Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд энэ сарын 9-нд сэтгүүлчидтэй уулзаж, хэсэг бүлэг хүмүүс МСБХ-ны үйл ажиллагаанд саад хийж, холбооны тамга тэмдгийг булаан авахыг санаархаж байна хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Спортын төв ордонд цаг гаргаж өгөөгүйгээс “Дээд лиг”-ийг ирэх хоёрдугаар сард зохион байгуулах асуудал гацаанд орсон гэж буй. Тэгвэл уг хуралтай холбоотойгоор БТСГ-аас өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан. Энэ хуралд БТСГ-ын дарга С.Шаравжамцыг оролцох болов уу хэмээн таамаглаж байсан ч тэрбээр ирээгүй юм. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын спортын төв ордны менежер Г.Нямдорж оролцлоо. Тэрбээр “Манай байгууллагад “Дээд лиг”-ийг зохион байгуулах хүсэлт ирээгүй. Нэгдүгээр сар гараад спортын ордонд бусад төрлийн УАШТ-ийг зохион байгуулдаг. Энэ хугацаанд зөвхөн сагсан бөмбөгийн холбоонд заал түрээслүүлэх боломжгүй. Заалаа өгөхгүй гэсэн ямар нэг шийдвэр гараагүй байхад ийм зүйл ярьж буй нь буруу” гэсэн юм.
Харин МСБХ-ны нарийн бичгийн дарга С.Тулга “Бид “Дээд лиг”-ийг зохион байгуулах хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд өгсөн. Харамсалтай нь, ийм бичиг өгөөгүй гэсэн тайлбар авлаа. Тэгвэл өнөөдөр сэтгүүлч олны өмнө энэ хүсэлтээ өглөө” гэж ярив.