-“Алтан гран при” тэмцээнд К.Ичо оролцох юм байна шүү дээ, миний охин.
-Зүгээр ээ. Надад ялагдах гээд ирж байгаа юм.
П.Орхон 2016 онд Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран при” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордохын өмнө ээжтэйгээ ийн ярилцжээ. Хэдийгээр тоглоом наргиа байсан ч айсуй түүхэн ялалтыг зөгнөснөө тэрбээр мэдээгүй.
Эл тэмцээнд аваргын төлөө барилдаанд олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга К.Ичог ялж, дуулиан тарьсан. Үүний дараа Японы үндэсний шигшээ багийн захирал Казүхито Сакаэ “Энэ ялагдал олимпынх байгаагүй нь бидний аз” хэмээн дуу алдсан.
Учир нь энэ тэмцээнээс өмнө Каори Ичо 13 жилийн хугацаанд ганц ч ялагдаагүй, бүр сүүлчийн 25 барилдаанд өрсөлдөгчдөө нэг ч оноо алдалгүйгээр ялсан гарамгай бүсгүй юм.
Мэдээж , 2007 онд Азийн АШТ-д гэмтлийн улмаас Тайваний бөхтэй барилдаж чадаагүйг нь ялагдсан гэж үзсэнийг эс тооцвол шүү дээ.
Түүнд ялагдал гээчийг мэдрүүлж, бүр ганц ч оноо алдалгүй 10:0-ээр ялсан бахдам амжилтын эзэн нь олимп, дэлхийн аварга бус Азийн АШТ-ий мөнгөн медальтай П.Орхон байлаа.
Эл барилдааны дараа дэлхийн хэвлэлүүд Монгол бүсгүйн барилдааныг онцолсон билээ.
П.Орхон 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Багын сэргэлэн, цовоо, аливаад дүйтэй, адтай тэрбээр тэшүүр, шатар гээд спортын олон төрлөөр хичээллэжээ.
Гэхдээ түүний сэтгэлийг чөлөөт бөхтэй уясан хүн бол төрсөн ах П.Од-Эрдэнэ нь юм.
Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарын удирдлага дор 2007 оноос хичээллэж буй. Энэ спортоор замнаж, багшийнхаа шавь болсноос ердөө хоёр сарын дараа тэрбээр дүүргийн аварга болж, амжилтын гараагаа эхэлжээ.
Түүнээс хойш Армийн ДАШТ, Азийн АШТ, УАШТ, олон улсын тэмцээнээс олон медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгаж явна. П.Орхон 2013 онд олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан.
П.Орхон Казахстанд болсон олимпын эрх олгох тэмцээний 58 кг-д мөнгөн медаль хүртэж, “Рио-2016”-д оролцох тийзээ захиалсан. Гэхдээ тухайн эрхийг тамирчинд бус улсад нь өгдгийг манай уншигчид андахгүй.
Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, П.Орхон хоёрын алийг нь олимпод сойх нь спорт сонирхогчдын анхаарлыг гойд их татаж байв.
Улмаар Монголын чөлөөт бөхийн холбоо, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан ярилцаж, зөвлөлдсөний эцэст П.Орхоныг олимпод оролцуулсан юм.
П.Орхон Каори Ичог дахиад ялах, эсэхийг бөх сонирхогчид бараг амьсгаа даран хүлээсэн байх.
Харамсалтай нь, манай тамирчин “Рио-2016” олимпод оролцохдоо хоёрдугаар тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт В.Кобловад оноогоор цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгасан.
Гэхдээ тамирчин бүхний мөрөөдөл бослон олимпод оролцож, нэг ялсан нь чамгүй туршлага болсон нь мэдээж.
П.Орхон жин өгссөөр, амжилтаа ахиулсаар
Тэрбээр 2016 оны УАШТ-ээс өмнө олимпын бус жин болох 55 кг-д барилддаг байлаа. Улмаар олимпын жил гэдэг утгаараа өнгөрсөн жилийнхэд жин өгсөж, 58 кг-д барилдсан нь амжилтын үүдийг нээсэн гэхэд хилсдэхгүй.
2016 оны УАШТ-д 58 кг-д зодоглохдоо эхний тойрогт дотнын найз, ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийг ялсан.
Дараа нь удаах өрсөлдөгчдөө өвдөг шороодуулсаар аваргын төлөөх барилдаанд Э.Гантуяаг хожиж, улсын аваргын анхны түрүүгээ хүртсэн. Энэ бол гаргаад буй олон амжилтынх нь эхлэл байв.
Энэ жил УАШТ-д дахин жин өгсөн, 63 кг-д зодоглосон нь спорт сонирхогчдын анхаарлыг дахиад л татав. Учир нь энэ жинд олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг барилддагийг Та андахгүй биз ээ.
Тэд ч шилдэг гэдгээ баталж, шигшээд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд П.Орхон С.Батцэцэгийг оноогоор цэвэр ялан, түрүүлж, бас л шуугиулав.
Мөн энэ жилийн УАШТ-д эрэгтэйчүүдийн 70 кг-д түүний найз залуу, Армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа аварга болж, анхны түрүүгээ хүртсэнийг нь дурьдахгүй өнгөрч боломгүй.
Хар багадаа чөлөөт бөхийн дэвжээнээ танилцаж, өдгөө хоёр биенээ түшиж, тулж яваа нь тэдний амжилтад их нөлөөлж байгаа нь мэдээж.
Аваргыг ялж аварга болдог гэдэг дээ. Бэлтгэлээ уйгагүй базааж, хоёргүй сэтгэлээр зүтгэж л чадвал дэлхийн бахархал С.Батцэцэг, К.Ичо нар шиг мундаг тамирчин болж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийн дэвжээнд дуурсгах боломж П.Орхонд бий.