Бэнди буюу бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед улсад эхэллээ. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг “А” хэсэгт Япон, Унгар, Украины хоккейчидтой учраа таарсан бол “В” хэсэгт Канад, БНХАУ, Чех, Эстони, Нидерландын шигшээ багууд өрсөлдөж буй.
Манай баг хэсгийн эхний тоглолтоо Украины хоккейчидтой хийлээ. Монголын залуус украинчуудад өнгөрсөн жил 6:5-аар дийлдэн, IV байрт шалгарсан төдийгүй зодоон цохионтой, нэлээд хүнд тоглолт болсон билээ.
Харин энэ удаа тэднээс хариугаа авч чадах эсэх нь спорт сонирхогчдын анхаарлыг их татаж байв. Монголын шигшээ тоглолтын эхнээс тэргүүлж, илүүрхсээр өрсөлдөгчөө 9:6-гаар хожиж, даагаа нэхлээ. Манай хоккейчид гурван орос тоглогчоор хүчээ сэлбэсэн нь нүдээ олжээ. Энэ тоглолтод Тамир, Мурзин, Айсбруннер, Шинэбаяр нар тус бүр хоёр, Радионов нэг гоол оруулж, багаа хожилд хөтөлсөн юм.
Харин хоёр дахь тоглолтодоо Японы шигшээг 10:2-оор хожлоо. Өнөөдөр хэсгийн сүүлчийн тоглолтоо Унгарын багтай хийнэ.