МҮСБХ болон МСБХ-ноос хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний плей-оффын эхний шатанд учраа таарсан Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех” Дундговь аймгийн Дундговь багийн цувралын хоёр дахь тулаан СТО-д өчигдөр боллоо.
Дунговь хожигдох эрхгүй боллоо
Эхний тоглолтод хожигдсон Дундговь аймгийн баг тулааны эхний тун нямбай үзлээ. Тэд нэгдүгээр үед Торан Браун, Саруул-Эрдэнэ нарыг гаргасан нь үр дүнгээ өгөв. Улмаар эхний үе дундговьчуудын давамгайллаар өндөрлөсөн юм. Харин хоёрдугаар үед “Сүхбаатар Альянс Тех” хамгаалалтаа сайн хийж, онооны зөрүүг арилгаж чадлаа.
Гурав болон дөрөвдүгээр үед Дундговь тэргүүлж байсан юм. Тоглолт дуусахад хоёр минут үлдээд байхад Дундговь аймгийн баг 15 оноогоор давамгайлж байлаа. Энэ үеэс эхлэн Сүхбаатар бүтэн талбайн хамгаалалт авсан юм.
Улмаар тэд дараалан 6 оноо авлаа. Хамгаалалт үр дүнгээ өгсөөр сүхбаатар богинохон хугацаанд 15 оноо барьж, Ким Чонь Ил алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж тооны харьцааг 98:98-аар тэнцүүлэв. Ийнхүү Сүхбаатар гайхалтай эргэн ирэлт хийж, нэмэлт цаг сунгахаар боллоо. Нэмэлт цагийн эхэнд Дундговь аймгийн багийн лидер Торан Браун зургаа дахь алдаагаа гаргаж талбайг чөлөөлөв. Ширүүн тоглолтын эцэст “Сүхбаатар Альянс Тех” 106:105-аар өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 2:0 болгосон юм.
Ийнхүү Дундговь хожигдох эрхгүй үлдлээ. Сүхбаатараас Карл Блэйр 29 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлэв. Э.Дөлгөөн 18 оноо, 18 самбар, Ким Чонь Ил 14, Цэнгүүнбаяр 13 оноо, 11 самбар, М.Харрис 12 оноо, 10 самбар авчээ. Дундговь аймгаас Торан Браун 29, Анар 22 оноо, 10 самбар, Жэймс Криксэй 18, Баярдаваа 14, Дорждамба 14 оноо, 15 самбар авав. Сүхбаатар ганцхан хожил авахад бүсийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болно.
“Хөвсгөл Нэг Үе” хариу цохилт хийж, цувралыг тэнцүүлэв
Плей-оффын эхний шатанд оноолт таарсан Ховд аймгийн “Ховд Алтайн Аргаль”, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Нэг Үе” хоёр дахь “уулзалт” болсон юм. Өмнөх тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн. Өнөөдрийн тоглолт ч эхнээсээ үнэхээр сонирхолтой боллоо.
Хөвсгөл аймгийн багийн ахлагч Энхтайван үнэхээр онцгой тоглолт үзүүлж байсан юм. Мөн Чинбат, БНАСАУ-ын легионер Чой Рю Ри нар сайн тоглов. Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ховд учраа олохгүй явсаар шийдвэрлэх дөрөвдүгээр үетэй нүүр тулсан юм.
Улмаар Хөвсгөл тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 102:97-гоор хожин цувралыг 1:1 болгон тэнцүүлэв. Хөвсгөлөөс Энхтайван 24 оноо, Г.Чинбат 22 оноо, 13 самбар, Б.Наранбаатар 16, Цэлмэг 12 оноо, Чой Рю Ри 10 оноо, 12 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трибль-дабль хийлээ.
Ховд аймгийн багаас Д.Мөнхтүвшин 23, Томас 17, П.Болортулга 12 оноо, 10 самбар авав. Ийнхүү Хөвсгөл амар өрсөлдөгчө биш гэдгээ харуулан цувралыг тэнцүүлж чадлаа. Хоёр багийн ээлжит тулаан маш сонирхолтой болно.