Мэргэжлийн сүмогийн Хацү башё япончуудын хувьд ойрын хэдэн жил сонсоогүй баярт мэдээ, сонирхолтой барилдаанаар дүүрэн өндөрлөв. Тэдэнд аатай түрүү, мартагдах дөхсөн аварга цолыг эргүүлэн авч ирэх хувь тохиолтой япон бөх бол озэки Кисэносато байлаа. Энэ өдрийг япончууд бүхэл бүтэн 19 жил хүлээсэн.
Тэрбээр тэртээ 2004 оны арваннэгдүгээр сарын 1-нд сүмо бөхөөр хичээллэж, ердөө ганцхан сарын дараа дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш ирээдүйн их аварга хэмээн үнэлэгдсээр ирсэн. Кисэносато ард түмийхээ итгэлийг алдалгүй барилдсаар 2011 оны Кюүшюү башёд озэки цол хүртсэн ч энэ үеэс байдал эсрэгээрээ эргэх нь тэр.
Тэрбээр олон удаа түрүүлэх боломжоо алдаж, аварга цолны болзол сонссон ч бусад япон озэкигийн адил ашиглаж чадалгүй бүдэрсээр л байв. Гэхдээ тэрбээр монгол аваргуудын ноёрхолд бууж өгөлгүй мэрийсээр байсан юм. Кисэносато мэргэжлийн сүмо бөхөөр барилдаж эхэлснээсээ хойш ганц ч башё өнжилгүй барилдан, 12 удаа үзүүрлэж, долоон удаа 13-аас дээш давсан нь үүний илрэл. Өдгөө 30 настай тэрбээр гарамгай барилдааны шагналыг тав, уран барилдааны шагналыг гурав, техниктэй бөхийн шагналыг нэг удаа хүртсэн.
Энэ амжилтаараа япончуудын хүндлэлийг хүлээж, хэзээ нэгэн өдөр түрүүлж, аварга цол хүртэнэ хэмээн башё бүрт горьдлого тээдэг бөхчүүдийн нэг нь болоод удаж буй. Үүнийг нь монголчууд бид Ч.Санжаадамба аваргыг улсын нааамд түрүүлээсэй хэмээн олон жил хүлээн, түрүү бөхийн тааварт дэвшүүлдэг байсантай зүйрлэж болмоор.
Харин Кисэносатогийн мөрөөдөл 13 жилийн дараа Хацү башёд биелж, Эзэн хааны цом өргөхийн сацуу аварга цол хүртэн, япончуудын 19 жилийн турш хүлээсэн хүслийг биелүүлэв. Хамгийн сүүлд тэртээ 1997 онд Ваканохана аварга цол хүртэн, элэг нэгтнүүдээ баярлуулсан юм. Өдгөө Кисэносато үндэсний баатар болоод буй. Энэ нь ч аргагүй. Үндэсний спортоос нь өөрийн орны аварга цолтон төрөхгүй, олон жилийн турш гаднын бөхчүүдийн ноёрхолд байхыг нь харах япончуудад амаргүй байсан нь мэдээж.
Гэхдээ Кисэносатог “чанаргүй” аварга гэх шүүмжлэл дагасаар л. Учир нь энэ сарын башёд Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд, озэки Гоэйдо нар бэртлийн улмаас тэмцээнээ дундаас нь орхисон түүнд том боломж олгосон ч амжилтынх үнэ цэнийг бууруулж буй.
Хэдийгээр түрүүлэх болзол хангасан байсан ч тэмцээний сүүлчийн өдөр Хакүхог давсан нь түүнийг аварсан гэхэд хилсдэхгүй. Хэрвээ М.Даваажаргалд унасан бол түүний түрүү үнэ цэнэгүй, аварга цол хүртэх талаар мөрөөдөөд ч хэрэггүй байв. Харин бүх зүйл Кисэносато төдийгүй япончуудын хүслээр боллоо.
Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Кисэносатод аварга цолыг нь энэ сарын 25-нд албан ёсоор олгохоор болов.
Гэхдээ хэрвээ Кисэносатод аварга цол олгоогүй бол Япон ёкозүна төрөхийг дахиад чамгүй олон жил хүлээх байсан нь гашуун боловч үнэн. Учир нь өдгөө Их аварга цолонд хамгийн ойрхон яваа гэгдэж буй озеки Гоэйдогийн нас ахьсан, озеки Котошогикү хоёр башё дараалан котобан буюу 50 хувийн амжилтаа үзүүлж чадалгүй цолоо хураалган, ирэх сарын башёд сэкивакэ цолтой барилдахаар болов.
Ийнхүү ирэх сарын башёд дөрвөн ёкозүна барилдахаар боллоо. Мэдээж хариуцлагагтай чухал башё, давааны үеэр амжилтаа баталж чаддаггүй гэмтэй Кисэносато түрүү булаалдах хэмжээнд барилдах, аварга цолоо хамгаалж чадах нь эсэх нь сүмо сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байна.