Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хоёр жил дараалан энэ жинд олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ О.Батхүү нар аваргын төлөө өрсөлдсөн. Өнөө жил ч бас тэрхүү дур зураг давтагдах болов уу хэмээн хөгжөөн дэмжигчид таамаглаж байсан биз.
Харин олимпийн V байрын шагналт Э.Цэндбаатар жин өгсөн, 60 кг-д оролцсон нь таамаг нэлээн будилуулж, гал гарсан өрсөлдөөнийг бий болгов.
Риогийн олимпийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцсон хоёр шигшээд шалгарсан. Спортын төв ордонд хуран цугласан үзэгчид “Оки, Цэндээ” хэмээн уухайлан дэмжицгээсэн нь энэ тулааныг хир олон хүн “чих тавин” хүлээснийг илтгэнэ.
Тэд бие биенээсээ огт айж бэргэлгүй, ухрах араагүй мэт зөвхөн ялахын төлөө урагш зүтгэж, дайчин тоглосныг нь онцолъё.
Эхний үед хоёр тулаанчийн хөмсөг задарч, улаан цус шанааг нь даган урсаж байв. Тоглолт үргэлжлэх тусам задарсан хөмсөгнөөс нь цус олгойдон гарч, хөгжөөн дэмжигчид ордонг доргиох шахам уухайлан дэмжсээр байв.
Гурван үеийн турш үргэлжилж, цус асгаруулсан хүнд тоглолтын эцэст Э.Цэндбаатар Д.Отгондалайг 3:2-оор ялж, шуугиулав.
Тэрбээр “Монголын боксын амьд домог Оки ахтайгаа аваргын төлөө тоглосондоо баяртай байна. Ялъя, түрүүлье гэхээсээ илүүтэй сайхан тоглоё гэж бодож л дэвжээнд гарсан. Бие биенийхээ тоглолтыг мэддэг болохоор их хүнд тоглолт боллоо. Бид анх удаа учраа таарч байгаа нь энэ.
Миний зорилго их том, улсын аваргын түрүүгээр хязгаарлагдахгүй. Би энэ тэмцээний өмнө жин нэлээн нэмсэн. Үнэнийг хэлэхэд жиндээ орж чадаагүй. Цаашдаа үндсэн жин болох 56 кг-д тоглоно” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Энэ тэмцээний үеэр улсын аваргын гурван алт, таван мөнгөн медальт О.Батхүү зодог тайллаа. Тэрбээр Э.Цэндбаатартай мөнгөн медалийн төлөө нэг үе тоглоод боксын бээлийгээ тайлсан юм. Өдгөө 34 настай О.Батхүү 20 жил зүтгэсэн боксчины замналаа өндөрлүүлж, дасгалжуулагч болохоор шийдсэн нь энэ. Тэрбээр их спортоос түр хөндийрч, АНУ-д 10 жил амьдарч байгаад 2015 онд дэвжээндээ эргэн ирж, хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэн, “Монгол туургатан”-д түрүүлсэн нь ясны боксных нь илрэл. О.Батхүү эх орондоо ирснийхээ дараа манай сонинд өгсөн ярилцлагадаа “Надтай хамт өрсөлдөж явсан У.Мөнх-Эрдэнэ боксын спортод үнэнч зүтгэснийхээ үр шимийг хүртэн, олимп, дэлхийн аваргын медальтан болсон. Би хожим харамсахгүйн тулд рингэндээ эргэж ирлээ” хэмээн өгүүлсэн.
Тэрбээр тив, дэлхийн дэвжээнд өрсөлдөж чадаагүй ч олимпийн медальтан бэлтгэж чадсан гэхэд хилсдэхгүй. Учир нь аливаа тамирчны амжилтад дотоодын өрсөлдөөн, бэлтгэл хангагч их чухал. Д.Отгондалайгийн жинд хүчтэй өрсөлдөгч байж, Риогийн олимпоос медаль хүртэх хэмжээнд бэлтгэлийг нь базаалцсан гавьяа О.Батхүүгийнх. Энэ жинд түүнтэй хамт Ц.Пүрэвсүрэн хүрэл медаль хүртлээ.