглож байлаа.
Тэд 2009 оноос хойш таван удаа учраа таарч, манай хоккейчид нэг хожиж, дөрөв хожигдсон юм.