Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир өнөөдөр албан ёсоор зодог тайллаа.
Монголын жүдо бөхийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон шилдэг тамирчин манай улсад бий. Тэдний нэг бол яах аргагүй олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир билээ.
Тэрбээр олимп, ДАШТ-ий хос медальт Монголын гуравхан жүдочийн нэг. Эл амжилтыг түүнтэй хамт Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа нар эзэмшдэг.
Багаасаа бөхийн спортод хорхойтой, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн С.Ням-Очир 1998 онд аавынхаа байгуулсан “Улаан гуталт” клубт Ю.Баттогтох багшаар “А” үсэг заалгаж, их спортод хөл тавьж байлаа. С.Ням-Очир бөхийн удамтай төдийгүй Гавьяат тамирчин Г.Жамсран, Г.Барсүрэн, олимпын V байрын шагналт, самбо бөхийн дэлхийн аварга Д.Нямхүү тэргүүтэй шилдэг жүдоч түүний хамаатан.
Ах нарынхаа залгамж халаа нь болж, манай 73-ын жинг олон жил тахалсан тэрбээр 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртэн, монгол түмнийхээ магнайг хагартал баярлуулсан. Улмаар 2015 онд 28 настайдаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, ясны жүдоч гэдгээ баталсан.
Уншигч та бүхэн С.Ням-Очир гавьяатын талаар жүдогийн алдартнууд юу гэж өгүүлснийг ЭНД дарж сонирхоно уу.