Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэллээ. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
УАШТ-ий албан ёсны нээлт дөнгөж сая боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МЖЖХ-ны ерөнхийлөгч Б.Мягмардорж, МЖЖХ-ны үүсгэн байгуулагч О.Болд-эрдэнэ, МЖЖХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга О.Нарангэрэл, МЖЖХ-ны гишүүн М.Батбилэг, МЖЖХ-ны олон улсын шүүгч Д.Болор-Эрдэнэ, МЖЖХ-ны дэд ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр, МПЖБХ ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, МЖЖХ-ны гишүүн Б.Түвшин, “Аваргч” спорт хорооны дарга Г.Эрхэмбаяр, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга А.Давааням нар оролцлоо.
Нээлтийн үеэр МЖЖХ-ны ерөнхийлөгч Б.Мягмардорж “Эрхэм хүндэт жюү жицү сонирхогч, тамирчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай тамирчид 2016 онд ДАШТ, Азийн АШТ, Азийн элсний наадмаас 40 гаруй медаль хүртлээ. Энэ жилийн УАШТ-д олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй 300 гаруй тамирчин өрсөлдөж байна. Бүгдэд нь амжилт хүсье. УАШТ нээснийг мэдэгдье” хэмээлээ.